Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГИШҮҮД ХААГУУР АМАРЧ БАЙНА ВЭ
УИХ-ын хаврын чуулган завсарлаад 20 орчим хонож байна. Чуулган завсарласан өдрүүдэд зарим гишүүн тойрогтоо ажиллахын зэрэгцээ хуулийн төсөл боловсруулж байгаа бол ихэнхи нь амарч буй аж. Долдугаар сард амралт, зугаалгын үе учир төрийн байгууллагууд ч “амралт”-ын байдалтай байгаа билээ. УИХ-ын зарим гишүүн хаана, юу хийж байгааг хүргэе.
 

Б.БОЛОР ГИШҮҮН АЙМГИЙНХАА ОЙГ ҮЗЭХ ГЭЭД ЗАВГҮЙ

УИХ-ын гишүүн Б.Болор чуулган завсарласан өдрүүдэд тойрогтоо ажиллаж байгаа гэнэ. Тэрээр ажил амралтыг хослуулж яваа аж. Учир нь Архангай аймгийн түүхт 90 жилийн ой энэ сарын сүүлээр тохиож байгаа. Аймгийнхаа ойг үзэж, нутгийнхаа үзэсгэлэнт газраар явж аялж зугаалахын зэрэгцээ сумдад ажиллах юм байна.
Одоогоор тэрээр 5-6 суманд очиж сонгогчидтойгоо уулзаж, УИХ-аас гаргасан хууль тогтоомжийн талаар танилцуулж, өмнө гарсан хуулийн хэрэгжилтийн явцтай танилцсан байна. Ирэх сарын 15 гэхэд нийслэлд ирэх аж.


Д.ЭРДЭНЭБАТ ГИШҮҮН ЖИРГЭЭЧДИЙГ ХУУШУУРААР ДАЙЛАХ НЬ


УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нийслэлд амарч байгаа аж. Тэрээр идэвхтэй жиргэдэг гишүүдийн нэг. Чуулган завсарласан учраас харьцангуй завтай байгаа учир өглөөнөөс орой хүртэл жиргээнд байх нь хэвийн үзэгдэл болсон. Тэрээр өчигдөр жиргэхдээ жиргээчдийг хуушуураар дайлахаа мэдэгджээ. Ингэхдээ Хэрлэн голын хөвөөнд байрлах “Ноён тур” жуулчны баазад “хуушуурдалт”-аа хийхээр болсон байна. Жиргээчдийг өөрийн гарын хуушуураар дайлахаа мэдэгдэж, үүнийгээ “Хорхогтой, хуушууртай, хөгжимтэй, хөгжилтэй уулзалт болно шүү” хэмээн тодорхойлж, хүрэлцэн ирэхийг уриалжээ. Мөн энэ үеэр тэрээр хонь гаргаж, эр хүн гэдгээ харуулах гэнэ. Учир нь, сүүлийн үед монголчууд хэт хотжиж, идэшнийхээ малыг гаргах эр хүн ховордоод байгаа.
Уг цугларалтад очихыг хүссэн жиргээчид тус жуулчны баазыг зорих боломжтой гэсэн.
 

А.БАКЕЙ ГИШҮҮН 20 ГАРУЙ ХОНОГ АМАРНА


УИХ-ын гишүүн А.Бакей нийслэлд байгаа гэнэ. Тэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тойрогтоо ажиллаад ирсэн учир хэсэг хугацаанд амрахаар шийджээ. Тэрээр 20 гаруй хоног амрах бөгөөд амралтаа дуусгаад мөн л тойрогтоо ажиллах аж.
Энэ үеэр УИХ-аар хаврын чуулганы хугацаанд батлагдан гарсан хууль тогтоомжийг сонгогчдод сурталчилж, өмнө гарсан хуулийн хэрэгжилттэй танилцах юм байна. Харин Үндэсний их баяр наадмын үеэр Турк улсад албан ажлаар яваад ирсэн гэнэ.
 

С.ОЮУН ХҮҮХДҮҮДТЭЙГЭЭ ЦАГИЙГ ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА ГЭВ
УИХ, Засгийн газрын гишүүн С.Оюун яамны ажлаас болоод төдийлэн амарч чадахгүй байгаа аж.
Түүнтэй холбогдоход “Ерөнхий сайд яамдын сайд нарыг 10 хоног амарч болно гэсэн. Гэхдээ амарч чадахгүй байгаа. Ажлаа хийж байна. Зарим амарсан өдрөө зусландаа хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөж байна” гэв. Мөн Хуульзүйн сайд Х.Тэмүүжин ажил ихтэй учир амарч чадахгүй байгаа аж.

С.Заяа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан