Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ШИНЭ БА ШИНЭВТЭР ЖИГҮҮРҮҮД
Улс төрийн намуудад шинэчлэл зайлшгүй хэрэгтэй байгааг цаг үе шаардаж байна. Нэг хэвэнд цутгасан мэт хоорондоо дэндүү адилхан өнгө төрхтэй хоёр том нам бүрджээ. Шинэчлэгдэж, өөрчлөгдөж чаддаггүй, хуучинтайгаа зууралдах сонирхол аль альд нь бий.  Цонхоо дориухан шиг нээж агаар салхи оруулахыг хоёр намын томчууд хүсэхгүй хэвээр. Өнгө төрхөө өөрчлөх сонирхолгүй АН, МАН-ынханд үнэнийг нь хэлж, ойлгуулах гэж жигүүрүүд ч байгуулагдлаа. Гэсэн ч бахь байдгаараа л. Тэд эсэргүүцлээ илэрхийлж, үгээ хэлж буй ч үр дүнд хүрэх эсэх нь тун эргэлзээтэй. Улс төрийн амьдралд голлох үүрэгтэй хоёр том намын дэргэд жигүүр ургасан учир хэн, яах гэж, юунд хүрэх гэж тэмцэл эхлүүлэв гэдгийг сонирхох хэрэгтэй болов уу.  

СӨРӨГЧГҮЙ АН-Д ЖИГҮҮР УРГАЖ ЧАДАХ УУ

Ардчилсан нам фракцуудынхаа хажуугаар жигүүртэй болчихлоо. Фракцуудаа хүлээн зөвшөөрдөг АН-д өөр нэг шинэ бүлэглэл нэмэгдэв. Жигүүр гэхээр далдуураа маш том ашиг сонирхолтой хэдэн хүний нэгдэл гэж ойлгодог. Албан тушаалд хүрэх гэсэн хэд нь жигүүр ургуулж хэсэг хугацаанд бужигнуулж байгаад намждаг жишигтэй. Харин АН-д өдөлж буй жигүүр бусдаас өөр юм байх. Цөөн хэдийн ашиг сонирхол биш нийтийн тусын тулд байгуулсан гэж УИХ-ын гишүүн асан А.Мурат хэлэв. Албан тушаалд шунаж ийм зүйл хийгээгүй гэнэ. Одоогоор ил гарч, намынхаа удирдлагыг шүүмжилж байгаа нь экс гишүүн А.Мурат. Түүнтэй намынх нь бүх фракцын төлөөлөл нэгдэж буй гэнэ. Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд нь шинэчлэгдэхгүй бараг хоёр жил болж байгаа аж. Жил бүр гишүүдээ өөрчилж байх ёстой атал олигтойхон хуралдаж чадахгүй байна хэмээн жигүүрийг санаачлагч ярьсан юм. Ер нь, улс төрийг сонирхол татам болгож байдаг АН-ын зан ааш засгийн эрхийг барьснаас хойш эрс өөрчлөгдсөн. Ядаж л намынхаа Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг дуулиан шуугиантайгаар хийж, үйл явдал ар араасаа ундарч байдаг нь түүх болов. Сүүлийн үед ҮЗХ-ны хурал нь  жирийнээс жирийн болж, тэгсгээд хуралдсан болоод дуусдаг болчихоод буй. Шүүмжлэл, гомдол, талцал, тэмцэл өрнөж байж л АН буцалж байгаагаа мэдрүүлдэг байв.
Засгийн газарт бүх фракцын төлөөлөл багтаж, дор бүрнээ завгүй болсон учир болохгүй, бүтэхгүй байгааг нь хэлж өгөх хүнгүй болчихоод байна. Ширүүн үг шидэж, шүүмжилж байдаг эсэргүүцэгчид ч ам нээхээ больж. Тиймээс л алдааг нь хэлээд өгчих хэн нэгний орон зай эзгүйрчихлээ. Гэхдээ энэ жигүүрлэгчдэд намынхаа удирдлагуудыг шүүмжилж, ойлгуулан цочроо өгөхөд хүч хүрэх болов уу. Фракцуудын төлөөлөл жигүүрийг дэмжсэн гэх ч нэр усыг нь зарласангүй. Жигүүрийг дэмжиж буй эсэхийг нь асуухад АН-ынхан хариултаас бултах маягтайдуу л байна. Дэмжсэнээ ил хэлэхээр фракц нь адлуулчих гэдэг. Чимээгүй яваад байж болдоггүй дунд нь гацчихсан хүмүүс ч мэр сэр бий аж. Ямар нэг албан тушаал хүсээгүй шүү гэж жигүүрийн ганц ил төлөөлөгч онцгойлон хэлсэн байна билээ. Зарим эх сурвалж АН-ын жигүүрийнхнийг Засгийн газарт сайдын суудал горилж байна гэх. Гэхдээ хашиж байсан албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр буусан түүнийг сайдын суудлын төлөө жигүүр байгуулж гүйгээгүй гэж найдаж байна. Үнэхээр ямар нэг амбиц хөөж намаа цэвэрлэх аян эхлүүлээд байгаа бол МАН-ынхнаас ялгарахгүй болно. Тэглээ гээд ганцаараа урсгал сөрж зогсоод амжилтад хүрэхэд хүч дутна. Өөрсдийн алдаагаа олж харж чадахаа болиод буй АН-ынханд үнэнийг улаан нүүрэн дээр нь хэлчих зоригтон яахын аргагүй үгүйлэгдэж байна.      

ХЭДЭН ТИЙШЭЭ ХАРСАН МАН-ЫН ОТГОН ЖИГҮҮР

Түүхэндээ хамгийн олон удаа жигүүр ургуулж үзсэн нам бол МАН. Харамсалтай нь, эднийд ямар ч жигүүр далиа дэлгэж, хүчээ авч байгаагүй нь гашуун үнэн. Зүгээр л албан тушаал, эрх мэдэлд очих нэг зэвсгээ болгосон гэхэд буруудахгүй биз. Отгон жигүүр болж бүртгэгдсэн “Шинэчилье” хөдөлгөөнийхөн ч тэднээс ялгаагүй гэж үзэж байгаа олон. Намынхаа удирдлагуудыг хариуцлага хүлээлгэж, шинэчлэл хийхийг хүссэн хөдөлгөөний залуус дотроо хагаралдаж, анхныхаа байр сууриа буцаж буй гэнэ. Уг нь анх тэд зоригтой дуугарч байсан ч зарим нь замын дундаас сугарч үлдэх боллоо. Намынхаа бүтэц, үйл ажиллагаа, зохион байгуулалтыг шинэчлэх хүсэлтэй тэд өргөх бичиг барьж, үе үе хэвлэлийн бага хурал хийж, сенсац дэгдээх дуртай.
УИХ-ын залуу гишүүд болох Н.Номтойбаяр, О.Содбилэг, Ж.Эрдэнэбат нараар толгойлуулсан отгон жигүүрийнхний идэвхи харин сүүлийн үед сулраад байгаа нь илт анзаарагдах болов. Бариастай байсан гэрийг маань хулгай авчихлаа гэх мэт тулга тойрсон хэрүүл л хийх аж. МАН-ын Их хурлаас өмнө тэднийг дарж авах гэж санаатайгаар чулуу шидэж дотор нь хагаралдуулж байгаа ч дуулдана. Ямар ч аргаар хамаагүй тэднийг дуугүй болгох сонирхол томчуудад байгаа нь мэдээж.
Бага хурлын өмнө өдөр бүр шахуу чанга дуугардаг байсан жигүүрийн залуучууд хурлын үеэр хулхи нь буусан байсныг хараад тэдэнд эргэлзэж эхэлсэн. Жигүүр байгуулаад удалгүй албан тушаалтай, эрх мэдэлтэй болчихоод сураг алдардаг жишиг МАН-д байдаг болохоор тэр. Намын удирдлагууд нь ч гэсэн ямар нэг хүсэлтийг нь ёсоор болгож өгөөд өөрсдөө амар жимэр суудаг. Гэхдээ одоо тэдэнд бусдын амыг таглах албан тушаалын амлалт өгөх боломж байхгүй. Тэгэхдээ л юмыг яаж мэдэх билээ. Гэнэт чив чимээгүй болох шалтгаантай л байж таарна.   
“Шинэчилье” жигүүр гараанаас хүчтэй хөдөлсөн шигээ бариагаа сайн хийх боломж байсан. Том дуугарч байсан МАН-ын залуусаас шинэ мэдээ сонсогдохоо ч байлаа, ийм амархан далиа хумих байсан юм бол яах гэж сүр дуулиан болж, сүржигнэсэн юм бол гэсэн асуулт гарч ирнэ. Нөгөөтэйгүүр тэднийг намынхаа удирдлагуудтай аль хэдийнэ тохиролцоонд хүрчихээд шууд зогсоочихож чадахгүй учраас үлгэн салган яваад байна гэж хардах нь бий. Ямар ч байсан ирэх сарын 27-нд болох МАН-ын Их хурлаас олон зүйл хүлээж байгаа гэх “Шинэчилье” хөдөлгөөнийхөн үнэхээр жигүүр  мөн үү гэдгээ батлах шаардлагатай. Жигүүр болж чадах уу гэдэг сорилтыг тэд давж дөнгөх болов уу. Тэднийг Их хурал л шалгах нь ээ.

Л.Номин

0 Сэтгэгдэл
Tsag ni bolson. Myrat bidh bsn ch uur xen neg ni xodlox l bsan bx gej bodoj bn.
хууль бусаар хөрөнгөжсөн энэ товарищууд нийгэмд нэг их өөрчлөлт гаргаж зөв гольдрилд оруулна гэдэгч ёстой лөөлөө биз дээ.
Хамгийн их уншсан