Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрийн дуулал, буун дуутай зэрэгцсэн ээлжит бус чуулган
Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, монголыг чиглэсэн хөрөнгө оруулалтыг сайжруулах замыг засах УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэллээ. Чуулганыг нээж УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ ч энэ тухай асуудлыг онцолно билээ. Тухайлбал, “2012 оны 3 дугаар улирлаас эхлэн хөрөнгө оруулалтын хэмжээ багасч улмаар 2013 оны эхний хагас жил гэхэд өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 42 хувиар буураад байна.
Гадаадын хөрөнгө оруулалт буурахад дэлхийн эдийн засгийн байдал, зарим хууль, эрх зүйн зохицуулалт, Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын эхний үе шат дуусгавар болж, хоёр дахь үе шатны хөрөнгө оруулалт зогссон зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байна. Ялангуяа өмнөх Улсын Их Хурал тооцоо судалгаа муутай хууль баталсанаас улс орны эдийн засагт хүндрэл бэрхшээл учирч байна.
  Энэ бүхнийг харгалзан үзээд Засгийн газраас “Хөрөнгө оруулалтын тухай”, “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай”, “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, ”Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай”, ”Хөрөнгө оруулалтын сангийн тухай” хуулиудыг холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиудын хамт өргөн барьсан юм.
  Эдгээр хуулиудад Монгол Улс хөрөнгө оруулалтын татварын эрх зүйн орчныг тогтвортой байлгах, гадаад, дотоод гэж ялгахгүйгээр хөрөнгө оруулагчдын нийтлэг эрх зүйн баталгааг хангах, Түгээмэл тархацтай ашигт малтмалын харилцааг ашигт малтмалын хуулиас салгаж бие даасан хууль болгоод улмаар орон нутагт зөвшөөрөл олгох эрх, хяналт тавих үүргийг шилжүүлэх, Монгол Улсад ашигтай төслийн татварын орчинг тогтворжуулах замаар хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, төрийн хүнд суртлыг бууруулж, бизнесийн орчныг сайжруулах, аж ахуйн нэгж, бичил уурхайчдын олборлосон алтыг худалдан авах, экспортлох, алтны хөдөлгөөний бүртгэл, тооцоог эрхлэх асуудлыг Монголбанкны бүрэн эрхэд хамааруулах зэрэг олон асуудлыг тусгасан байна” хэмээсэн.
Гэтэл түүний энэ хэлсэн үгтэй зэрэгцэн иргэний нийгэм, төрийн бус байгууллагууд эсэргүүцлээ илэрхийлж, Төрийн ордон руу сум тавив. Ингэхдээ өмнөхтэй адил нум сум тавьж цонх хагалсагүй, галт сум тавьж хүн шархдууллаа.
Хөдөлгөөнийхөн үүнийгээ байгаль орчны төлөө хийж байгаа тэмцэл хэмээн тайлбарлаж байна. Тодруулбал, бидний нэрийг нь бүтнээр нь дуудаж чаддаггүй “Урт нэртэй хууль”-ийн хэрэгжилтийг бүрэн хангахыг тэд Засгийн газраас шаардаж ийм үйлдэл хийсэн нь энэ. Өөрөөр хэлбэл, энэ хууль батлагдан гарснаас хойш хэрэгжээгүй гэхэд болно. Хуулийн хүрээнд хязгаарлалтын бүсэд багтсан компаниудад төр нөхөн олговор өгөх чадамжгүйгээр харуулж, олон жил дуншсан. Тэгвэл саяхан Уул уурхайн сайд Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх тулд эл хуулийг дагаж мөрдөх журмын төслийг УИХ-ын даргад өргөн барьж, ээлжит бус чуулганаар хэлэлцэж өгөхийг хүссэн. Үүнийг хэлэлцэж баталбал, хязгаарлалтын бүсэд ороод байсан зарим орд газрын үйл ажиллагааг сэргээж, түүнд хөрөнгө оруулаад байсан аж ахуйн нэгжүүдийг эргүүлэн татах зорилготой. Гэхдээ бүх орд газар, уурхайг сэргээх биш гэдгийг тус хуулийн төсөлд тодорхой заасан байсан. Хууль батлагдахаас өмнө олгогдсон тусгай зөвшөөрлүүдийг үргэлжлүүлэн ашиглах бол хууль батлагдсанаас хойш олгогдсон тусгай зөвшөөрлийг ашиглалтын болон хайгуулынх гэдгээс нь хамаарч хаахаар тусгасан байв.

Энэ хуульд туссан энэхүү утга агуулга нь Төрийн бус байгууллагынхны дургүйцлийг хүргэжээ. Угийн цөстэй гэдгээ харуулсан “Гал үндэстэн” холбооны Г.Мөнхбаяр тэргүүтэй нөхдүүд буу шийдэм болсон нь анхны тохиолдол биш. Өмнө нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Сентерра гоулд компанийн техник хэрэгслүүд рүү буудаж байсан. Мөн Өвөрхангай аймгийн Уянга суманд буудаж л байсан. Харин энэ удаа Төрийн ордон руу буудлаа. Тэд буугаар тогтохгүй тэсрэх бөмбөг хэд хэдийг Төрийн ордны ойролцоо байрлуулсан байсныг тусгай, хүчнийхэн илрүүлж аюулгүй болгов. Тэрчлэн БОНХЯ болон УУЯ-ны ойролцоо тэсрэх бөмбөг байрлуулсан гэх мэдээлэл Цагдаагийн Ерөнхий газрынхны чихэнд ч хүрч олныг сандаргаж байна. Хэдийгээр толгойлогч нарыг нь барьж хорьсон ч цэргүүд нь яахаас ч буцахгүй гэдгээ харуулж, Улаанбаатарыг минажуулах ажлыг хийсээр байгаа бололтой.
Ийн хөрөнгө оруулалтыг даллах ээлжит бус чуулган эхэлж, Төрийн дуулал эгшиглэх мөчид эх орноо өмөөрсөн үү эсвэл шоудахыг хүссэн үү, хэсэг нөхөд буун дуу гаргаж олныг цочирдуулав.
Хоёр жилийн өмнө Сүхбаатарын талбай дээр морь малтайгаа ирж, гэр бараагаа барьж хаваржиж байсан “Гал үндэстэн” хөдөлгөөнийхөн энэ намар Чингисийн талбайд ирж намаржих вий дээ. Юутай ч ээлжит бус чуулган сүр дуулиантайхан эхэллээ.

Д.Намнан


 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан