Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Баярцогт: Тойроггүй байж та нар хаашаа, ямар шалтгаанаар явах юм бэ

УИХ-ын гишүүд хоорондоо талцаж маргалдан зарим нь бүр нөгөөгөө илт дорд үзсэнээр төсвийн байнгын хорооны хуралдаан эхлэв. Хоёр өөр намын гишүүд үзэл бодол нийлэхгүйгээс  болоод ширүүн маргаан өрнүүлдэг явдал хэвийн үзэгдэл ч энэ удаа арай өөр сэдвээр бие биетэйгээ барьцаж, зарим хэрүүл нь бүр газар авах шинжтэй болоод явчихав. УИХ-ын өнгөрсөн оны сонгуулийг шинэ системээр явуулж, сонгуулийн тойргоос 48, намын нэрсийн жагсаалтаар 28 гишүүн сонгогдсон билээ. Ингэснээр тойрогтоо очиж, сонгогчиддоо  ажлаа тайлагнадаг 48, хэнд ажлаа тайлагнах нь тодорхойгүй 28 гишүүн гарч ирсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүдийн дунд маргаан үүссэн юм.

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын ирэх оны Төсвийн төслийн талаар УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга Б.Болдбаатар танилцуулав. Түүний өгсөн мэдээллээр ирэх оны хууль тогтоох байгууллагын төсвийг 8687.1 сая төгрөг байхаар тусгаж, чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдааны танхимын камерын болон санал хураалт, микрофоны системийг шинээр авч тавих, шинэчлэх зардалд 2555.0 сая төгрөг зарцуулахаар тооцоолсон байна.

Уг төсөв өнгөрсөн оны батлагдсан төсвөөс 927.6 сая төгрөгөөр буюу 4.6 хувиар, хөрөнгө оруулалтын төсвийн төсөл 3404.6 сая төгрөгөөр буюу 8.2 дахин нэмэгдэхээр байгаа  аж. Түүний  мэдээллийн дараа байнгын хорооны гишүүд тойргоос сонгогдсон гишүүд бие төлөөлөгчөө нэмэх шаардлагатай гэсэн яриа гарч, сүүлдээ эцэс төгсгөлгүй маргаан дагуулав. УИХ-ын гишүүд нэг туслах, зөвлөх, хоёр бие төлөөлөгчтэй аж.Намын жагсаалтаар сонгогдсон гишүүд орон нутагт бие төлөөлөгчөө суулгах шаардлагагүй. Тиймээс нэрсийн жагсаалтаар гарч ирсэн 28 гишүүний хоёр бие төлөөлөгчийг хасан үлдсэн 48 гишүүнд хуваарилан томилох хэрэгтэй гэсэн саналыг тойргоос сонгогдсон зарим гишүүн гаргасан нь нэрсийн жагсаалтаар сонгогдсон эрхмүүдийг “шатаав”.


Л.Эрдэнэчимэг гомдол мэдүүлэв

Орон нутгаас сонгогдсон гишүүдэд газар нутгийн хол ойроос хамааран томилолтын зардал харилцан адилгүй өгдөг юм байна. Харин нийслэлээс сонгогдсон гишүүдэд мөнгө хуваарилдаггүй учир хувийнхаа зардлаар бүх зүйлийг амжуулдаг хэмээн Л.Эрдэнэчимэг гишүүн гомдоллов. Тэрээр “Би Сонгинохайрхан дүүргийн 280 мянган иргэнтэй уулзах үнэхээр хүнд. Манай дүүргийн хүн ам Архангай, Сүхбаатар аймгийн иргэдийг зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү. Газар нутгийн хэмжээгээрээ ч томоохонд ордог. Хоёр бие төлөөлөгчтэйгээр ийм том дүүрэгт ажил хийхэд хүндрэлтэй байдаг. Тиймээс энэ асуудлыг шийдэж, нэг бие төлөөлөгч нэмж авах саналтай байна. Жагсаалтаар орж ирсэн гишүүд бас хоёр бие төлөөлөгчтэй байх жишээтэй. Бие төлөөлөгчид унаагүй. Гишүүнийхээ авч өгсөн унаа шатахуунаар явдаг. Тиймээс жижиг аймагтай харьцуулан хүн амын тоо зэргийг нь харгалзан үзэж зардлыг нь шийдвэрлүүлмээр байна” гэв.
Харин М.Зоригт “Орон нутаг ажиллахад гишүүдэд жилд хуваарилсан мөнгө нь нэг удаа томилолтоор ажиллахад ч хүрдэггүй. Тухайлбал, надад жилд 8.7 сая төгрөг хуваарилсан байдаг юм. Түүнийг хоёр дахин нэмэгдүүлэх саналтай байна. Би багуудаараа ажиллахын тулд 5.6 мянган км зам туулдаг учир тэр мөнгө хаанаа ч хүрдэггүй” хэмээн мөн л гомдоллоо.


С.Баярцогт Д.Эрдэнэбатыг хариуцлагагүй зүйл ярьсан гэж дүгнэлээ

“Сонгуулийн тухай хууль батлах үеэр паралель систем буруу. Хэрэв ийм системээр явбал төсвийг нь хязгаартай сонгож өгөх ёстой. Намын нэрсийн жагсаалтаар сонгогдсон гишүүдэд бие төлөөлөгч байх шаардлагагүй. Тэр хүмүүст захиа ирдэггүй. Ирж байгаа хэдэн захиа нь Өргөдлийн байнгын хороонд очиж байгаа. Тиймээс намын нэрсийн жагсаалтаас сонгогдсон гишүүдийн хоёр бие төлөөлөгчийг тойргоор сонгогдсон гишүүдэд хуваарилж өгөх ёстой. Нэрсийн жагсаалтаар сонгогдсон гишүүд түүнийгээ ойлгож, ямар нэг зүйл ярих хэрэггүй” хэмээн С.Баярцогт гишүүн хэлэв.

Үүнд эгдүүцсэн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “УИХ-ын гишүүдийг тойрогтоо, тойроггүй гэж ялгаварладаг нь буруу. Үндсэн хуульд бид нэг эрхтэй. Бидэнд захидал ирдэггүй гэж ярьж байгаа чинь буруу. Нэгэнт шийдсэн асуудлыг битгий сөхөж ярь. Баталсан зүйлийг дахиж задалж яриад байх юм” хэмээхэд С.Баярцогт “Баталсан зүйл байхгүй. Өнгөрсөн жил Төсвийн байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэж байхад нэрсийн жагсаалтаар сонгогдсон гишүүдийн орон нутагт байгаа хоёр бие төлөөлөгчийг байхгүй болгоё гэсэн шийдвэр гаргасан нь хэрэгжээгүй” гэлээ.

Харин Д.Эрдэнэбат “Гишүүдийг хоёр хувааж байна. Бид намын шугамаар орон нутагт ажиллаж хууль сурталчлах ажил хийдэг” хэмээн хэгжүүрхэн өгүүлэхэд С.Баярцогт “Тойроггүй байж яах гэж хаашаа ямар шалтгаанаар явдаг юм. Та дандаа хариуцлагагүй зүйл ярьж байх юм” хэмээн бухимдлаа.    


Ахмад гишүүн Д.Дэмбэрэл С.Баярцогтод зөвлөгөө өгөв

Нэрсийн жагсаалтаар сонгогдсон гишүүдэд С.Баярцогт хатуухан үг хэлсэн нь Д.Дэмбэрэл гишүүнийг багагүй бухимдуулав. Тэрээр “УИХ-ын гишүүдийн хооронд ялгаа зааг байж болохгүй, намын нэрсийн жагсаалтаар сонгогдсон бид тойрогт биш улс орондоо ажлаа хийдэг. Биднийг тойроггүй гээд хийх ажилгүй зүгээр суудаг юм шиг санах хэрэггүй. Гишүүдийг хооронд нь ялгаварлаад нэгэнд нь бие төлөөлөгч байж болдог, нөгөөд нь байх ёсгүй гэх зүйл байхгүй. Чи наад зан аашаа зас. Ойрд чиний араншин их эвдэрч байгаа шүү. Сэлэнгэ аймгийг ганцхан чамд өмчлөөд өгчихсөн юм уу. Бид УИХ-ын гишүүнийхээ хувьд Монгол орны хаана ч очиж томилолтоор ажиллах эрхтэй.
Сүүлийн үед чи гишүүд рүү дайрч давшлаад байх шиг байна. Бид яачихсан юм” хэмээхэд С.Баярцогт “Та УИХ-д олон удаа сонгогдсон хүн. Битгий бүдүүлэг загна. Эсвэл та өнгөрсөн жил УИХ-ын дарга байхдаа нэрсийн жагсаалтаар сонгогдоно гээд намынхантайгаа тохиролцсон юм байна” хэмээн хариу барив.   
Энэ мэт маргааныг эцэслэн шийдвэрлэх аргагүй байсан учир Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн гишүүн М.Зоригт, Л.Эрдэнэчимэг нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураахаа хойшлуулан, тэднийг саналаа татаж авахыг хүсэв. УИХ-ын төсвийг хэлэлцэж байх хооронд тэд судалгаа хийх юм байна. УИХ-ын сонгуулийг можаратор системээр явуулсан бол гишүүд улс орны амин чухал асуудлуудаа хойш тавин энэ мэтийн хэрэггүй зүйлд маргалдаж, талцаад сууж байхгүйсан. Тиймээс дараагийн сонгуулийг цоорхойгүй явуулах нь хэн хэндээ хэрэгтэй гэдгийг энэ зориуд тэмдэглэн хэлмээр байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан