Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад Монголыг хүчээр элсүүлэх үү

Киргизийн нийс­­лэл Бишкек хотноо Шан­хайн хамтын ажиллагааны байгууллагын ги­шүүн орнуудын Төрийн тэр­гүүн нарын чуулга уул­залт маргааш эхэлнэ. Тус байгууллагад ажиглагчийн статустайгаар манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  энэ чуулга уулзалтад оролцож байгаа.

Уулзалтын үеэр гишүүн улсууд уламжлал ёсоор бүс нутгийн эдийн засаг ба аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудлыг хэлэлцэнэ. Үүний дээр хэзээ мөдгүй бүс нутгийг хамарсан томоохон дайны голомт болж магадгүй байгаа Сирийн асуудлыг хэлэлцэх аж. Гэхдээ Сирийн асуудалд ШХАБ-ын гол хоёр гишүүн ОХУ, БНХАУ бодитоор нөлөө үзүүлэх боломжоор хязгаарлагдмал байгаа. Энэ хоёроос гадна бусад гишүүний олон улсын нэр нөлөө, эдийн засгийн чадвар харьцангуй хязгаарлагдмал. Тиймээс энэ чуулганаар ШХАБ-д шинээр гишүүн элсүүлж магадгүй байгаа аж. Энэ тухай ОХУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд Андрей Денисов мэдэгдсэн байна.

ШХАБ-д одоогоор манай хоёр хөрш мөн Казахстан, Киргиз, Тажик, Узбекистан улс багтдаг бөгөөд Монгол, Афганистан, Иран, Энэтхэг, Пакистан улс нь ажиглагчийн статустай, харин Турк, Беларусь, Шри-Ланка түншийн статустай. Ажиглагч орны алийг нь гишүүнээр элсүүлэхийг Элчин сайд дурдаагүй юм. Ингэж шинэ улсыг гишүүнээр элсүүлснээр ШХАБ-ын  хүрээ мэдэгдэхүйц тэлэхтэй зэрэгцэн бүс нутагт үзүүлэх нөлөө нь нэмэгдэнэ.

Одоогоор ШХАБ-ын гишүүн орнуудын газар нутгийн хэмжээ 30 сая ам.км буюу Евразийн газар нутгийн 60 хувь. Нийт хүн амын тоо тэрбум 500 сая гаруй байна. Хэрэв энэ байгууллагад жишээлэхэд Энэтхэгийг элсүүллээ гэхэд л хамардаг газар нутаг, хүн ам, эдийн засгийн хүчин чадал, нөлөө огцом нэмэгдэх нь ойлгомжтой.

Хэдийгээр ШХАБ 2001 онд байгуулагдаад үндсэн зорилгоо алан хядлага, мансууруулах бодисын улс дамжсан наймаа, салан тусгаарлалттай тэмцэх, эрчим хүчний түншлэл, эдийн засгийн хамтын ажиллагаа гэж тунхагласан ч түүнээс хойш дэлхий дахинаа болж өнгөрсөн маш чухал олон үйл явдал энэ зорилгын хүрээг ил биш юм гэхэд далд байдлаар тэлэх зайлшгүй шаардлагатай болсныг илтгэж байна гэвэл онц хэтрүүлэг болохгүй.

Тухайлбал, есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагааны дараагаар Афганистанд НАТО тэргүүтэй олон улсын эвслийн цэргийн хүч орж, төрийг нь эргүүлэн шинэ Засгийн газар байгуулсан. 2003 онд АНУ Иракийг цөмийн зэвсэг үйлдвэрлэсэн гэж буруутган мөн л цэргээ оруулж эзэлсэн. Хоёр жилийн өмнөөс Аравын хувьсгал нэртэй томоохон хөдөлгөөн өрнөсөн нь хойд Африкийн орнуудыг хөндсөн төдийгүй лалын шашинтууд гол төлөв амьдардаг ШХАБ-ын гишүүн хэд хэдэн оронд ч тодорхой хэмжээний үймээн, эмх замбараагүй байдал үүсгэсэн. Энэ хувьсгалын улмаас төр эргэсэн улсуудад АНУ, Европын холбоо, НАТО-гийн цэргийн эвсэл шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж зарим тохиолдолд НҮБ-ын шийдвэрийг үл тоомсорлож байсан. Одоо Сирийн иргэний дайныг тойрсон ээдрээ гээд асуудалд улс орнууд өөрийн эрх ашгийг хамгаалахын тулд бүс нутгийн нөлөө бүхий байгууллага илүү үр дүнтэй болохыг харуулсан.

Товчхондоо НАТО, Европын холбоо, Америк  зэрэг улс ардчилал хүний эрх, эсвэл сөргөлдөгч талуудын тэнцвэрийг хадгалах нэрийдлээр хүссэн газартаа зэвсгийн хүч хэрэглэх, эдийн засгийн хориг арга хэмжээ авах зэргээр түрэмгий авирлаж байгаа болохоор энэ нүсэр том эвсэл, байгууллагуудтай дэлхийн хэмжээнд сөргөлдөхгүй юм гэхэд бүс нутгийн хэмжээнд хамтарсан хариу арга хэмжээ авах шаардлагатайг бүгд ойлгосон. Иймээс ч Иран, Афганистан, Энэтхэг, Пакистан гэсэн улс тус байгууллагын гишүүн болох сонирхолтой байгаагаа удаа дараалан идэвхтэй илэрхийлж байгаа хэрэг.

ШХАБ-ын нэр нөлөө гэж байгаа ч гол хоёр гишүүний дэлхийн тавцан дээрх улс төр, эдийн засгийн нөлөөний талаар яригдаж байгаа нь нууц биш. Иймдээ ч сүүлийн таван жилийн турш яригдаж байгаа гишүүдийн тоог нэмэх асуудал дээр гол хоёр оролцогчийн байр суурь зөрөөтэй байсантай холбоотойгоор бодит үр дүнд хүрч чадаагүй юм. Хоёр их гүрэн аль улсыг, хэдийд элсүүлэх, ямар журам, дарааллаар зэрэгт санал зөрөлдөөнтэй байв. Гэвч дээр дурдагдсан олон үйл явдлын дараа хоёр тал тодорхой хэмжээгээр тохиролцоонд хүрч чадсан бололтой. Ямартай ч өнгөрсөн жил Оросын Ерөнхийлөгч Владимир Путин 2013 он гэхэд шинэ гишүүн элсүүлэх албан ёсны журмыг батлах санал гаргасан бөгөөд Бишкекийн чуулга уулзалтын үеэр Монгол, Энэтхэг, Пакистаныг элсүүлэх төлөвлөгөөтэй байгаа тухай мэдээллийн хэрэгслүүдээр зарлаж байсан.
Энэтхэг, Пакистаныг элсүүлэх тухайд хоёр улс хоорондоо төдийгүй Хятадтай газар нутгийн маргаантай гэсэн ээдрээ байгаа ч хоёул хүн ам, зах зээлийн багтаамж, эдийн засгийн чадлаараа Азид дээгүүрт ордог, хоёул цөмийн зэвсэгтэй, хүчирхэг зэвсэгт хүчинтэй, бүс нутагтаа ихээхэн нөлөөтэйн дээр, хоёул салан тусгаарлах асуудалтай тулгараад олон жил болж байгаа гэсэн адил зүйлтэй болохоор боломжтой байж болох юм.

Харин манай улсын хувьд хоёр хөршийн ашиг сонирхол явж байгаа нь мэдээж. Тухайлбал, зарим судлаачид манай улс Америк тэргүүтэй өрнөдийн орнуудтай найрсаг харилцаатай, нягт холбоотой байдаг, уул уурхайн салбар нь эрчимтэй хөгжиж байгаагийн дээр сүүлийн үед Монголын нутаг дээр америкчууд пуужингийн довтолгоог илрүүлэх станц барьж магадгүй тухай яригдаж байгаа нь ийнхүү нөлөөллийнхөө хүрээндээ яаран оруулах нэг шалтгаан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл өөрсдийн аюулгүй байдлыг асуудлыг шийдэж байгаа хэрэг. Манайх элсэхгүй гэж ил цагаан зөрчилдвөл хоёр тал сэмхэн “чимхэж шоглох” эрсдэл үүснэ.

Улс төрийн шалтгаан нь ийм ч эдийн засгийн асуудал бүр ээдрээтэй. ШХАБ-ын орнуудын дотроос хамгийн хүчирхэг эдийн засагтай нь Хятад. Тиймээс ч байгууллагын хүрээнд эдийн засгийн интеграцид онцгой анхаарал хандуулан татваргүй бүс гэх мэтийг байгуулахыг санал болгож байгаад гайхах зүйлгүй. Гэтэл энэ асуудалд хайнга хандвал өрсөлдөх чадвараар сул манайх мэтийн жижиг орны эдийн засаг урд хөршөөс хараат байдал бүр ч нэмэгдэх аюултай. Нөгөө талаас байгууллагын дотоодод эдийн засгийн хамтын ажиллагаанд ухаалгаар оролцвол урд хөршөөс бараг зуун хувь хараат байгаа байдлыг тодорхой хэмжээгээр өөрчлөх боломж нээгдэж болох юм.

Үүнээс гадна Америк тэргүүтэй өрнөдийн орнуудтай тийм ч сайнгүй харилцаатай цөмийн зэвсэгтэй дөрвөн улсын өвөрмөц клуб болж хувирах ШХАБ-т гишүүнээр элслээ гээд өрнөдийн орнуудын зүгээс зээл, тусламжаа багасгах, улс төрийн дэмжлэг үзүүлэхээ хязгаарлах, улмаар манайхыг хоёр гүрний нөлөөнд дарагдаад өөрийн гэсэн байр суурьгүй улс гэсэн өнцгөөс хандаж эхлэхийг үгүйсгэх аргагүй.

Энэ мэт ээдрээ, эрсдэл олон байна. Тэгэхээр өнгөрсөн жил ШХАБ-ын уулзалтад   “Монгол Улс харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр ШХАБ-ын үйл ажиллагаан дахь оролцоогоо өргөжүүлэн хөгжүүлэх бодлогоо цаашид ч баримтлана” гэж мэдэгдэж байсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид сайтар эргэцүүлэх, нарийн нягтлан шалгах олон асуудал тулгараад байна.
Дашрамд сонирхуулахад, энэ чуулга уулзалтын аюулгүй байдлыг Киргизийн тусгай албадаас гадна Оросын десантын батальон давхар хангаж байгаа юм. Оросууд өнгөрсөн зургаадугаар сард десантын багаа явуулсан төдийгүй уулзалтын өмнөхөн нийт 35 сая ам.долларын үнэтэй хуягласан машин, автобус, нисдэг тэргийг бэлэглэсэн. Харин манай урд хөрш аюулгүй байдлыг хангахад ашигладаг ажиглалт, хяналтын тусгай тоног төхөөрөмж нийлүүлсэн юм.
0 Сэтгэгдэл
Mongol elssn ch elseegui ch yag adilhan yamar jin darahgui l dee
Amerik, yaponiig dagaad hohirolgui dandaa bid hojood hogjino gej bodoj baigaa bol dagaad izel dee.Bur amerikiin puujin bairluulaad uz l dee chaddag yum bol Yaahiig hariya aa. Amerik,evropiin ornuud manai uul uurhai tegtlee ih hojuulchisen hereg uu
Amerik, yaponiig dagaad hohirolgui dandaa bid hojood hogjino gej bodoj baigaa bol dagaad izel dee.Bur amerikiin puujin bairluulaad uz l dee chaddag yum bol Yaahiig hariya aa. Amerik,evropiin ornuud manai uul uurhai tegtlee ih hojuulchisen hereg uu
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
Ajiglagchaaraa bsan ni deer bzdee!????
Хамгийн их уншсан