Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Ганбаатар: Ажилчдыг ажлаас нь халж дарамталдаг нь Рио Тинтогийн гаршсан арга
УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр Оюутолгойн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр, “Рио Тинто компани Монголын засгийн газарт өрийн бичиг тулган шаардаж байна. Үүнийгээ хүлээн зөвшөөрүүлэхийн тулд ажилчдыг олноор нь халж байна. Энэ бол тэдний хийж сурсан ажил. Энэ компани дэлхийд энэ аргаараа л алдартай. “Рио Тинто” компани сүүлийн үед үндэслэлгүй, олон мэдэгдэл цацаж, Монгол Улсын нэр хүндийг олон улсад унагаж, Монголын Засгийн газрыг ард иргэдэд нь муугаар харагдуулах гэж улайран зүтгэж байна. 1700 хүнийг ажлаас нь халсан нь Засгийн газрын буруутай үйлдэл мэтээр харагдуулах гэсэн оролдлого” хэмээсэн юм.
Мөн түүний хэлж байгаагаар Оюутолгой төслийн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ 5.1 тэрбум ам.доллар гэж баталсан байтал түүнийгээ 6.2 тэрбум ам.доллар болгосон. Гэтэл өнөөдрийн байдлаар 14.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан гэж ярьж байна. Цаашид энэ тоо өснө. 24.4 тэрбум ам.долларт хүрэх тооцоо гаргасан. Үүнийгээ Монголын ард түмэн, Засгийн газраар хүлээн зөвшөөрүүлэх гэж байна. Хэрэв үүнийг Монголын Засгийн газар хүлээн зөвшөөрвөл Оюутолгойн ашгаас жил бүр 180 сая ам.долларын өрөнд өгөх болно. Ингэж зуучилснаараа Рио Тинто 5.7 тэрбум ам.доллар аваад зогсохгүй менежментийн төлбөрт 1.4 тэрбум ам.долларыг нэмж авна. Монголчууд 2046 он хүртэл ямар ч ногдол ашиг хүртэхгүй. Ийм байтал Монголын Засгийн газрыг сөгдүүлэх гэж олон улсын гэрээ конвенцийг шууд зөрчиж байна гэж эрхэм гишүүн хэлсэн юм.
УИХ-аар анхны хөрөнгө оруулалтыг 5.1 тэрбум ам.доллар гэж баталсан. Үүнд одоогийн гацаагаад буй далд уурхайг ашиглах ТЭЗҮ нь ч багтсан гэдгийг тэрээр онцолсон юм.   
Үнэхээр анхны хөрөнгө оруулалт өөрчлөгдсөн бол түүнийхээ задаргааг гаргаж тайлбарлах ёстой. Гэтэл Оюутолгой компанийн удирдлагууд өдий болтол хөрөнгө оруулалтын задаргаа тайлбарлахгүй байгаа нь хууль бус гэдгийг С.Ганбаатар гишүүн онцлоод энэ тухайгаа ширээний ард сууж ярилцах хүсэлтийг тухайн компанийн удирдлагуудад дөрвөн удаа явуулаад байгаа аж. Харин Оюу толгой компанийн зүгээс ямар ч хариу өгөөгүй байгааг хэллээ. Тиймээс монголын ард түмэн эв нэгдэлтэй байж, асуудлын нэг талд гарч эл асуудлыг хариуцаж байгаа сайд дарга нараа муучлах бус ирээдүй хойч үеийнхээ төлөө тэмцэхийг уриалж байлаа.

Д.Мөнх

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан