Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.ГАНБААТАР: ДААТГАЛТАЙ ИРГЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ГУЙЖ АВДГИЙГ БОЛИУЛНА
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, С.Одонтуяа, Л.Эрдэнчимэг нараас бүрдсэн ажлын хэсэг ажиллаж буй. Энэ хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тодрууллаа.

-Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд  гол нь ямар өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үзэж байгаа вэ?
-Энэ хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа ахалж байгаа. Ажлын хэсгийн гишүүд энэ зуны турш ард иргэдтэй уулзаж, иргэний эрүүл мэндийн даатгалын талаар санал бодлыг нь сонс­сон. Даатгалд мөнгө төл­сөн иргэд эмнэлгээс эрүүл мэндийн үйлчилгээг гуйж авдгийг болиулахад энэ хуу­лийн гол үзэл баримтлал ор­шино. Үүнийг шийдэхийн тулд эмнэлгүүд сайд дарга нарт таалагдаж ажиллах гэж мэрийх биш мөнгө төлсөн даатгуулагч, өвчтнүүдэд сайн үйлчилгээ үзүүлж ажил­­­­ладаг болгох зорилго өвөр­төллөө. Өөрөөр хэлбэл, мөнгө төлсөн хүн хөгжмөө захиална. Хэрвээ хөгжмийг захиалснаар нь тоглохгүй бол мөнгөө өгөхгүй байх эрхийг иргэдэд өгдөг болох юм. Эрүүл мэндийн даатгалд мөнгө төлсөн даатгуулагчид авсан үйлчилгээндээ сэтгэл ханамжгүй байх юм бол тухайн аймаг, дүүргийнхээ Эрүүл мэндийн даатгалын газарт хандаж, гомдлоо шийдүүлдэг байх ёстой. Гомдолтой гэвэл мөнгөө өгөхгүй байх эрхийг нээж өгнө. Энэ эрхийг бий болговол эмч, эмнэлгийн ажилтнууд сайд дарга нарт бус өвчтөн, үйлчлүүлэгч нарт чин сэтгэлээсээ үйлчилнэ. Мөн Эрүүл мэндийн даатгалын газрын төлөөлөгчийг даатгуу­лагч, өвчтнүүдийн төлөөллөөс тавьдаг болъё гэж байгаа юм. Одоогийн зарчимд сайд нар томилгоо хийдэг.
-Даатгал төлсөн иргэд одоогийн мөрдөгдөж буй хуулиар харьяа дүүргийнхээ анхан, дунд шатны эмнэлэгт үзүүлдэг. Шинэ хуулиар даат­гуулагчид эмнэлгийн үйл­чилгээг харьяалал хар­гал­захгүй авахаар төлөвлөж байгаа гэсэн үү?
-Даатгуулагчдад үйлчлүү­лэх эрхийг нь нээж өгнө. Энэ зүйл заалтыг хэрхэн шингээж өгөх талаар ажлын хэсэг ид ярьж байна. Эрүүл мэндийн үйлчилгээг иргэд дотооддоо сайн аваад эхэлбэл жилд 40 тэрбум төгрөг гадаад руу урсахгүй. Энэ бүх мөнгө дотооддоо зарцуулагдаж тэр хэрээр эмч, эмнэлгийн ажилтнуудын чадавхи сайжрах учиртай. Эмнэлгийн салбарын тогтолцоо муу байгаагаас манай эрүүл мэндийн салбарынханд сөргөөр нөлөөлдөг.
-Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд даат­гуулагч мөнгөө гэр бүлийнхээ гишүүнд шил­жүүлж болно гэсэн заалт оруу­­­лах болсон гэсэн. Хуульд үүнийг хэрхэн на­рийвчилж тусгах вэ?
-Зарим хүнээс энэ талаар санал гарсан ч би төдийлэн дэмжихгүй байгаа. Мөнгөтэй эрхмүүд сайн үйлчилгээ авч, ядуу зүдүү гэр бүлүүд үйлчилгээ авахад хүндрэлтэй болно. Энэ талаар ажлын хэсэг ярьж байна. Хэрэв энэ зүйл заалт батлагдвал маш олон хүн эрүүл мэндийн даатгалын тогтолцооны гадна үлдэнэ. Тэр хэрээр нийгэмд тогтворгүй байдал үүсч болзошгүй. Монголчуудын ихэнх нь орлого багатай. Хоёр идэхгүй хоосон хонохгүй амьдарч байгаа өрх олон бий. Бид эв санааны нэгдэлтэй байх ёстой. Даатгалд төлсөн мөнгөө өөртөө зарцуулах нь хуримтлалын тогтолцоо юм.  

С.Заяа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан