Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Алтанхуяг: Оюутолгойгоос халагдсан 1700 хүнийг Шинэчлэлийн Засгийн газар ажилтай болгож чадна
Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй уулзаж Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл өглөө.
Тэрээр, Сүүлийн үед Монгол Улсын эдийн засаг муудаж, хямралын хэмжээнд хүрсэн гэх мэдээлэл гарлаа. Энэ нь ямар үндэслэлгүй, тооцоо судалгаагүй мэдээлэл байна. Эдийн засгийн мэдээллийн сайн мууг хэн нэгэн хүн ярихгүй. Статистикийн тооцоо судалгаанд тулгуурлаж ярих хэрэгтэй. Тэгэхээр би эдийн засгийг тодорхойлдог таван хүчин зүйлд тулгуурлаж, статистикийн судалгааг үндэслэн нөхцөл байдал ямар байгааг тайлбарлъя.
Өнгөрсөн зургаан сарын байдлаар Монгол Улсын эдийн засаг 11.3 хувиар өссөн. Үүнийг өнгөрсөн оны төгсгөл буюу монголын эдийн засгийн бүтэн жилийн өсөлт 12,4 хувьтай байсан юм. Тэгэхээр хагас жилд 11.6 хувь гэдэг бол өсөлттэй байна гэсэн үг.
Инфляц 2012 оны төгсгөлд 14 хувиар өссөн. Харин өнөөдөр 8.3 хувьтай байгаа. Жилийн дундаж инфляц найман хувьтай байна. Оны эхнээс үнийн өсөлт 4.9 хувьтай байна. Тэгэхээр үнийн өсөлтийг хазаарлах Засгийн газрын бодлого амжилттай хэрэгжиж байгаа.
Ажлын байр нэмэгдсэн. Нийтдээ 37 мянган ажлын байр шинээр бий болсон. Барилга, хөдөө аж ахуйн салбарт ахиц дэвшил гарсан. Энэ гурван үзүүлэлт эерэг сайн байна. Харин хоёр үзүүлэлт нь сөрөг байгааг нуухгүй.
Харин гадаадын хөрөнгө оруулалт буурсан, валютын ханш өссөн гэдэг хоёр үзүүлэлт сөрөг үр дагавартай гарч байна. Гадаадын хөрөнгө оруулалт буурсан шалтгаан нь Оюутолгойн оруулбал зохих хөрөнгө оруулалт дууссантай холбоотой. Одоо гүний уурхайн хөрөнгө оруулалтын тухай яригдаж байгаа. Үүнээс үүдэн гадаадын хөрөнгө оруулалт буурсан мэт харагдаж байна.
Гадаадын хөрөнгө оруулалтын орчин муудсан гэх яриа сүүлийн хоёр жил яригдаж байгаа. Урт нэртэй хуулиар алтны дундаж маягын хөрөнгө оруулалттай компанийн хөрөнгө оруулалтыг зогсоосон. Энэ мэт хүчин зүйлүүд нөлөөлжээ. Үүнийг арилгахаар Засгийн газар ажиллаж байна. Засгийн газрын эрх мэдлээс хэтэрсэн хуульд өөрчлөлт оруулахаар бол УИХ-аар оруулж шийдүүлнэ.
Валютын ханшийн өсөлттэй холбоотой гүтгэлгийн шинжтэй компанит ажил өрнөж байна. Сонин хэвлэлд буруу, зөв янз бүрийн материалыг төлбөртэйгээр нийтлүүлж байна. Бид энэ мэт худал ярианд хариулт өгөх бус үндсэн гурван чиглэлд л ажиллаж байна. Засгийн газрын нэг жилийн ой болж байгаа, ажлаа ард түмэндээ тайлагнана” гэсэн юм. Мөн эдийн засгийг сөхрүүлж буй валютын ханшийг түр зуурын хөөрөгдөл гэдгийг Ерөнхий сайд онцолсон юм. Тухайлбал, “валютын ханш цагаан сарын үед, хичээлийн шинэ жил эхэлж байгаа үед ингэж нэмэгддэг. Энэ бол түр зуурын асуудал. Гэтэл эдийн засаг хямарч, Засгийн газар даван туулж чадахгүй нь, татвараа нэмж мөнгөтэй болох нь гэж ярьж байна. Энэ үндсээрээ худлаа. Татвар нэмэхгүй. Гэхдээ татварын хуульд зарим өөрчлөлтийг оруулахаар ярьж байгаа. Тэр нь сүүлийн жилүүдэд X тайлан хавтгайрсан. Маш олон аж ахуйн нэгжүүд татвар төлдөггүй, орлогогүй, ашиггүй ажилласан гэх тайлан гаргадаг. Тэгэхээр үүнийг зохицуулна.
Мөн шатахууны үнэ нэмэгдэх нь гэж ярьж байна. Тэгэхээр шатахууны үнэ нэмэгдэхгүй. Нэмэхгүй байх зохицуулалтыг Шинэчлэлийн Засгийн газар импортлодог компаниудтай ярилцаж байж хийсэн” гэдгийг Засгийн газрын тэргүүн мэдэгдлээ.
Мөн сүүлийн үед олны анхаарлыг татаж, бухимдлыг төрүүлээд байгаа зүйл бол Оюутолгой. Энэ компаниас 1700 ажилтан халагдаж, ядуусын эгнээнд шилжээд буй. Тэгвэл үүнд Шинэчлэлийн Засгийн газар төдийлэн санаа зовохгүй байга аж. Учир нь, өнгөрсөн нэ жилийн хугацаанд 37 мянган ажлын байр бий болгож байсан болохоор 1700 хүнийг шингээх ажлын байр бий болгох боломж Засгийн газарт байгааг Ерөнхий сайд хэлсэн юм. Тэрээр, “Оюутолгой үйл ажиллагаагаа зогсоогоогүй. Энэ компани анхныхаа хөрөнгө оруулалтаа дууссан. Анхныхаа баялгийг экспортолсон. Нэг ажил хойшлоод байгаа нь гүний уурхайн хөрөнгө оруулалтын ажил. Үүнээс болоод 1700 хүн ажилгүй боллоо гэж яриад байгаа юм. Тийм зүйл байхгүй. Оюутолгойн компанийн 61 хүн ажилгүй болж байгаа юм билээ. Түүнийг дотор нь шингээж ажиллуулах ажлыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав ярьж байна. Цаана нь байгаа 1700 хүн бол тус компанид туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан компанийн ажилчид. Тэд ажилгүй болчихлоо гэвэл Шинэчлэлийн Засгийн газар тэдний ажлын байрыг шийднэ. Ийм зүйл хийж чадахгүй бол Засгийн газар гэж байгаад яахав” гэлээ.
Экспортоо нэмэгдүүлэхийн тулд Засгийн газар шийдвэр гаргаж Энержи ресурсын замыг худалдаж авсан. Ингэснээр нүүрсний тээвэр хямд үнэтэй болно гэдгийг Засгийн газрын тэргүүн хэлсэн юм.

Тэрээр сэтгүүлчдийн асуултад дараахь тайлбарыг өгсөн юм.

-“Энержи ресурс”-ийн замыг Засгийн газар худалдаж авсан. Үүнийг авахад ямар нэгэн шахалтад оров уу. Эсвэл хэлэлцээр хийж байж авсан уу?
-Манай Засгийн газар аливаа ажлыг хүчиндэж хийдэггүй. Тэр компанийн саналыг үндэслэн энэ шийдвэрийг гаргасан. Нүүрсний экспортыг нэмэгдүүлэхийн тулд ийм шийдвэр гаргасан. Гэхдээ нүүсний экспорт муудсан юмгүй. Өмнө нь нүүрсээ барьцаалж мөнгө авчихсан болохоор зарим нь орж ирээд, зарим нь өрөндөө явж байгаа юм.
-Монголын мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж байгаа төслүүд хэр үр дүнтэй байгаа гэж бодож байна. Тухайлбал, энэ сангийн мөнгийг хувьдаа завшсан хэргээр зарим хүмүүсийг хорьсон байна?
-Сайн хэрэгжиж байгаа. Сайншанд руу явсан замыг удахгүй хүлээж авна. Тиймээс АНУ-ын Засгийн газар, ард түмэнд талархах учиртай. Харин манайхны дотоод асуудал бол бидний л асуудал.
-УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдаж, хуралдаанаар төсвийн тодотгол хэлэлцэж магадгүй. Тэгэхээр төсвийн тодотголыг хэлэлцвэл Засгийн газар өргөн барих байх. Тодотголд ямар, ямар зүйлийг танах боломжтой вэ?
-УИХ-ын ээлжит бус чуулганаар Хөрөнгө оруулалтын хуулийг оруулна. Гадаадынхан яагаад манайханд итгэл алдраад байна гэхээр гэнэт өөрчлөгдөөд байгаа юм. Тиймээс хөрөнгө оруулсан бол тэдэн жилийн дотор хөдлөхгүй байхыг л тусгаж өгнө. Ийм л орчныг бүрдүүлнэ. Төсвийн тодотголын тухай яригдаагүй. Тодотгол хийх шаардлага гарвал УИХ-д оруулна.
-Оюутолгойн туслан гүйцэтгэгч компаниудаас халагдсан 1700 ажилтнуудын дунд банкны зээлтэй, орон сууцны зээл авсан олон хүн байна. Тэгэхээр энэ хүмүүст ажлын байрыг шийднэ гэж хэллээ. Оюутолгойд ажиллах хэмжээний цалинтай ажлын байр бий юу?
-Бүх хүндрэлийг хамтдаа даван туулна. Энэ хүмүүсийн асуудлыг Засгийн газрын хэмжээнд хэлэлцвэл хэлэлцье, эсвэл та өөрөө шийд гэж хэлсэн. Бид тэднийг шинэ ажилтай болгоё гэж байгаа юм. Гэхдээ тэдэнд Оюутолгойд авдаг цалинг нь өгнө гэж амлаж чадахгүй.  
-Оюутолгойн далд уурхайд хөрөнгө оруулбал манай улсын хүртэх хувь хэмжээ багасна гэх мэдээлэл гараад байгаа. Мөн өнгөрсөн долоо хоногт ҮАБЗ-ийн хуучин гишүүдтэй уулзсан. Уулзалтаас ямар зөвлөмж гарсан бэ?
-ҮАБЗ-ийн өргөтгөсөн хурлыг хийж, нөхцөл байдлыг танилцуулж, саналыг нь сонссон. Хөрөнгө оруулалтыг тогтвортой болгоё, экспортыг дэмжье гэдэг санаа бол ҮАБЗ-өөс гарсан санаа.
Оюутолгой ил уурхайг ашиглах хөрөнгө оруулалтаа дууссан. Гүний уурхайг ашиглахад нэмэлт санхүүжилт хэрэгтэй. Үүнийг шийдэхийн тулд хамтдаа ярилцъя гэж байгаа юм. Ер нь, гүний уурхайд хөрөнгө оруулалт хийснээр манайх ашиг хүртэхгүй гэдэг бол худлаа, бид авдаг ашгаа л авна. Ирэх долоо хоногоос манай Эрдэнэс Оюутолгойнхон Лондо явж яриа хэлэлцээрийг үргэлжлүүлнэ.

Г.Даваа

0 Сэтгэгдэл
saihan zalah umda yaj
АЖИЛГҮЙЧУУДАА ЕРӨНХИЙ САЙД ДЭЭР ОЧООРОЙ. АЖИЛ ӨГНӨ ГЭНЭ ШҮҮ
Хамгийн их уншсан