Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.БАЯРСАЙХАН: ГАЗРЫН ТУХАЙ БАГЦ ХУУЛИЙГ НАМРЫН ЧУУЛГАНААР БАТАЛНА
УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан хаврын чуулганаар хийсэн ажлаа сэтгүүлчдэд танилцуулав. Тус байнгын хороо 11 удаа хуралдаж, 22 асуудал хэлэлцсэн байна. Үүнээс тогтоолын төсөл тав, хяналт шалгалтын ажил хоёр, тайлан мэдээлэл есыг хэлэлцүүлсэн аж. Түүнчлэн байнгын хорооноос нийт 56 албан бичиг явуулж тайлангийн хугацаанд 11 тогтоол гаргаж, ажлын хэсэг 16 удаа хуралджээ. Тухайлбал, тус байнгын хороогоор хэлэлцэж байсан Л.Энх-Амгалан, С.Баярцогт, Б.Болор, Д.Ганбат нарын гишүүний санаачилсан Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэн наадмын өмнө баталжээ. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Үйлдвэр хөдөө аж ахуйн салбарт 253 тэрбум төгрөгийг “Чингис” бондоос өгсөн. Энэ мөнгийг ноос, ноолуур зэрэг үндэсний үйлдвэрлэгчдэд урамшуулал хэлбэрээр олгохоор болсон. Тэд мөнгөө авч, ажлаа эхэлсэн үү?

-УИХ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих үүднээс жилийн долоон хувийн хүүтэй бонд гаргах тогтоол гарсан байдаг. Энэ тогтоолын хэрэгжилтийг түргэтгэх талаар манай байнгын хороо хуралдаж, Засгийн газарт үүрэг болгосон. Засгийн газраас уг тогтоолын дагуу арга хэмжээ авч, ажил хэрэг болгож байгаа байх. Арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд тодорхой хэмжээний хөнгөлөлттэй, таван жилийн хугацаатай зээл олгох юм. Мөн малчдад арьс ширний урамшуулал олгоно. Энэ ажил эхнээсээ үр дүнгээ өгч байгаа.
-Газрын тухай багц хуулиар танай байнгын хороо 2-3 удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ хууль чуулганы хуралдаанаар удаа дараа хойшлогдож байгаа нь ямар шалтгаанаас болоод байна вэ. Нөгөөтэйгүүр гадаадын мэргэжилтнүүдээс зөвлөгөө авсан гэсэн. Тэд ямар зөвлөгөө өгсөн бэ?
-Газрын тухай багц хуульд таван хууль багтана. Газрыг албадан чөлөөлөх тухай хуулийг Барилга хот байгуулалтын яамнаас өргөн барьсан. Газрын харилцаатай холбоотой, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой чухал хууль юм. Тиймээс уг хуулийг заавал хаврын чуулганаар багтааж батална гэж ойлгож болохгүй. Байнгын хороо уг хуульд ажлын хэсэг гаргаж, нухацтай судалж байна.
Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг 16 удаа хуралдсан. Хуулийг намрын чуулганаар үргэлжлүүлж  хэлэлцэнэ. Газар албадан чөлөөлөх тухай хуулийг хэлэлцэх явцад гишүүд нэрнээсээ эхлээд зөрчилтэй зүйл их байна гэж шүүмжилсэн учир Засгийн газраас уг хуулийг эргүүлэн татаад байна. Гэхдээ бид нийслэлээ хөгжүүлж, барилгажих ёстой. Газар чөлөөлөх асуудлаас болж зарим оршин суугчтай үл ойлголцох маргаан гарч байгаа нь үнэн. Энэ хуулийг иргэдээ хохироолгүйгээр цаашид хэлэлцээд явах ёстой. Нөгөөтэйгүүр Газрын тухай багц хуулиудад газар чөлөөлөх талаар тодорхой заалтуудыг оруулах боломжтой. Уг хуульд гадаадын судлаачид санал дүгнэлтээ өгсөн. Тухайлбал, зарим оронд газар чөлөөлөхөд тухайн байршилд амьдарч буй иргэдийн 70 гаруй хувь нь улсаас санал болгож буй үнийг зөвшөөрсөн тохиолдолд уг газрыг чөлөөлөх эрхзүйн орчин бүрддэг гэсэн. Бид энэ мэт туршлагыг судалж байна.  
С.Заяа
0 Сэтгэгдэл
Энэ газар чөлөөлөх бол нуглаа комун байгуулах нэгдэл байгуулахтай адил
Хамгийн их уншсан