Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүхийн багц хуулийг хэлэлцэхээр болов
Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болоод эдгээр хуулийг дагалдан гарах хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлаар хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулсан юм.
Шүүхийн багц хуулийн хэрэгжүүлж эхлэх хугацааг нааш нь татаж, шүүхийн шинэтгэлийг эхлүүлэх ажлыг түргэвчлэх нь Монголд шударга ёс бэхжих, хараат бус шүүхийн тогтолцоо төлөвших, иргэдийн эрх, эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлийг хамгаалдаг шүүхийн шинэ тогтолцоог бүрдүүлэхэд ач холбогдолтой гэж төслийн танилцуулгад дурсан байна. Шүүхийн багц хуулийн гол зарчим бол төрд үйлчилдэг хуучны улс төржсөн шүүхийн тогтолцооноос илүү иргэндээ үйлчилдэг, тэдний эрхийг нь хамгаалдаг, шаардлагатай бол төрийн хууль бус шийдвэрийг ч хүчингүй болгож чаддаг, улс төр, бизнесийн бүлэглэл, хувь хүмүүсээс хамааралгүй ажиллаж чаддаг шүүхийн тогтолцоог бий болгож, төлөвшүүлэх явдал нь энэ хуулийн хамгийн гол амин сүнс нь аж. Энэ хуулийн төслийг байнгын хорооны гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн юм.
Мөн байнгын хорооны хурлаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга болон “Шүүгчийн орон тоо батлах тухай” тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэв. Энэхүү хуульд аймаг, нийслэлийн шүүхийг иргэний болон эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх болгон өөрчилж, нутаг дэвсгэрийн ойр байдлаар бүсчлэн, шүүх байгуулах газрыг Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд заасны дагуу байршуулжээ. Иймд хэргийн ачаалал, нутаг дэвсгэрийн ойр дөт байдлыг харгалзан 2-3 аймгийн давж заалдах шатны шүүхийг тойргийн журмаар эрүүгийн давж заалдах шатны 9 шүүх, иргэний давж заалдах шатны шүүх 9 шүүх гээд нийт 18 шүүхийг тойргийн журмаар байгуулахаар хуулийн төсөлд тусгасан байна.
Түүнчлэн сум дундын 29, Захиргааны хэргийн анхан шатны 22, дүүргийн эрүүгийн 4, иргэний 4 нийт 59 шүүхийг байгуулах аж. Сум дунд Захиргааны болон дүүргийн шүүхийг байгуулах тухай хуулийн төслийг боловсруулахдаа тухайн аймгийн нутаг дэвсгэрийн байршлаас үл шалтгаалан иргэдэд ойр сум, дүүрэгт харъяалуулсан нь шүүхийн үйлчилгээг иргэдэд аль болох ойртуулах гэсэн хуулийн үндсэн санаа бөгөөд шүүхийн үйлчилгээг ард иргэд хүндрэл, чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх, иргэдийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхийг хангах, гэмт хэргийн гаралт, хүн амын өсөлт зэргийг тооцож харъяаллыг тогтоосон байна.
Давж заалдах шатны шүүхэд одоогийн байдлаар 101 шүүгч ажиллаж байгаа бөгөөд 57 орон тоо нэмэгдэж 158 шүүгч ажиллахаар, захиргааны хэргийн анхан ба давах шатны шүүхэд одоо 76 шүүгч ажиллаж байгаа бөгөөд 36 орон тоо нэмэгдэж 112 шүүгч ажиллахаар, сум дундын шүүхэд 170 шүүгч ажиллаж байгаа бөгөөд 57 орон тоо нэмэгдэж 227 шүүгч ажиллахаар, дүүргийн шүүхэд 91 шүүгч ажиллаж байгаа бөгөөд 93 орон тоо нэмэгдэж 184 шүүгч ажиллахаар тогтоолын төслийг бэлтгэжээ. Сайдын хийсэн танилцуулгатай холбогдуулан асуул асууж, санал хэлэх гишүүн байгаагүй. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж тогтлоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан