Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ПАРЛАМЕНТАД СӨРӨГ ХҮЧНИЙ ХЭРЭГ БАЙНА УУ


-Олонхио дарамталж суух том дуутай “ах” буюу сөрөг хүчнийхний өшөө авалт эхэлжээ-


Монгол Улсын шинэхэн парламент дутуу дулимаг гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 76 түшээгээс хоёрынх нь суудал эзгүй хэвээр. Гэсэн хэдий ч хууль тогтоох ажлаа хийж сууна. Чуулганы нэгдсэн хуралдаан, Байнгын болон дэд хороо, ажлын хэсэг гээд бүтцийн байгууллагууд хаа нэг хуралдсан сураг дуулдах. Ингэж хэлэхийн учир нь, гишүүдийн ирц хангалттай бус байгаатай холбоотой юм.

Өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэх ёстой байсан ч ирц хүрээгүйгээс хойшлов. Хойшлох ч юу байх вэ цөөнхийн буруугаас үүдэн хоног хугацаа алдлаа гэхэд хилсдэхгүй. Уг нь, үүрэгт ажлаа хийн хууль тогтоох ёстой. Гэтэл “ах” нэртэй том дуутай намаас ард түмний төлөөлөл болон суугаа эрхэм түшээд санаатайгаар хуралд ороогүй гэхэд буруудах зүйлгүй. Хууль хэлэлцэн батлах хуралдаанд орохгүй, зогсолтгүй эргэх ёстой механизмд гацаа үүсгэн хойш чангаах нэг сайхан шалтаг бий.

Сайхан гэхээр зүй ёсны мэт харагдан арай л гоёдсон болчих байх л даа. Магадгүй тансаг, дээд зэргийн гэсэн утгатай санагдах нь гарцаагүй. Ерөнхийдөө та бидний сонголтыг эс хүндэтгэн, уландаа гишгэж байна гэвэл онох болов уу. Эрхэм хүндэт Ардын намын түшээдийн хэлж буй ганц өгүүлбэр нь буюу “Олонхи ирцээ бүрдүүлбэл чуулганы хуралдаанд орно” гэх цөөн хэдэн үг. Тодруулбал, өнөөдөр хууль тогтоох дээд байгууллагад олонхийн суудал авсан АН-ын гишүүд чуулганы танхимд олноороо цуглан, 50 хувьд хүрчихвэл орно гэж байгааг эндээс харж болох. Яагаад ийм шаардлага тавих болсон нь хачирхалтай. Зөвхөн олонхи ирцээ бүрдүүлэн хуулийн төслүүдийг хэлэлцэн, баталж, тогтоох ёстой хэрэг үү. Үгүй л баймаар. Хэрэв ийм хууль эрх зүйн заалт, журам байдаг бол сөрөг хүчний хэрэг байна уу. Цөөнх нь санал хэлж, хууль санаачлах гээд ч хэрэггүй мэт. Зүгээр алсаас барааг нь харан, гаргасан хууль, тогтоомжид нь шүүмж өгөөд л гэртээ суух нь дээр болов уу. Парламент дахь олонхи, цөөнх хоёул хамтран аливаа хуулийн сайн мууг хэлэлцэн, бурууг нь залруулж, зөвийг нь илүү сайжруулан явах ёстой гэдэг. Тэгвэл өнөөдрийн сөрөг хүчин ийм зүйл хийхийг хүсэхгүй, УИХ-ыг доромжилж, ард түмний эрх ашгийг үл хүндэтгэх мэт байна. Зөвхөн чуулганы хуралдааныг шантаажилж, хууль хэлэлцэхийг хойш чангааж байгаа мэт харагдавч цаанаа нийгмийн амьжиргаа, бүтээн байгуулалтын ажилд чөдөр болж, сонгогчдын итгэлийг хөсөрдүүлж сууна. Ер нь, иймэрхүү маягаар төрийн түшээ, сөрөг хүчин гэж явахаа больсон нь ч дээр байх.

Албан ёсны бүлэггүй байхдаа дур зоргоор аашлан дуртай цагтаа бүтцийн болон чуулганы хуралдаанд оролцдог байсан. Одоо ч тэрхүү зан нь хэвээр байх шиг. Бүлэггүй, сул гишүүдийн хувьд хуралдаан таслахад асуудал нэг их байхгүй. Харин албан ёсны бүлэгтэй улс төрийн хүчний хувьд бол өөр хэрэг юм. Ер нь, яах гэж бүлэгтэй болсон юм бэ гэсэн асуулт ч эндээс гарах.

Анхдугаар чуулганы дараа хууль зөрчсөнөөсөө болж эрхээ хасуулчихаад “Сонгогчдын 30, 40 хувийн сонголт үнэгүйдэж байна. Заавал бүлэг бий болгох ёстой” хэмээн өдөр шөнө, өглөө оройгүй л телевиз сонингоор ярьж, уйлах шахаж байсан нь саяхан. Олонхи тэдний хүслийг сонссон, төрийн тэргүүн ч биелүүлэхээр хуулийн төсөл санаачлан батлуулсан билээ. Гэтэл одоо тийм их тунирхлаар бий болгосон бүлэг нь огт хамаагүй болчих гэж.

Уг нь, парламент дахь улс төрийн хүчний бүлэг нь аливаад хариуцлагатай байх ёстой хууль тогтоох дээд байгууллагын албан ёсны бүтцийн нэг. Хэрэв хэлэлцэж байгаа асуудлаар санал нэгдэхгүй байгаа бол чуулганы хуралдаан дээр албан ёсны байр сууриа илэрхийлж завсарлага авах ёстой. Энэ эрх нь ч нээлттэй байгаа. Магадгүй МАН-ынхны хийж буй үйлдлийг өшөө авалт гэж тайлбарлаж ч болох талтай. Анхдугаар чуулганаас хойш чамгүй олон сар бүлэг байгуулах эрхийг нь хааж боосон гэж үзэж, тайлбарласан ардын намтангууд  тэрхүү хорслоо гацаа үүсгэн тайлж буй мэт.

Гацаа үүсгэх тухай яриа аль эртнээс гарч байсан. Залуу гишүүд нь бүлэггүй болсондоо хорссон уураа нам дотроо илэрхийлж “Ахмад настай гишүүд нь ийм зүйл болно гэдгийг мэдсэн юм бол хэлэхгүй яасан юм бэ. Хэрэв бүлэгтэй байсан бол өнөөдөр сайхан гацаа үүсгэн, завсарлага аваад явж байхгүй юу” гэж хэлсэн нь өнөөдөр онигоо мэт хүн бүхний ам дамжин яригдаж байна. Ерөнхийдөө хууль тогтоох байгууллагын тогтвортой ажиллагаанд саад хийж, чөдөр тушаа болох нь МАН-ынхны ирэх дөрвөн жилд хийх ажил бололтой. Уг нь, хүчтэй сөрөг хүчин болно гээд байсан.

Тэгвэл хүчтэй сөрөг хүчний дуу хоолой бус, чадварлаг гацаагчид болж мэдэх талтай. Үүгээрээ өшөө хорслоо тайлж, сэтгэл нь уужрах нь. Цаашид чуулган тасалдуулдаг бүлэг, тасалдаг гишүүдтэй хариуцлага тооцдог болохсон.
0 Сэтгэгдэл
man muusai lalaruud bolimoor yumaa
Хамгийн их уншсан