Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах судалгааг удахгүй хийж эхлэх нь

УИХ-ын даргын захи­рамжаар байгуулагдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсэг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн судалгааны багийн хамтарсан уулзалт, ярилцлага өчигдөр боллоо. Ажлын хэсгийн зарим гишүүн болон судлаачид, АНУ-ын Калифорнийн их сургууль, Хуулийн сургуулийн судлаач профессор Томас Гинсберг уулзалтад оролцов.

Судалгааны багийнхан “Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр хийсэн шинэтгэл, төрийн институцийн хөгжлийн 20 жилийн турш­лагыг үнэлэх нь” сэдвээр хийх судалгааны ерөнхий тоймоо танилцууллаа. Үнэлгээг хийх­­дээ 1992 онд батлагдсан Үнд­сэн хууль, үүний дотор 2000 онд оруулсан нэмэлт, өөрч­лөлт болон Монгол Ул­сын өнөөгийн нийгмийн шаард­­лагад нийцэж байгаа эсэх, цаашид ардчиллыг гүнз­гий­­­­­­рүү­лэхэд Үндсэн хуульд нэ­мэлт, өөрчлөлт оруулах шаард­лагатай эсэхийг авч үзэх юм.

Иймээс УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Үндсэн хууль болон одоо­гийн институцийн хүрээ, Монголд ардчиллыг хөгжүүлэх 20 жилийн үйл явцад бий бол­сон сургамжийг цогц байд­лаар судалсны үндсэн дээр шинэтгэлийг хийхэд авч үзэх гол асуудлуудыг тодор­хойлох, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын талаар хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, бусад оролцогч талтай хэлэлцүүлэг явуулахад дэмжлэг үзүүлэхийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хүссэн байна.

Тэр дагуу судалгааны баг Үндсэн хуулийн гол багана-төрийн байгуулал, эдийн засгийн дэглэм, шүүх эрх мэдэл, хүний эр­хийн асуудлуудыг Үндсэн хуулийг анх боловсруулахад баримталсан зарчмууд, нийгэм дэх хүлээлттэй харьцуулан судалжээ. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын олсон ололтод үнэлэлт дүгнэлт өгөхөөр судаалчид ажиллаж байгаа аж. Судлаачдын багийнхан эхний ээлжинд судалгааны аргачлал, хамрах хүрээ, тоймыг боловсруулан энэ оны есөөс арваннэгдүгээр сард нэгдсэн судалгаа явуулсны дараа сэдэвчилсэн хэлэлцүүлэг, уулзалт семинарууд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Уулзалт, ярилцлагад оролц­сон УИХ-ын дэд дарга, ажлын хэсгийн ахлагч Л.Цог, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Д.Лүндээжанцан, Н.Батцэрэг, Ц.Даваасүрэн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нар судлаачидтай санал бод­лоо хуваалцав. Үндсэн хуу­лийн суурь зарчмыг хөн­дөхгүйгээр зарим нэг зүйл, заалтыг өнөөгийн нийгмийн харилцааны нөхцөл бай­далтай уялдуулан эргэн харах шаард­лага байгааг үгүйс­гэхгүй. Иймээс асуудалд судалгаа шинжилгээний үнд­сэн дээр нухацтай хандах учиртайг аж­лын хэсгийн гишүүд онцоллоо.

УИХ-ын Төрийн байгуу­лал­тын байнгын хорооны дар­га А.Бакей уулзалтын төгс­гөлд “Үндсэн хуулийг анх боловсруулан батлахдаа бодож төсөөлж байсан үзэл баримтлал яаж хэрэгжиж байгааг анхаарах, 2000 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн нөлөөллийн хандлагыг авч үзэх, төлөөллийн болон шууд ардчиллын хэмжээ зааг, төр болон улс төрийн на­мууд хоорондын харьцаа, ялангуяа намын нөлөөллийг ба­гасгах чиглэлд анхаарах мөн сонгуулийн тогтолцоо нь Үнд­сэн хуулийн суурь зар­чимтай нийцэж буй эсэхийг судалгааны үндсэн дээр нухац­­тай авч үзэх хэрэгтэй” гэж судлаачдын багийнханд зөвлөв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан