Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ улс оронд чинь хууль ёсыг мөрддөг байсан юм уу
Эрхзүйт төр бүхий гээд бидний 20 жил ярьж байгаа энэ Монгол Улсад чинь хууль ёс, дэг журам гэж байсан юм уу. Үгүй яахав хууль ёс нь ч бас ч гэж байсан л даа. Лавтай 600 гаруй ч гэл үү хууль байдаг юм гээ биз дээ. Харин түүнийгээ мөрддөг байсан юм уу гэхээр л эргэлзээ төрж эхэлж байна.
Наран туул гэдэг худалдааны төв, зах шатлаа. Өдөр тутмын амьдралаа залгуулж байсан олон хүн хохирлоо. Гэтэл Нарантуул захын энэ павильонд худалдаа үйлчилгээ явуулах зөвшөөрөлгүй байсан, энэ талаар удаа дараа  шаардлага өгч байсан гэж албаны хүмүүс мэдэгдлээ.
Өмнө нь 2005 оны шинэ жилээр түймэр гарсан худалдааны “САПУ” төв бас л худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүй, галын аюулгүй байдлыг хангах талаар шаардлага хангахгүй байсан гэдэг. Г.Алтан гэдэг авгай тухайн үеийн эрх баригчдын судсыг атгаж зөвшөөрөлгүй барилгад үйл ажиллагаа явуулж байгаад өчнөөн олон хүнийг хохироочихоод “Би хохирлыг төлж барагдуулна” гэж уран үг урсгаж байсан ч эцэст нь төр л бидний татварын мөнгөөр төлж хохиролгүй болгосон.
Өнөөдөр нийслэл хотод барьж байгаа барилгуудын 80 орчим нь зөвшөөрөлгүй баригдаж байна гэж хотын захирагчийн алба мэдээлж байна.
Гэтэл ийм байдлаар хууль ёс, дүрэм журам зөрчиж барьж байгуулж байсан нь  таг чиг байснаа ямар нэгэн осол гамшгийн үеэр л илэрдэг.
Г.Алтан авгайн “САПУ” худалдааны төв ажиллаж байхад арилжаа наймаа хийдэг нь лангууг нь түрээслээд л, өөр бусад нь орж хэрэгтэй юмаа худалдан аваад л байснаас биш зөвшөөрөлтэй эсэхийг нь хэн ч мэдээгүй л байсан. Энэ Нарантуул зах ажиллаад бараг 20-иод жил болоход мөн л энэ талаар хэн ч мэдээгүй. “Тэнгис” кино театрын дэргэдэх барилга нэг л өдөр босч, кино театрын өмнөх талбайг чигжиж, театрын тэр гоёмсог барилгын пасадыг халхлаад байхад хотын эрх баригчид  дуугүй л байсан. Дээрээс нь төмөр унаад зүгээр л гудамжаар явж байсан хүний амийг хөнөөчихөд л сая нэг юм дуу шуу орж, зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүйд нь хүрсэн юмдаг.
Туул голын эрэг дагуу барьж байгаа барилга, элс хайрга ухаж байгаа карьерууд бараг л бүгдээрээ зөвшөөрөлгүй гэдгийг одоо л ид ярьж байна.
Уг нь нэг барилга барих, ажил үйлчилгээ явуулахад хэдэн зуун зөвшөөрөл авдаг, хүнд суртал нь тоймгүй гээд л үг өгүүлэл гараад байдаг ч өнгөрсөн хугацаанд энэ бүхнийг ном ёсоор нь бүрдүүлээд барилгаа барьдаг, ажил үйлчилгээгээ эхэлдэг ёс журам манайд үнэндээ байсангүй.
Хэрэв гал гараагүй, осол аваар болоогүй бол энэ бүхэн яах байсан юм бол. Зөвшөөрөлгүйг нь мэдсэн ч мэдээгүй дүр үзүүлээд, ажил хариуцсан албан тушаалтнууд нь хааяа нэг очиж “За танайх чинь зөвшөөрөлгүй бил үү. Хаана шүү, ажлыг чинь зогсооно шүү” гэж айлгаж байгаад нэг сайн дайлуулж цайлуулаад, бэлэг сэлт аваад л яваад байдаг байсан юм болов уу. Тэгсээр байгаад нэг л өдөр ашиглалтад ордог, дараа нь нэг гай дагуулах байсан болов уу.
Чухамдаа өнгөрсөн он жилүүдэд Монгол Улсын хууль, дүрэм журам гэдэг энэ улс оронд хууль ёсыг сахиулах, дэг журмыг сайжруулах, хүн ардын сайн сайхны төлөө үйлчлэхээсээ илүүтэй, тэднийг сахиулж байх үүрэгтэй албан тушаалтнуудын мөнгө олох, авлига авах хэрэгсэл болчихсон байсан юм биш байгаа.
Улс оронд нь хууль ёс мөрдөгдөхгүй, тэр бүхнийг нь зөрчсөн үйлдэл, ажил үйлчилгээ хэдэн арав, зуугаараа байхад түүнийг зогсоодог хүн нэг ч байхгүй атлаа, яг тэр ажлыг хариуцсан албан тушаалтан, байцаагчид нь амьжиргаа нь сайжраад, унадаг машин, барьдаг гар утас нь улам л тансаг болоод, эгэл нэгэн бизнесэнээс хэд дахин илүү гараад  байдаг байсан нь нууц биш.
Замын хөдөлгөөний түгжрэл багасахгүй, осол авар буурахгүй байхад замын цагдаа нарын халаас түнтийгээд л, зуслан хаус нь улам тансаг болоод байдаг, худалдаа үйлчилгээний газрууд цагаа мөрдөхгүй, хоол ундны  чанар муугаас болж элдэв хэл ам гараад байхад мэргэжлийн хяналтынхан улам л гангараад яваад байдаг биш үү. Багануур дүүрэгт “Азийн чоно” архинаас хордож өчнөөн хүний амь нас эрүүл мэнд хохирч байхад тэр үйлдвэрийн ханаар дүүрэн “Тэргүүний үйлдвэрлэгч, шилдэг бүтээгдхүүн, тэргүүний татвар төлөгч.....” энэ тэр гэсэн гэрчилгээ өргөмжлөл өлгөөтэй байсан нь худал гэж үү.
МАН-ыг эрх барьж байх үед хууль гэдэг тэдний өөрсдөд нь зориулсан, мөрдөж ч болдог, мөрдөхгүй байж ч болдог зүйл байсныг МАН-ын дарга Ө.Энхтүвшин нэгэнтээ гэнэ алдаад хэлчихсэн юмдаг. МАН-ын УИХ-д бүлэг байгуулах тухай өргөдлөө хугацаанд нь буюу 24 цагийн дотор өгөөгүй гээд бүлэг байгуулахгүй байх үед тэрээр “Хуулийн ганцхан муу өгүүлбэрээс болж 90 гаруй жилийн түүхтэй бүхэл бүтэн намыг бүлэггүй байлгаж болохгүй” гэж дуу алдаж байсан удаатай. Энэ бол хуулийг мөрдөхгүй байж болно гэж явсан хүний үг.  
Тэгэхээр энэ намынхан хууль, дүрэм журмыг өөрсдийн ая таалалд нийцүүлэн мөрдөж ч болдог, мөрдөхгүй байж ч болдог гэж явсан, энэ бүхэн нь хуримтлагдсаар  одоо элдэв зөрчил гарах бүрийд тэр нь улам ил болж байгаа нь энэ юм уу даа.
Өнгөрсөн он жилүүдэд энэ улсад үнэндээ хууль, дүрэм журам мөрдөгдөхгүй дэндүү атар танхай явж ирж, гай нь ээлж дараалан гарсаар л байна.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан