Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ПАРЛАМЕНТЫН “СУЛ” ГИШҮҮД ЭРХЭЭС ИЛҮҮ ҮҮРГЭЭ УХАМСАРЛААСАЙ
Манай улс 1992 оноос хойш можаратор системээр сонгуулиа явуулж ирсэн. Энэ системээр хууль тогтоох байгууллагыг бүрдүүлэх улсын хэмжээнд 76 тойрогт өрсөлдөн 76 гишүүн ард түмний төлөөлөл болон сонгогддог байв. Гэтэл можаратор системд давуу болон сул тал их бий гэсээр сонгуулийн тогтолцоог өөрчлөн, УИХ-ын өнгөрсөн сонгуулийг шинэ системээр явуулахаар тухайн үеийн их хурлын гишүүд шийдэж, үүнийгээ нүдээ олсон мэргэн шийдвэр хэмээн ярьж байв. Ингээд одоогийн УИХ-д сонгуулийн тойргоос 48, пропорционалиар буюу намын нэрсийн жагсаалтаар 28 гишүүн сонгогдсон билээ. Ингэснээр тойрогтоо очиж сонгогчиддоо ажлаа тайлагнаж, санал бодлыг нь сонсдог 48, ажлаа хэнд тайлагнах нь тодорхойгүй 28 гишүүнтэй болов. Шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуульд тэднийг Монгол орны өнцөг булан бүрт очиж ажиллах эрхтэй гэж заасан ч “таньж мэдэхгүй газар руу” явж ард иргэдтэй уулзах нь Мянгуужингийн үлгэр болох биз. УИХ-ын чуулган завсарласан өдрүүдэд тойрогтой гишүүд иргэд сонгогчидтойгоо уулзаж, хууль тогтоох байгууллагаас батлагдан гарсан хууль, тогтоолын төслийн талаар танилцуулж, өмнө нь гарсан хуулиудын хэрэгжилттэй танилцан аймагтаа болон олон нийтэд тулгамдаж байгаа асуудлыг сонсч, холбогдох газруудаар шийдвэрлүүлэхийн төлөө хүчин зүтгэдэг. Гэтэл тойроггүй гишүүд энэ мэт зүйлд санаа зовж, цаг гарздахын зовлон гэж үгүй. Чуулган завсарласан 2-3 сарын хугацаанд гадаад дотоодод амрангаа, зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж суудаг. Зарим нь бүр нэгнийхээ боловсруулсан хуулийн төслийг хамт боловсруулсан хэмээн нэрээ оруулаад нүглийн нүдийг гурилаар хууран хувь хувьсгалын ажлаа амжуулж явах нь ч бий.
УИХ-ын гишүүд нэг туслах, зөвлөх, хоёр бие төлөөлөгчтэй. Намын жагсаалтаар сонгогдсон гишүүд ч мөн адил аймаг болгонд тус бүр хоёр бие төлөөлөгчтэй юм байна. Тойрогтой гишүүдийн бие төлөөлөгч тойроггүй гишүүдийнхээс харьцангуй ачаалал өндөртэй ажилладаг учир бие төлөөлөгчдийнхөө тоог нэммээр байна хэмээн тэд гомдоллох болсон. Ингэхдээ УИХ-аас дахин төсөв мөнгө гаргалгүй намын нэрсийн жагсаалтаар сонгогдсон 28 гишүүний хоёр бие төлөөлөгчийг хасан тойрогтой 48 гишүүндээ тус бүр нэг нэгээр нь хуваарилъя гэх саналыг зарим гишүүн гаргаад байгаа. Өмнө нь ч ийм санал гарч дэмжигдэж байсан ч хэрэгжилгүй тэгсхийгээд өнгөрсөн гэнэ. Тойроггүй гишүүдэд орон нутагт бие төлөөлөгч байх шаардлагагүй. Төсвөөс сул хүмүүсийг цалинжуулж, орон тоо бөглүүлж татвар төлөгчдийн мөнгөнд үрэлгэн хандаж байгаа нь зүйд нийцэхгүй байна. Тухайн орон нутгаас тойроггүй гишүүнд хандан захиа явуулбал тойрогтой гишүүдийн бие төлөөлөгч нь хүлээн авч, нийслэлд ажилладаг туслахад нь дамжуулж эсвэл УИХ-ын бүтцийн байгууллага болох Өргөдлийн байнгын хороонд хүргүүлэх замаар асуудлыг шийдвэрлээд явж болно. Тэгвэл жил ирэх тусам нэмэгдэж байгаа УИХ-ын төсөв улам данхайж, үрэлгэн зардал гарахгүй байх талтай. Ганц жишээ дурдахад ирэх оны хууль тогтоох байгууллагын төсвийг 8687.1 сая төгрөг байхаар тусгасан нь өнгөрсөн онд батлагдсан төсвөөс тав орчим хувиар нэмэгдсэн тоо гэнэ. Энэ жил дахиад л чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдааны танхимын камерын болон санал хураалт, микрофоны системийг солих юм байна. Зөвхөн энэ ажилд 2555.0 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Мэдээж ирэх оны төсөвт гишүүдийн болон туслах, бие төлөөлөгч, зөвлөхүүдийн цалин, орон сууцны дэмжлэг тусгагдсан. Энэ мэт зүйлийг бодолцон тойроггүй гишүүд С.Баярцогт гишүүний хэлдгээр олон зүйл ярилгүйгээр асуудлыг шийдэж болох байсан ч заавал бие төлөөлөгчтэй байх ёстой хэмээн улайрах болов. Тэд үүнийгээ “УИХ-ын гишүүн бүр адил тэгш эрхтэй” гэж заасан. Ингэж ялгаварлах явдал байх ёсгүй” хэмээн тайлбарлаж байгаа. Үнэндээ тойрогтой, тойроггүй гэдгээр нь гишүүдийг ангилан төсвийг нь харилцан адилгүй хуваарилсан бол ийм маргаан гарахгүй байв.
Нөгөөтэйгүүр гишүүдийн хамгийн чухал ажил нь хууль батлах. Гэтэл бие төлөөлөгчтэй, төлөөлөгчгүй байх ёстой, ёсгүй хэмээн талцан мэтгэлцэж, улстөржүүлэх нь хэнд ч хэрэггүй зүйл. Түүний оронд улс орноо хэрхэн хөгжүүлэх, хууль эрхзүйн орчноо яаж сайжруулах вэ гэдэгт дүн шинжилгээ хийж, нүдээ олсон хуулийн төсөл боловсруулж суувал хэн хэндээ хэрэгтэй баймаарсан. Нэгэнт ард түмний талархлыг хүлээсэн ажил хийж, хууль санаачлаад эхэлбэл ирэх сонгуулиар сонгогчид тань дахиад л итгэл хүлээлгэж, өөрсдийнхөө өмнөөс хууль тогтоох байгууллагад сонгох нь гарцаагүй. Тиймээс талцаж маргалдалгүйгээр сайн хууль батлахын төлөө хичээнгүйлэн ажиллах цаг болсныг гишүүддээ дуулгая.

С.Заяа

0 Сэтгэгдэл
huvi hun hogjij baij ulsuin ajil uragshilna
Хамгийн их уншсан