Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хилийн боомтын тухай хуулийн төсөл нэг алхам урагшлав
Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Хилийн боомтын тухай хуулийн төсөл болон уг хуулийг дагалдан гарах хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцлээ. Манай улсад 46 боомт ажилладаг байна. Үүнээс 29 нь хой хөрштэй, 13 нь урд хөрштэйгээ хуурай газраар хиллэдэг бол агаарын замын дөрвөн боомт байдаг аж. Нийт боомтын 14 нь олон улсын чанартай, 11 нь хоёр талын байнгын ажиллагаатай, 14 нь улирлын чанартай боомт байдаг бол долоон боомт нь дамжин өнгөрүүлэх боомт байгаа аж. Хэдийгээр ийм олон боомт байгаа хэдий ч ОХУ болон БНХАУ-ын боомттой манай улсын боомтын хөгжлийг харьцуулахад тэнгэр газар шиг ялгаатай байгаа. Тиймээс боомтын хөгжлийг сайжруулах, тэнд ажиллаж байгаа иргэдийн нийгмийн асуудлыг шийдэх талаар ямар нэгэн нэгдсэн бодлогогүй явсаар ирсэн байна.
Тухайлбал, хилийн боомт дээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд өөрсдөө барилга барьж, зам, талбайгаа өргөтгөдөг аж. Тэрчлэн шаардлагатай хөрөнгөө улсын төсөвт суулгах, гадны эх үүсвэрийг олох, захиалагчийн хяналт тавих зэрэг үүргийг гүйцэтгэж иржээ. Түүгээр ч зогсохгүй хөгжлийн нэгдсэн төлөвлөгөө, зохицуулалт байхгүйн улмаас хилийн боомтод төрөөс үзүүлж байгаа үйлчилгээ цаг үеийн шаардлага, бизнес эрхлэгч, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, шаардлагыг хангаж чадахгүй байгааг хууль санаачлагчид хэлсэн юм. Тодорхой хэлбэл, хилийн боомтуудын хувь заяанд Монголын төр хоноцын сэтгэлээр хандаж байжээ. Уг нь хилийн боомт нь бизнес эрхлэгчдэд хамгийн чухал үр нөлөө үзүүлэх ёстой. Тиймээс хилийн боомтыг хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, гадаад худалдааг хөнгөвчлөх, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай болгох зорилгоор Хилийн боомтын тухай хуулийн төслийг боловсруулсан гэдгийг хууль санаачлагч хэлж байв. Хэрэв энэ хууль батлагдвал Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцүүлэн хилийн боомтыг хөгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэж, хилийн боомтыг зөвхөн дамжин өнгөрөх, шалган нэвтрүүлэх бүс бус, эдийн засаг, бизнесийн хөгжлийн төв болгон хөгжүүлэх ажлыг Боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэйгээр зохион байгуулах боломж бүрдэх аж. Мөн гадаад худалдаа эрхлэх эрх зүйн орчин сайжирч, гадаад худалдаа эрхлэхэд учирч байсан саад, бэрхшээл, хүнд суртал буурч, хилийн боомтод хийж буй хяналт шалгалтын ажлын үр нөлөө дээшилж, давхардал арилна гэж төсөл санаачлагчид үзжээ. Энэ хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэдгийг хамтарсан байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжиж байлаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, хүний эрх зөрчигдөх тохиолдол урд хөршийн хилийн боомтод гардаг. Хятадын тал дуртай үедээ хилээ хааж, ядарсан наймаачдын эрхийг зөрчдөг. Ийм байж болохгүй. Үүнийг зохицуулах хэрэгтэй гэв.
Мөн УИХ-ын гишүүн М.Батчимэг, хил, гаалийн албан тушаалтан, зарим тохиолдолд дипломат паспортоор хил нэвтэрдэг, амралтын өдрүүдээ тэнд өнгөрүүлдэг, үр хүүхэд, гэр бүлийнхэн нь хөнгөлөлттэй үнээр хөрш улсад эмчлүүлдэг, эсвэл суралцдаг гэх мэт асуудал бий гээд ийм байдлаар авлигыг цэцэглүүлж, ашиг сонирхлын зөрчилд холбогдож байгааг зохицуулах хэрэгтэй гэсэн юм.

Д.Мөнх
0 Сэтгэгдэл
Боомтын захиргааг байгуулж болноо.Тэглээ гээд Хилийн шалган нэвтрүүлэх албыг ГИХА-д өгч байгаан ямар учиртай юм бэ? Монгол улсын хил дээр бас нэг том даргын бизнес,хувийн компани байгуулагдаж байна гэж ойлгохуу? Хилчид 80-н жилийн хугацаанд наад албыг чинь ямарч асуудалгүй залгуулж явсан юм шүү.Муусайн новшнуудаа.........
Хамгийн их уншсан