Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хуульчдын холбооны анхны ерөнхийлөгчөөр Д.Батсүх сонгогдлоо

Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилсэн хуульчдын анхдугаар их хурлын төлөөлөгчид мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагынхаа анхны ерөнхийлөгчийг сонголоо. Хуульчдын холбооны анхны ерөнхийлөгчөөр Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгчөөр өнгөрсөн оноос эхлэн ажиллаж байсан Д.Батсүх сонгогдов.

Тэрбээр санал өгсөн төлөөлөгчдийн 51.05 хувийн дэмжлэгийг авч энэхүү хариуцлагатай албан тушаалд томилогдсон юм. ХЗЯ-ны БХЗГ-ын дарга О.Алтангэрэл түүнтэй хүчтэй өрсөлдөж, хоёр дахь шатны сонгуульд 48.95 хувийн саналаар удаалсан юм. Холбооны ерөнхийлөгчийн албан тушаалыг хоёр жил хаших бөгөөд, улиран сонгогдохгүй байх хуулийн зохицуулалттай юм.

Хуульчдын холбооны анхны ерөнхийлөгч Д.Батсүх сонгогдсоныхоо дараа хэлсэн үгэндээ, "Хуульчид бид Монгол Улсын анхны мэргэжлийн өөрөө удирдах ёсны холбоог байгуулж байна. Төрийн зарим эрх мэдлийг шилжүүлэн авч буй анхны төрийн бус байгууллага төрлөө. Их хурлын төлөөлөгчид, хуульчид хэрхэн ардчилсан зарчмаар, асуудлыг нээлттэй шийддэгийг харуулж чадлаа. Энэ уламжлалыг цаашид ч хадгалан авч явж чадна гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.

Хуульчдын анхдугаар их хурлын төлөөлөгчид хоёр өдрийн турш холбооны дүрэм болон мэргэжлийн дүрмээ хэлэлцэн баталж, анхны ерөнхийлөгчөө сонгосон бол маргааш холбооны татварын хэмжээгээ тогтооно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан