Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГИШҮҮД ХЭРХЭН НААДАМЛАХ ВЭ
Дэлгэр Монголоороо дэнж хотойтол наадах наадам маргааш эхэлнэ. Наадмын уур амьсгал хаа сайгүй орж, хотын гудамжаар хөл хөдөлгөөн ихэсчээ. УИХ-ын чуулган ч өнөөдөр завсарлаж, хотол түмнээрээ наадамлах гэж байна. Монгол наадмаа хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар УИХ-ын зарим гишүүнээс сонирхсон юм.

Ц.Даваасүрэн: Морь уяж байгаа болохоор наадмын нээлтэд оролцож чадахгүй


-Үндэсний их баяр наадмаа хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх вэ?
-Би морь уядаг учраас эрийн гурван наадмын нэг төрөлд оролцож, баяраа тэм­дэглэн өнгөрүүлдэг. Энэ жил 2-3 насанд морь сойж байгаа. Сун­гаанаас морьдынхоо үзүүл­сэн амжилтыг харж байгаад Үндэсний их баяр наадамд оролцуулах эсэхээ шийднэ. Энэ жил дөрвөн даншигтай. Даншигт оролцох бодол байна. Гэхдээ морьдын маань уяа сойлго ямар байгаагаас шалтгаалах байх. Баярын өг­лөө азарганы уралдаан болдог учраас наадмын нээлтэд оролцож чаддаггүй юм.
-Таны морьдын уяа сойлгыг ямар уяач тааруулж байгаа бол. Хэдэн насны морь уяж байна вэ?
-Уламжлалаа дагаж эх­ний ээлжинд зургаан насны морь сонгодог. Уяа сойлгыг нь тааруулж байгаад аль насных нь морьд илүү байна, түүнийг уралдуулна. Одоогийн байдлаар 2-3 насны морины маань уяа сойлго сайн таарсан.
-Таны морьд Хөвсгөлд байдаг уу?
-Үгүй. Өөр газар байдаг юм. Харин уяачид нь манай нутгийн залуус. Үндэснийхээ хувцсаар гоёдог. Аймгийн маань наадам Үндэсний их баяр наадамтай давхцаж байгаа учир энэ жилдээ очиж чадахгүй байх.

М.Зоригт: Гэртээ бөх үзэх дуртай

-Наадмаа хаана тэмдэглэх вэ?
-Үндэсний их баяр наадамд ихээхэн ач холбогдол өгдөг. Миний хамгийн дуртай баяруудын нэг учраас шимтэн үздэг шүү. Морь, сур, шагай гээд наадмаар үзэж харъя гэснээ үзчихдэг. Харин гэртээ бөхөө үзэх дуртай. Энэ жил манай Сүхбаатар аймгийн наадам улсын баяр давхцаж байгаа. Тиймээс аймгийн иргэдтэйгээ хамт наадамлах байх.
-Наадмын гоёлоо зэхсэн үү?
-Үндэснийхээ хувцсаар гоёдог. Сар шинийн баяр,наадмаар аавынхаа ногоон болон бор  торгон дээлийг өмсөж, хөөргөө барьдаг. Миний наадмын гангараа шүү дээ. Хэн сайн баярлаж, цэнгэж байна тэр хүн ажил хийж чаддаг. Тиймээс хотол түмнээрээ сайхан наадаарай гэж хэлье.

Ц.Оюунбаатар:  Энэ жилийн наадмаар гэртээ байна

Барилдаж, хурдан морь унаагүй малчны хүүхэд гэж байхгүй. Одоогийн УИХ-д малчин хүний хүүхэд маш цөөхөн. Гарын арван хуруунд багтана шүү. Би хүүхэд байхдаа мал маллаж, тэмээ хариулж, хурдан морь унаж өссөн.
Монголчууд дэнж хотойтол сайхан наадах ёстой. Баяр наадам маань ч цэвэр байх хэрэгтэй. Хурдан морь, үндэсний бөхөд ямар нэг найраа байх ёсгүй. Хурдан морьдоос ч гэсэн допингийн шинжилгээ авах хэрэгтэй юм шиг санагддаг. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хоёр бөхтэй тэмээг оруулах хэрэгтэй.
Дэлхийд байхгүй хоёр бөхтэй тэмээ ганц Монголд байна шүү дээ. Би энэ жилийн наадмаар гэртээ байна. Баяр ёслолын зарим арга хэмжээнд оролцоно.
С.Заяа
0 Сэтгэгдэл
Төрийн түшээд хэрхэн яаж наадамлах вэ гэхээсээ олон түмэн, иргэд наадамлах вэ гэмээр юм даа
Хамгийн их уншсан