Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хуулийн дагуу санал хураахыг үүрэг болгов

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох зургаа дахь удаагийн сонгууль энэ лхагва гарагт болно. Орон нутагт сонгуулийн бэлтгэл ажил хэр хангагдсан талаар Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд харьяа газрынхантайгаа цахим хурал хийлээ. Аймгуудын сонгуулийн хороонд тулгамдаж буй асуудалд тус газрын дарга Ч.Содномцэрэн хэрхэн хариулсныг хүргэе.


Завхан: Хэсгийн хороодод багш нар ажиллаж байгаа. Тэдний цалин­гийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?
Ч.Содномцэрэн: Энэ удаагийн сонгуульд төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид ажиллаж байгаа. Багш нарын нэмэлт, урамшуулал цалингийн асуудлыг их тавьдаг. Энэ асуудлыг ярилцана. УИХ дээр энэ талаар ярихад “Төрийн албан хаагчид үүргээ биелүүлж байж цалин урамшуулал авах нь буруу” гэж загнуулсан. Би багш хүн. Сайн ойлгож байгаа. Ажлын хөлс урамшуулал авах ёстой. Ямартай ч, энэ тухай УИХ-д дахин танилцуулаад хариу өгье.

Өвөрхангай: Манай аймагт 95 хэсгийн хороо байгуулсан. Цагдаагийн ажилтнууд хүрэлцэхгүй байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Ч.Содномцэрэн: Хэсгийн саналын хуудас хүргүүлснээс хойш бүх хэсгийн байрыг цагдаагийн хамгаалалтад авах хуулийн заалт бий. Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, Цагдаагийн Ерөнхий газрын дарга Б.Билэгтэд энэ талаар анхааруулсан. Энэ асуудлаа аймгийн Цагдаагийн газартайгаа ярьж, хүн хүчээ нэмэгдүүлэх тухай албан бичиг явуулах хэрэгтэй. Аймаг, нийслэл, дүүргийн Сонгуулийн хорооны гаргасан шийдвэрийг бүх шатны албан тушаалтан, албан байгууллага биелүүлэх үүрэгтэй.

Өмнөговь: Сонгуулийн ажилд 700 гаруй төрийн албан хаагч дайчлагдан ажиллаж байна. Хилийн цэргийн хоёр отряд бий. Тэнд байгаа сонгогчдын саналыг авахад шатахууны туслалцаа хэрэгтэй байна.
Ч.Содномцэрэн: Шатахууныхаа тооцоог хийгээд СЕХ-нд нэн даруй явуулаарай. Аймгууд тооцоо судалгаагаа бодитой хийнэ шүү.

Сүхбаатар: Зөөврийн битүүм­жилсэн хайрцгаар 898 иргэн саналаа өгөхийн 391 нь цэргийн албан хаагч. Тэдний саналыг зөөврийн хайрцгаар энэ сарын 26-нд авах саналыг хэсгийн хорооноос гаргасан. Үүнийг шийдэх боломжтой юу?
Ч.Содномцэрэн: Зөөврийн би­түүмжилсэн хайрцгаар 25-нд санал авах ёстой. Санал авах өдөр буюу 26-ны өглөө тэдний саналыг уншуулах ёстой. Тиймээс хуулиа л мөрдөж ажиллах шаардлагатай. Аймгийн төвд байрлаж байгаа Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд байсан ч зөөврийн хайрцгаар л саналаа өгнө. Харин ажиглагч бүртгэх ажлыг хуулийн хугацаанд хийнэ.
Ихэнхи аймаг зэвсэгт хүчний болон хилийн цэргийн ангиудад алба хааж буй албан хаагчдын саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авахад шатахуун хэрэгтэйг хэлж байв. Харин Ховд аймгийнхан “Сонгогчдын нэрсийн жагсаалтад орсон иргэдийн тооноос саналын хуудас дутуу ирсэн. Ихэнхи суманд бороо орж, зарим газар үер болсон. Үерээс болж хоёр хэсгийн хороонд санал тоолох автомат машин хүргэж чадаагүй” гэв. Үүний хариуд Ч.Содномцэрэн “Хуульд заасны дагуу санал авах байрт ямар нэг аргаар санал тоолох машиныг хүргүүлсэн байх ёстой. Гол ус ихтэй байгаа нь хамаагүй. Аймгийнхаа Онцгой байдлын хэлтэстэй холбоо барь” хэмээн үүрэг болгов.
0 Сэтгэгдэл
Найрамдалд Шижирийн аманд 4га газар яaралтай хямд зарна. 50505505
Хамгийн их уншсан