Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЕРӨНХИЙ САЙД 30 МИНУТАД ЮУ ЯРИВ
Ерөнхий сайд сэт­гүүл­чид­тэй долоо хоног бүр 30 ми­нут болзож, асуултад нь хариулдаг билээ. Хоёр долоо хоног амраад ирсэн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг өчигдөр сэтгүүлчидтэй уулзлаа. Тэрээр амрах хугацаандаа хөдөө орон нутагт өрнөж буй авто замын засварын ажилтай танилцаад иржээ. Зүүн чиглэлд Дорнод, баруун чиглэлд Увс аймаг хүртэлх замын ажлын явцыг шалгасан байна. Дорнод аймаг хүртэлх хатуу хучилттай авто замын ажлыг “Насны зам” ком­пани авсан ч гүйцэтгэж ча­даагүй учраас таван шинэ ком­панид өгчээ. Энэ замыг арван­нэгдүгээр сар гэхэд хүлээлгэж өгөхөө гүйцэтгэгчид Ерөн­хий сайдад амласан гэ­лээ. “Насны зам” компани 173 км замыг барих ёстой ч ахиц муутай байсан учир ийн­хүү олон компанид ажлыг нь ху­ваан өгч шуурхайлахаар болжээ.
Харин баруун тийшээ Архангай аймгийн Тариат сум хүртэл 100 км замын ажлын гүйцэтгэгчийг удахгүй сонгох аж. Архангайн Цахир сумаас Завхан аймгийн Тосонцэнгэл хүртэлх 127 км хатуу хучилттай замын ажлыг “Хурдын зам” ХХК гүйцэтгэж байгаатай танилцсан байна. Уг замыг 2014 оны аравдугаар сард хүлээлгэж өгөх ёстой. Тосонцэнгэл-Улиастай чиг­лэ­лийн замын ажлын гүйцэтгэгч хараахан тодроогүй учир удах­гүй ямар компанид хариу­цуулахаа шийдэж, ажлыг эхлүүлэх болно гэдгээ Ерөнхий сайд хэллээ. Мөн Тосонцэнгэл сумаас Хяргас нуур хүртэлх 300 км замын ажлыг эзэнтэй болгоно гэсэн юм. 12 аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох ажил үлдээд буй гээд тэрээр хийж чадаж байгаа компаниар ажлыг гүйцэтгүүлнэ гэж онцоллоо. Замын чанарыг Зам тээврийн яам анхааралдаа авч ажиллаж байгаа, баталгааны тухайд технологи нь тус бүртээ өөр учраас янз бүр байдаг гэсэн хариулт өглөө.
Оюу тойлгойн далд уурхайн ажил зогссон талаархи мэдээлэлд ямар байр суурьтай байгааг нь сонирхоход Ерөнхий сайд Н.Алтанхуяг баяжмалаа гаргахад хоёр ч удаа хойшилж байсан. Монгол Улсын Засгийн газар хувь нийлүүлэгчийн хувьд талуудтай уулзахад санал нийлэх, зөрөх асуудал гардаг. Тэгэхдээ л бид ярилцаад баяжмалаа гаргасан. Оюу толгой төсөлд анхны хөрөнгө оруулалт өссөн гэх мэт асуудал гарч байгаа. Хоёр дахь шатны санхүүжилт хэрэгтэй байгаа. Үүнийгээ ярилцъя гэснээс далд уурхайг хаах талаар хандаагүй. “Рио тинто”-гийн зүгээс ярилцаж, хэлэлцэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ бол хууль учраас хуулийнхаа хүрээнд асуудлыг шийднэ. Оюу толгойн ТУЗ байхад Загсийн газар ямарваа асуудалд оролцохгүй. ТУЗ ажлаа сайн хийх ёстой гэж Засгийн газрын тэргүүн байр сууриа илэрхийлэв.
Гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн үед хумигдах болсонд Засгийн газар ямар бодлого баримталж ажиллах талаар сонирхоход тэрээр ингэж хариуллаа. Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах хуулийг 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө баталсан. Үүнээс болж гадаадын хөрөнгө оруулагчид болгоомжлох болсныг Шинэчлэлийн Засгийн газар залруулсан. Төрийн өмчийн компани манай улсад хөрөнгө оруулахдаа зөвшөөрөл ав­даг байхаар зохицуулсан. Ам.дол­ларын ханшийн өсөлт, “Хадгаламж” банкийг Төрийн банкинд нэгтгэсэн зэрэг асуудлыг тэрээр Монголбанкны шийдэх хүрээний зүйлүүд гэж тайлбарлав. ТЭЦ II-ыг түшиглэж байгуулахаар болсон утаагүй түлшний үйлдвэрийнхний ашиглах гээд буй технологийг нэвтрүүлэхэд цаг хугацаа их орох учраас энэ жилдээ нүүрсээ түлэх нь тодорхой болжээ. 18 тэрбум төгрөгийн тендер авсан мөртлөө өнөөг хүртэл утаагүй түлш үйлдвэрлэж чадахгүй байгаа нь ашиглаж болохгүй технологи хэрэглэх гэж байгаатай холбоотой гэсэн юм. Гадаад, дотоодын компаниуд өөрсдийн хөрөнгөөр утаагүй түлшний үйлдвэр байгуулах саналаа Засгийн газарт хэлсэн байна. Налайхын уурхайн аюулгүй байдлыг анхаарч ажиллахыг үүрэг болгосоноос хаах тухай огт хөндөөгүйг хэллээ. Таван толгойгоос нүүрс олборлож буй “Эрдэнэс Таван толгой” компани өр дарахаар ажиллаж, 350 сая ам.доллар төлөхөөс “Чалко” компанид 180 сая ам.доллар барагдуулах үлдсэн гэсэн юм.
Ерөнхий сайдыг эзгүй үеэр сурагчдын дүрэмт хувцасны та­лаар нэлээд маргаан өрнөс­нийг дурдаад ямар учиртайг нь тайлбарлаж өгөв. Дүрэмт хувцас үйлдвэрлэгч оёдлын компаниуд Засгийн газрыг анхаарал хандуулахыг хүссэн аж. Тиймээс тэдэнтэй хэд хэдэн удаа уулзаж нэгдсэн холбоо байгуулж, түүгээрээ дамжуулж ажиллахаар бол­жээ. Сурагчдын дүрэмт хувцас үйлд­вэрлэхэд 23 тэрбум төг­рөг наадмын өмнөхөн ший­дэж өгсөн байна. Гэтэл өм­нөх жилүүдэд сурагчдын дү­рэм хувцсыг өөр улсад хийлгээд нийлүүлдэг байсан оёдлын үйлдвэрүүд үүнийг нь эсэргүүцэж, янз бүрийн хэл ам гаргаж. Дотоодын үйлд­вэрүүдээ дэмжсэн уг бодлогыг эсэргүүцэж байгаа нь ч гэсэн өөрсдөө эх орондоо хувьцас оёх ёстойг сануулжээ. Ингэж дотоодын үйлдвэрүүдээр сурагчдын дүрэмт хувцас хийлгэхэд 51 тэрбум төгрөг Монголдоо үлдэж, 5000-6000 оёдолчин ажилтай, орлоготой болж байгааг Ерөнхий сайд онцлон дурдлаа. Шинэ дүрэмт хувцас өмнөхөөсөө 2000-15000 төгрөгөөр үнэ нь нэмэгдэж байгаа гэв.
Ийнхүү Ерөнхий сайдын 30 минутад уул уурхай, зам, бүтээн байгуулалт зэргийг хөндсөн асуултад хариулт өгснөөр өндөрлөлөө.
Л.Номин
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан