Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тони Блэйрийн баг Монголын таван салбарт бодлого гаргаж өгнө

Монголын Засгийн газарт Английн Ерөнхий сайд асан Тони Блэйрийн баг зөвлөхөөр ажиллахаар болжээ. Энэ тухай мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг өчигдөр сэтгүүлчдэд өглөө. Тони Блэйр улс төрийн карьераа дуусгасны дараа өөрийнхөө нэрээр сан байгуулжээ. Энэ сангаараа дамжуулан дэлхийн 20 гаруй оронтой хамтарч ажиллаж эхэлсэн байна. Харин жилийн өмнө манай Засгийн газарт хамтарч ажиллах хүсэлт тавьжээ. Хүсэлтийнх нь дагуу манай тал судалгаа хийсний дүнд түүний багтай хамтрахаар болсон аж. Өөрөөр хэлбэл, тэд манай Засгийн газарт Монголд нэн тэргүүнд хөгжүүлэх хэрэгтэй таван салбарын бодлогыг тодорхойлж, зөвлөгөө өгч ажиллах юм байна.

Энэ нь боловсрол, эрүүл мэнд, ажлын байр болон гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, энэ чиглэлийн хууль эрхзүйн орчноо гадаадынханд хэрхэн зөв тайлбарлаж, хөрөнгө оруулагчдыг татах аргыг зааж, зөвлөх юм байна. Мөн орон сууцны зээлийг цаашид хэрхэн амжилттай авч явах талаар бодлого боловсруулж өгөх гэнэ. Тони Блэйрийн баг манайд нэг жилийн хугацаатай ажиллана. Тэдний багийн гурван хүн ажиллахаар болж манай улсад хүрэлцэн ирээд буй гэсэн. Харин энэ хугацаанд ажлын явцтай танилцахаар Тони Блэйр Монголд гурван удаа ирэх гэнэ. Тэрээр уг ажлыг эхлүүлж байгаа учраас энэ сарын 7-8-нд Улаанбаатарт ажиллахаар төлөвлөсөн гэсэн.

Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хөрөнгө оруулагч тал болох “Рио Тинто”-той хэл амаа ололцоогүйгээс тодорхойгүй хугацаагаар зогсонги байдалд ороод байгаа. Энэ асуудалд Тони Блэйр “Рио Тинто”-гийн талд үйлчилж магадгүй гэсэн болгоомжлол монголчуудын дунд байгаа. Тэгвэл үүнээс айлтгүй хэмээн Ч.Сайханбилэг дарга сэтгүүлчдэд дуулгасан. Үүнийгээ тэрээр “Тони Блэйр улс төрийн карьераа орхисон. Төслийнхөө шугамаар манай улсад ирж байгаа. Монгол Улс энэ хүнийг дэлхий дахинд эх орноо илэрхийлэх, таниулахад ашиглах ёстой” гэв.  

Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Тэдний багийг хөлслөхөд Монголын Засгийн газар хэчнээн төгрөг төлж байгаа вэ. Нөгөөтэйгүүр дээрх таван чиглэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үү?
-Дээр дурдсан таван чиглэл салбар, яам хоорондын асуудал учраас ЗГХЭГ зангидаж байгаа. Бид таван чиглэлийг цаашид хэрхэн хөгжүүлэх талаар бодлого гаргуулах юм. Ямар нэгэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж мөнгө зарахгүй.

-Тони Блэйрийн баг Мозамбик улсад ийм төсөл хэрэг­жүүлж байгаад луй­вард­сан гэсэн яриа байна лээ. Энэ талаар та бүхэн судалж үзсэн үү?
-Луйвардсан эсэх асуудал энэ хавиар шийдэгдэхгүй. Бид аливаа зүйлийг улс төржүүлдэг байдлаа дотроо л хийцгээе. Савнаасаа халих хэрэггүй. Манайд хуйвалдаж, луйвардах зүйл байхгүй. Бидэнд зөвхөн бодлогын зөвлөгөө өгнө. Манайх тэдэнд төсөл хөтөлбөр хэрэгжүүл гэж ямар ч мөнгө өгөхгүй.

-Түүнийг “Рио Тинто”-д үйлчлэхгүй гэх баталгаа бий юү. Энэ талаар манай уншигчдад мэдээлэл өгвөл?
-Бид түүнтэй хамтарч ажиллах гэрээ байгуулахаас өмнө “Рио Тинто” компанитай ямар нэг байдлаар холбогдсон эсэх, ашиг сонирхлын зөрчил байгаа зэргийг асууж, нягталсан. Тэрээр ямар ч ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ хэлсэн. Тиймээс бид хамтарч ажиллахаар болсон. Гэрээгээ зөрчвөл олон улсад заасан хууль тогтоомжийн дагуу шийдэгдэх юм.


Иргэн Т.Блэйрийн унацтай бизнес


Манай улсын таван салбарт бодлого гаргаж өгч, зөвлөгөө өгөхөөр болсон Английн Ерөнхий сайд асан Тони Блэйрийн баг удахгүй Монголд хөл тавина. Хэдийгээр ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг ямар нэг төсөл хэрэгжүүлж, мөнгө зарлагадахгүй гэж хэлсэн ч түүний баг ямар өртгөөр хэрхэн зөвлөгөө өгдөг талаар товч мэдээлэл цуглуулсан юм.

“Хэрвээ та 50 дөнгөж гарч байхдаа Ерөнхий сайдын суудлаас буувал юу хийх вэ Гольф тоглох уу” гэж асуухад тэрээр “Үгүй дээ, хэрэв тэгвэл бөөн айдас намайг нөмөрнө” гэж хариулж байжээ. Тони Блэйр зургаан жилийн өмнө Даунин Стритийн №10-ыг орхихдоо ингэж хэлж байсан юм. Үнэхээр ч тэр гольф тоглож, зүгээр суусангүй.

Магадгүй Ерөнхий сайд байхдаа ч олж чадаагүй их мөнгийг өнгөрсөн зургаан жилийн дотор халаасалсан юм. Зөвлөгч, зуучлагч, хандивлагч шинэ карьерынхаа дагуу босгосон түүний фирм өдгөө 20 гаруй оронд үйл ажиллагаа явуулж, зөвлөгөө өгч байна. Энэ бизнес нь түүнд 2007 оноос хойш 90 сая ам.долларын ашиг орлого авчирчээ. Зөвхөн JPMorgan Chase & Co гэхэд экс Ерөнхий сайдтай хамтран ажилласныхаа төлөө 10 сая фунт төлсөн бол Блэйрийн багийн анхны үйлчлүүлэгч болох Кувейт улс гэхэд 20 гаруй сая ам.долларын хөлс өгсөн гэдэг. Үүнийх нь төлөө Блэйрийн багийнхан тус улсын улс төр, эдийн засгийн алс ирээдүйг харсан “Кувейтийн хэтийн төлөв 2035” гэсэн илтгэл гаргаж байсан юм. Мөн түүний баг Арабын шинэ, баян засгийн тэргүүнүүдэд улс орноо хэрхэн засаглах талаар зөвлөгөө өгдөг.

Т.Блэйрийн баг олон орны удирдагчидтай хамтарч ажилладгийн дотор Казахстаны Н.Назарбаев, Ливийн М.Каддафи нар багтаж байсан нь цөөнгүй удаа түүний чихийг халууцуулсан билээ. Ливид эмх замбараагүй байдал дэгдэхээс өмнө Т.Блэйр хэдэнтээ М.Каддафитай уулзаж, зөвлөгөө өгч байсны дотор хүүгийнх нь докторын ажилд туслах санал хүртэл багтаж байсан гэдэг. Харин Казахстаны тухайд 13 сая ам.долларын гэрээ хийсэн учир тус улсын ашигт малтмалын цэцэглэж буй бизнест харамгүй зөвлөгөө өгсөн нь дамжиггүй. Мэдээж энэ бүх ажилд тэрээр өөрийн гар биеэр оролцож амжихгүй тул 180 гаруй шинжээч, судлаач мэргэжилтэн экспертүүдийг цалинжуулан ажилладаг байна.
Тэгэхээр манай улс нэгэнт түүний зөвлөгөөг сонсохоор шийдэж, Монголд хөл тавих гэж байгаа болохоор сайн дурын ажилтнууд шиг үнэгүй ажиллахгүй нь мэдээж. Одоохондоо ямар нэг тоо, үнийн дүнд сонсогдохгүй байгаа ч яваандаа нэг юм дуулдах нь мэдээж. Чухам хэд байхыг хэлэхэд дэндүү эрт байгаа бололтой.
0 Сэтгэгдэл
gadnii humuuseer bodlogo garguulahgui blgui, zovlogoo l avah bh usreed.
Хамгийн их уншсан