Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөрөнгө оруулалт татах ээлжит бус чуулган

Гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан нь улсын төсөв нэг их наяд гаруй төгрөгөөр тасалдах шалтгааныг бий болгосон. Үүнээс улбаалж, валютын ханш тогтворгүй болсон нь иргэдийн нуруун дээр ачаа болон ирж байгаа. Монголын эдийн засагт нүүрлэсэн энэ мэт хямралыг даван туулах гарцыг эрэлхийлэхийн тулд УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахаар болсон юм. “УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын орчинг сайжруулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээ нь урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад дэмжлэг болно гэж хүлээж буй” тухай мэдэгдлийг Төв банк гаргажээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн онд тав, энэ жил 46 хувиар буурч, санхүүгийн эх үүсвэр хомсдож, Чингис бондын хөрөнгийг оруулахгүйгээр гадаад цэвэр актив 1.2 тэрбум ам.доллараар буураад буй судалгааг ч холбогдох байгууллагаас хийсэн байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд Монголбанк чадлынхаа хэрээр зүтгэж, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл”-ийг төгрөгийн гадаад валюттай харьцах ханш макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэйгээр уян хатан өөрчлөгдөж байх нөхцөлийг ханган ажиллаж эхэлжээ.
Харин хууль тогтоох дээд байгууллагынхан ээлжит бусаар хуралдаж Засгийн газраас боловсруулж, өргөн мэдүүлээд буй гадаадын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлэх хуулийн төслүүдийг батална. Өөрөөр хэлбэл, Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болоод байгаа. Хуулийн төсөлд хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоод гэж ялгалгүйгээр нэгдсэн хуультай болгож, харин дотор нь ялгаа, заагийг нь зүйлчилж оруулж өгөхөөр тусгасан аж. Хөрөнгө оруулалтын татварын орчинг тогтворжуулах шинэ зүйл заалт оруулснаараа одоо мөрдөгдөж буй Гадаадын хөрөнгө оруулалтын тухай болон Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиас тэс ондоо юм. Тодруулбал, тухайн тодорхой төслийг хэрэгжүүлэхдээ хөрөнгө оруулагч хүсвэл татварын тогтвортой орчин эдлэх эрхтэй болж буйгаараа онцлогтой. Гэхдээ төслийн хөрөнгийн хэмжээ нь 15 тэрбум төгрөгөөс дээш байх юм. Хамгийн гол нь байгаль орчинд ээлтэй, орчин үеийн шинэ технологи нэвтрүүлж, ажлын байр бий болгосон төслүүдэд татварын орчин тогтвортой байх заалт үйлчилнэ. Мөн тухайн төслийг эхэлж, гэрчилгээ авч байх үед Татварын тухай хууль ямар хэмжээнд үйлчилж байснаараа дараагийн 5-10 жилд хуульд өөрчлөлт орсноос үл хамааран хэвээр мөрдөгдөх боломжтой. Энэ нь хөрөнгө оруулагчдад таатай орчин нөхцөл бүрдүүлж буй хэрэг хэмээн төсөл санаачлагчид тайлбарлаж байгаа. Энэ нь ч аргагүй. Хөрөнгө оруулалтын тухай шинэ хуулиар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлж чадвал тэд хөрөнгөө оруулж, ирэх таван жилд ч татварын хөнгөлөлт эдлэх гэж эрмэлзэх нь ойлгомжтой. Дээрх бүх хуулийн төслүүдийг өнөөдөр УИХ дахь гурван намын бүлгийн хурлаар, маргаашнаас байнгын хороодоор, ирэх пүрэв, баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тов гараад байна. УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулганыг энэ сарын 16-27-ныг хүртэл зарлан хуралдуулахаар захирамж гаргасан. Ямартай ч аравдугаар сарын эхэн гэхэд хөрөнгө оруулагчдад таатай хууль эрхзүйн орчин батлагдан гарч, гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх ажил эрчимжих нь. Тэр хэрээр улсын төсвийн тасалдалтыг нөхөж, тэнгэрт хадаад буй ам.долларын ханшийн амыг хазаарлан тогтоон барих гарц бий болох биз ээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан