Дугуй ширээний уулзалтад дотоод, гадаадын 150 гаруй төлөөлөгч оролцоно. Үүнээс 30 гаруй улсын төр, иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид бүртгүүлсэн байна. Тус дугуй ширээний уулзалтын хүрээнд усны нөөц, хариуцлагатай уул уурхай, авлигын эсрэг түншлэлийн асуудлаарх дагавар хуралдаанууд өнөөдөр, маргааш хоёр өдөр Төрийн ордонд болох юм.
Дашрамд, Дэлхийн эдийн засгийн чуулга (Давост зохион байгуулдаг Дэлхийн эдийн чуулга уулзалтаараа алдаршсан байгууллага) нь дэлхий дахинд тулгараад байгаа хамгийн чухал асуудлуудын талаар томоохон компаниудын удирдлагууд, олон улсын улс төрийн лидерүүд, сонгогдсон эрдэмтэд, иргэний нийгэм болон сэтгүүлчдыг оролцуулж санал бодлыг нь сонсож, хэлэлцэн дэлхийн эдийн засгийн ойрын болон хэтийн төлвийг тодорхойлдог олон улсад нэр хүндтэй байгууллага юм. Тухайн жилд Давост хэлэлцсэн асуудлууд орон болгоны бодлогод тусгагддагаара онцлогтой. Үүний зэрэгцээ Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт нь бүс нутгийн форумуудыг жил бүр зохион байгуулдаг.
Сүүлийн жилүүдэд манай улс тус байгууллагатай идэвхитэй хамтран ажиллаж, олон улсын болон бүс нутгийн өндөр төвшний арга хэмжээнүүдэд оролцож ирсэн. Хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор 2013 оны нэгдүгээр сард харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Үүгээр Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт, бүс нутгийн арга хэмжээнд идэвхитэй оролцох, “Зүүн Азийн асуудлаарх Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт”-ыг ойрын жилд Монгол Улсад зохион байгуулах боломжийг эрэлхийлэх, “Монгол Улсын хөгжлийн стратегийн хувилбар” судалгаа боловсруулж, Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт ба Монгол Улсын Стратегийн хэлцэл сэдэвт олон талт дугуй ширээний уулзалтаар хэлэлцүүлэх зэрэг тодорхой асуудлуудыг тусгажээ.
























