Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

240 км төмөр замын далангийн ажил 1300 км авто замынхтай дүйцнэ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт барьж буй Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын газар шорооны ажил амжилттай үргэлжилж байна. “Энержи Ресурс Рейл” ХХК-ийн “Samsung C&T” компанитай байгуулсан гэрээний эрх үүргийг журмын дагуу “Монголын төмөр зам” ТӨХК-д шилжүүлэн авч суурь бүтцийн барилгын ажлыг гүйцэтгэж байгаа юм.

Энэхүү ажлын явцтай Зам тээвийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал П.Бат-Эрдэнэ нар танилцаж, ерөнхий гүйцэтгэгч “Samsung C&T” компанийн инженерүүд ажлаа тайлагнав. Үүнээс өмнө Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Л.Батчулуун, Засаг даргын орлогч Д.Нацагдорж, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Түвшинбаяр, орон нутгийн “Таван толгой” ХК-ийн захирал Р.Сэддорж болон албаны бусад хүнтэй уулзлаа.

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа шинэ төмөр замын төслийг ерөнхийд нь танилцуулж, ажлын явцыг хамт очиж үзэхээр болсон юм. Өнгөрсөн жилийн хувьд гүйцэтгэгч компаниуд 112 хоног ажиллахдаа газар шорооны ажлын 12 хувийг гүйцэтгэсэн байна. Харин энэ жил 70 хоног ажиллахдаа 16 хувийн гүйцэтгэлтэй явааг энэ үеэр онцоллоо. Замын ажлын нийт усны төлбөрийг үндсэн тарифаар нь тооцоход 1.2 тэрбум төгрөг болох тооцоо гарчээ.

Үүнийг дагаад төслийн өртөг өсөх магадлалтай учир орон нутгийн удирдлагын зүгээс ойлголцож, дэмжих боломж байгааг хөндөв. Ерөнхий сайдын албан даалгавар гарч орон нутгийн удирдлага төслийн ажлын явцад туслалцаа үзүүлж ажиллахыг даалгасан. Сумын удирдах төвшний хүмүүс малчдад төслийн ач холбогдлыг ойлгуулж, газар чөлөөлөхөд анхаарахыг хэлсэн юм. Дайрганы гурван үйлдвэр байгуулах “Эсто” ХКК-ийн хүсэлтийг Баян-Уул сум шийдсэн. Цогтцэций, Ханбогд сум зөвшөөрлөө өгөөгүй байгааг анхааралдаа авч, яаралтай шийдүүлж өгөхийг аймгийн удирдлагуудаас хүслээ.

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун улсын хэмжээний томоохон бүтээн байгуулалтын төсөл хэрэгжиж байгаа учир дэмжиж ажиллахад бэлэн, Зам тээврийн сайд А.Гансүх тус аймагт ажиллахад ярилцсан асуудлуудыг шийдвэрлэхээр болсныг дуул­галаа. Энэ нь дайрганы үйлдвэрийн зөвшөөрлийг сумын удирдлагууд яаравчлуулан бүтээн байгуулалтын ажилд дэм болох юм.     
Төмөр замын доод бүтцийн ажил гүйцэтгэгч “Эсто” ХХК, “Мапроуд” ХХК, “Билэгт зам” ХХК-ийн хийж байгаа газар шорооны ажлыг энэ үеэр үзэж, танилцсан юм. Эхлээд очсон “Эсто” ХХК-ийн ажил зургаан хувиар хоцорч явж байсан ч тоног төхөөрөмжөө нэмэгдүүлж, эрчимжүүлж байгаа аж. Эдний хуваарьтай газарт хоёр өртөө, таван зөрлөг багтжээ. Тиймээс гүйцэтгэх газар шорооны ажлын хэмжээ харьцангуй их гэнэ. Уурхайн хажуугаар тойрч гарах 14,8 км зам, 300 метр өргөнтэй, 10 зэрэгцээ замтай томоохон өртөөний талбайн газар шорооны ажлыг хийж байв. Таван толгойн уурхай хажуугаар тойрон өнгөрөх эргэлтийн хэсэг нь 5 км замтай байх аж.

“Эсто” ХХК-ийн замын инженер Г.Цолмон ”Манай компани 2012 онд төмөр замын төсөлд гэрээ байгуулан өнгөрсөн оны зургадугаар сараас ажлаа эхэлсэн. 2012, 2013 онд таван байрлалын ухмал буюу төмөр замын хэллэгээр сэтэрхий гэсэн байдлаар ажлаа гүйцэтгэсэн. Таван байрлалын ухмал нь 270 орчим шоо метр. Мөн дүүргэлтийн ажил буюу далангийн ул шорооны ажлын гүйцэтгэл 400 орчим шоо метр байгаа. Нийт 700 орчим шоо метр газар шорооны ажил хийсэн. Энэ нь нийт төслийн хүрээнд 50 орчим ажлын хувьтай байна. Төслийн талбайд “Эсто” компанийн 160 орчим ажилтан, алба хаагч ажиллаж байгаа. Мөн 80 орчим техник төхөөрөмжтэйгээр ажлаа явуулж байна. Ирэх аравдугаар сарын 30 гэхэд гэрээний хугацаа дуусна. Гэрээний хугацаандаа ажлаа хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна” гэлээ. 

Үүний дараа “Мапроуд” ХХК-ийн ажлын талбайд очлоо. Нийт 880 шоо метр газар шорооны ажил хийж, 98 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. 13 км зам хариуцаж аваад өнгөрсөн оны долдугаар сараас ажлаа эхлүүлсэн бол энэ жил тавдугаар сард ажилдаа гарчээ. Аравдугаар сард газар шорооны ажлаа төлөвлөсний дагуу дуусгахаар ажиллаж байгаа гэлээ. Одоогийн байгаа зам дээр дахиж 13 км зам хүлээн авсан байна. “Хотын зам” ХХК энэ замыг хариуцаж авсан ч хариуцлагагүй,  ажил муу гүйцэтгэсэн учир “Мапроуд” ХХК-д нэмж өгчээ. Эднийд 100 орчим ажилчин хоёр ээлжээр 24 цаг ажиллаж байгаа аж.

Төслийн ерөнхий гүйцэтгэгч “Samsung C&T” компанийн инженерүүд энэ үеэр ажлаа тайлагнаж явсан учир ийм мэдээлэл өглөө.
“Samsung C&T” компа­нийн инженер Ли Мүү Сунг ““Samsung C&T” компани Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа энэ төслөөр эхэлж байгаа гэж ойлгож байна. Ер нь ямар ч төсөл эхний үедээ заавал хүндрэлтэй тулгардаг. Бүх зүйл бэлэн байна гэж байдаггүй. Энэ төсөлд ч гэсэн бидэнд эхний үед асуудал, хүндрэл тулгарч байсан. Түүнийгээ хугацаанд нь Засгийн газартай зөвшилцөөд шийдээд явсан. Бид өмнө нь хэрэгжүүлж байсан төслүүдийн туршлагаас ашиглаад Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төслийг амжилттай хэрэгжүүлнэ гэж итгэж байгаа. Цаашид өөр олон төсөлд хамтарч ажиллах болно” гэлээ.
Хүйтэрч газар хөлдөхөөс өмнө төсөлд оролцож буй гүйцэтгэгч компаниуд газар шорооны ажлаа хийж дуусах юм. Харин өвөлдөө дараа жил хийх ажлынхаа бэлтгэлийг хангаж, дайрга, хайрга бутлуурын үйлдвэрээ барьж байгуулах юм байна. Ингээд рейс төмөр тавихаас өмнөх хучилтад шаардлагатай чигжээс чулууг үйлдвэрлэхээр бэлтгэсэн байгааг сонирхлоо. Одоогоор зарим тоног төхөөрөмжөө суурилуулж, шалгаж байгаа аж. Нэг цагт 350 тонн чулуу бутлах хүчин чадалтай уг үйлдвэрээс гарсан чигжээс чулууны чанарыг Хятадын компанид эхлээд шалгасан байна. Үүнийгээ дахин шалгуулж, шинжлүүлэхээр БНСУ руу явуулсан гэдгээ “Samsung C&T” компанийн инженерүүд танилцууллаа. 

Харин “Билэгт зам” ХХК-ийн ажлын талаар ерөнхий инженер нь мэдээлэл өгөв. “Билэгт зам” ХХК-ийн ерөнхий инженер Б.Буянхишиг “Манай компани 30 км төмөр замын суурь бүтцийн ажил гүйцэтгэж байгаа. Энэ төслийг газар шорооны ажлын хувьд хамгийн ихийг нь гүйцэтгэж байна. 160 орчим ажилтан, 100 орчим тоног төхөөрөмжтэй ажиллаж, гүйцэтгэл 62 хувьтай яваа. Ажлаа хугацаанд нь чанартай гүйцэтгэж дуусгахаар зүтгэж байна. Манай гүйцэтгэгч компаниуд туршлага сууж, хөдөлмөр аюулгүй хамгааллын талаасаа сайн хяналтын дор ажиллаж байна. Энэ нь дараа дараагийн төсөлд ажиллах чадвартай болоход нөлөөлнө гэж бодож байгаа”  гэсэн юм.

Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд саад болсон нэгэн айл байгааг бид өмнө нь хөндөж бичиж байсан. н.Чинболд хэмээх нутгийн малчных төмөр замын трасст орсон хэдий ч одоо болтол нүүж газраа чөлөөлөөгүй байгаа нь ажилд саад болоод байгаа юм. Уг айлынхан байр, машин зэрэг их хэмжээний хөрөнгө гаргаж өгвөл нүүж газраа чөлөөлнө гэсэн учир газар шорооны ажил айлын хоёр талд очоод түр зогсчээ. Өмнөговь аймгийн ЗДТГ-т алба хашдаг Чинбат хэмээх хүний төрсөн дүү учир ингэж өөрийн дураар авирлаж байгаа гэсэн мэдээлэл байгаа юм. Энэ талаар аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдоржид дуулгаж, сумын удирдлагуудыг ч гэсэн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд саад тотгор учруулахгүй байхад анхааруулахыг хүссэн юм. Зам тээврийн сайд А.Гансүх хэдхэн хоногийн өмнө төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцахад малчин Чинболдтой уулзсан боловч биднийг очиход ч газраа чөлөөлөөгүй хэвээр байлаа. Төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг явж үзсэн аймгийн Засаг даргын орлогч сэтгэгдийг хуваалцлаа. Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж Монгол Улсын эдийн засгийг урагшуулах том бүтээн байгуулалт эрч хүчтэй явж байна. Технологийн өндөр горимтой, нэгж ажлыг маш олон давтаж ажилладаг уйгагүй хөдөлмөр ордог юм байна. Өнгөрсөн жил геологийн судалгаа, шинжилгээ хийж байсан бол энэ жил бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явж байгааг харлаа. Төмөр зам баригдсанаараа орон нутгийн хөгжилд ялангуяа байгаль экологийн хувьд ач холбогдолтой. Олон км  шороон замаар ачаа тээвэр хийх биш төмөр замаар нүүрс тээвэрлэхэд орон нутаг болон улсын төсөвт орох орлого ч нэмэгдэнэ. Орон нутгийн удирдлагын зүгээс энэ бүтээн байгуулалтад ямар дэмжлэг үзүүлэх, ард иргэддээ төмөр замын ач холбогдол, эдийн засгийн үр өгөөжийг ойлгуулж, сурталчлахад анхаар­на. Замын трасст орсон 12 айлын асуудлыг ойлгуулж, янз бүрийн олон шаардлага тавьж байгааг нь багасгахаар орон нутаг шинэ төмөр замын ажлыг дэмжиж ажиллах болно” гэлээ.


Б.Батзаяа: Төмөр замын төсөлд ажиллагсдын 80 орчим хувь нь 35 хүртэлх насны залуус

Төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцсаны дараа Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяатай ярилцлаа. 

-Төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Өмнөх удаа ирж ажил шалгаснаас хэр ахицтай байна вэ?
-Шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай өнгөрсөн тав, зургадугаар сард ирж танилцсан. Ерөнхийд нь дүгнэхэд компаниудын ажил нь жигдэрсэн байна. Солонгосын “Samsung C&T” компанийн менежментийн багийн удирдлага дор ажил гүйцэтгэж байгаа. Одоогийн байдлаар 12 компани ажил гүйцэтгэж байгаагийн нэг нь л Хятадынх бусад нь дотоодын компани. Хяналт сайн хийж байгаа нь ажлын гүйцэтгэлээс харагдаж байна. Туслан гүйцэтгэгч дотоодын компанийнхантай уулзахад маш их зүйлийг сурч, мэдэж байгаагаа хэллээ. Ажил гүйцэтгэж байгаа арга барилаас нь харахад сахилга бат, хөдөлмөр хамгаалалт өөр болсон байна. Өнөөдрийн байдлаар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 860 орчим хүн, 600 гаруй машин, механизм ажиллаж байгаа. Машин техник, хүн хүчээ нэмээд энэ жил оногдсон ажлаа хугацаанд нь дуусгана гэж төлөвлөж байна. Доод суурийн бүтэц буюу далан байгуулах ажлын 90 хувь нь дуусах юм. Хиймэл байгууламжийн ажил ирэх жил дуусна.

-Ажиглаад байхад гүйцэтгэгч компаниудад залуучууд голдуу ажиллаж байна. Боловсон хүчний талаар мэдээлэл өгвөл?
-Ухаа худаг-Гашуун сухайтын төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа нийт ажиллагсдын 80 орчим хувь нь залуучууд. Дундаж наслалт 35 орчим байна. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр энэ том бүтээн байгуулалтын ажилд залуучууд оролцож байгаа нь маш том ирээдүй байна гэсэн үг юм. Захиалагчийн хяналтыг гүйцэтгэж байгаа “Монголын төмөр зам” ТӨХК-ийн залуучууд маань туршлагатай инженерүүдээс суралцаад дараагийн төслүүдэд бие даагаад ажиллахад суралцах боломж нээгдэж байна. Монголын бүтээн байгуулалтад гадаадын нарийн мэргэжлийн инженерүүд ажиллаж байгаа нь монгол залуус ажил сураад авах  томоохон боломж юм.

-Цаашдаа энэ төсөлд ажиллах ажилчдын тоо нэмэгдэнэ гэж байсан?
-Одоо нийт 240 орчим км замын 120 км-т гүйцэтгэгчид шалгараад ажиллаж байна. 120 км замын ажилд 860 хүн ажиллаж байгаа гэхээр цаашдаа 1500 орчим хүрэх болов уу гэсэн таамаг байна. Гэхдээ үүнийг “Samsung C&T” компанийнхан мэднэ.

-Ажлын явцад хүндрэл, бэрхшээл хэр тохиолдож байна вэ?
-Хүндрэл бэрхшээл харьцангуй гайгүй. Зам тээврийн сайд Гансүх хэдхэн хоногийн өмнө газар дээр нь ирж ажилласан. Ингэхдээ Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Бат-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Бадраатай уулзсан. Тулгарч байгаа бэрхшээлүүдийн талаар ярилцсан. Энэ ажлын дагуу биелэлтийг ярилцахаар аймгийн ИТХ-ын даргатай миний бие уулзлаа. Орон нутгийн зүгээс газар чөлөөлөлтийн асуудал, түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах, худаг ус гаргахад бүх талаасаа хамтарч ажиллана гэсэн. Нэг талаасаа малчид, иргэд маань 100 хувь төрийн ажлыг Монгол Улсын эдийн засагт том үүрэг гүйцэтгэнэ  гэдгийг ойлгоосой. Аль нэг хувийн компанийн ажил биш гэдгийг ойлгох нь чухал. Энэ бүхнийг зарим нэг нь буруугаар ойлгож, газар чөлөөлөхөд чөдөр тушаа болох, их хэмжээний мөнгө нэхдэг байдал ажиглагдаж байна. Ухаа худаг–Гашуун сухайтын замд байгаа 12 айл газар чөлөөлөх ёстой. Газар чөлөөлөхөд орон нутгийн төвшиндөө шийдэж, том бүтээн байгуулалтад тус дэмжлэг үзүүлэх болов уу гэсэн санал санаачилга гаргаж байгаа. Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох үнэ хөлсийг бууруулах талд асуудал ярьж эхэлсэн. Долдугаар сард Ерөнхий сайдын албан даалгавар гарч орон нутгийн бүх шатын удирдлага өөрсдөөс шалтгаалах бүхнийг хангаж ажилла гэсэн. Аймгийн Засаг даргын орлогч Нацагдорж бидэнтэй хамт явж ажилтай танилцлаа.

-Одоогийн байдлаар хэчнээн хэмжээний газар шорооны ажил хийсэн байна вэ?
-Төмөр замын ажил авто замынх шиг хурдацтай явдаггүй. 100 км авто зам барьж байгуулахад дунджаар нэг сая шоо метр газар шорооны ажил хийдэг. Тэгэхээр энд 15 км замд нэг сая шоо метр газар шорооны ажил хийж байгаа. 10 метр өндөр далан барихад 20 см-ээр 50 үе явна. Тэгэхээр 20 см шороо дэвсээд индүүдэж, услаад хяналтын инженерүүдээр нягтралаа авсан байна уу гэж шалгуулаад дараагийн үеэ хийнэ. Нэг самсмол машин дунджаар 18 шоо метр шороо зөөж байгаа гэж тооцоолж байна. Ингэхээр нэг сая шоо метр шороог нэг машин 56 орчим рейс хийж байж зөөнө. 56 рейс гэдэг 280 орчим мянган км явж байж нэг сая шоо метр шороо зөөж байгаа гэсэн үг. Ухаа худаг-Гашуун сухайтын чиглэлийн 240 км төмөр замын ажлын газар шорооны ажлын 13 сая шоо метр болж байгаа. Энэ бол 1300 км авто зам барих ажилтай дүйцэхүйц газар шорооны ажил. Хэдийгээр км хэмжээ богино боловч ажилбараараа ийм хэмжээний газар шорооны ажил хийж байгаа ч гэсэн үг юм.
0 Сэтгэгдэл
baenhuugiiin ulger neg honi zarhad neg zoos gej gardag orchlon ertonts uudam
nemer
avto zam barih tumur zam barihtai tehnologi n ijil baidag yum
Хамгийн их уншсан