Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.ЭРДЭНЭБАТ: ХУУЛИЙН ТӨСЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ЭРГЭЖ ХАРАХ ХЭРЭГТЭЙ

УИХ-ын чуулганы хуралдааны ирц хүрэхгүй гэх шалтгаанаар хэд хэдэн удаа хойшилж байсан. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгээс ирц бүрддэггүй асуудлыг цэгцлэх үүднээс хуулийн төсөл өргөн барихаар болсон. Энэ талаар тус бүлгийн ахлагч Д.Эрдэнэбатаас тодрууллаа.
 
-Танай намын бүлэг УИХ-ын чуулганы ирцийг бүрдүүлэх хуулийн төсөл боловсруулна гэж байсан. Хуулийн төсөлд ямар заалт тусгасан бэ?
-Хуулийн төсөл бэлэн болсон. Маргааш /өнөөдөр/ УИХ-ын даргад өргөн барьж, энэ долоо хоногт Байнгын хороогоор хэлэлцүүлнэ. Бид парламентын үйл ажиллагаа, УИХ-ын ирц, хууль тогтоох чадвар тогтвортой явагдах ёстой гэж үзэж байгаа. Энэ утгаараа хууль санаачлах саналаа гаргасан. Хуулийн төслийг 12 гишүүн санаачилсан бөгөөд АН-аас бусад намын гишүүд ч багтсан.  Уг хуулийн төсөлд УИХ дахь намын бүлэг хуралдааны үйл ажиллагааны дэгийг чанд сахиж, 50 болон түүнээс дээш хувиар ирцээ хангаж оролцуулах үүрэг хүлээнэ гэдгийг тодотгож оруулсан юм. Хэрэв энэ үүргээ чуулганы хугацаанд наймаас дээш удаа биелүүлж чадаагүй бол бүлгийг татан буулгаж, эрх нь дуусгавар болсонд тооцно.

-Намын бүлгийг татан буулгах заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалттай зөрчилдөхгүй юү?
-Үндсэн хуульд бүлгийн тухай ганцхан заалт байдаг ч энэ нь эх хуульд нь байхгүй. Бүлгүүдийн хариуцлагыг нэмэгдүүлснээр хариуцлагагүй бүлгийг татан буулгах нь Үндсэн хуулийн зөрчил биш. Үндсэн хуулийн тулгуур зарчим нь парламентат засаглал дээр тогтдог. Парламентын засаглалыг хариуцлагатай болгох асуудлыг хуульчилсан нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл биш шүү дээ.

-Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын зарим гишүүн хурууны хээгээр ирц бүрдүүлэх хуулийн төсөл өргөн барьсан. Үүнд танай бүлэг ямар байр суурьтай байна?
-Хурууны хээгээр санал авах гэж байгаа бол санал хураалт нэг цагт явагдах ёстой. Санал хураалт тогтмол цагт бүх гишүүн санал өгдөг боломжийг хангах хэрэг гарна.
Хэрэв үүнийг шийдвэл төсөв мөнгөний асуудлыг ч давхар ярих болно. Парламентын зүгээс хурууны хээгээр санал авах төхөөрөмж, УИХ-ын цахим технологийг боловсронгуй болгох санал гаднаас ирсэн юм билээ. Энэ бүхнийг нэг дор шийдэх үүднээс асуудлыг авч үзэж байгаа. Уг хуулийн төслийн хэд хэдэн хуулийн заалтыг эргэж харах хэрэгтэй. Үүнд ажлын хэсэг гарч ажиллах нь зүйтэй.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан