Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.АЛТАНХУЯГ: “ХАС” ТОМ БАНК БИШ
Ерөнхий сайд Н.Алтанхуяг долоо хоног бүрийн пү­рэв гарагт 30 минут сэт­гүүлчидтэй уулзаж, сонирх­сон асуултад нь хариулдаг уламжлалтай. Энэ удаагийн уулзалтын эхэнд тэрээр Япон улсад хийсэн айлчлалаараа ямар асуудал хэлэлцсэн талаар дуулгав. Өнгөрсөн гуравдугаар сард Японы Ерөнхий сайд манай улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ түүнийг урихын зэрэгцээ хоёр орны хамтын ажиллагаанд нэлээн ахиц гаргасан юм. Ерөнхий сайдын Японд хийсэн айлчлалын хүрээнд стратегийн дунд хугацааны хөтөлбөрийг гүнзгийрүүлэх талаар ярилцаж, Монголын брэнд бүтээг­дэхүүнийг дэлхийд таниу­лахад хамтрахаар бол­жээ. Мөн тус улсын хувийн хэвш­лийнхэнтэй уулзалт зохион байгуулж, Японы визийг хөнгөвчлөх талаар ярилцсан байна. Уулзалтын үеэр тэрээр Засгийн газраас боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн таван хуулийн төслийнхөө талаар тайлбарласан.
Үүний дараа тэрээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд татварын хөнгөлөлт эдлэх хугацаа богино байна гэсэн шүүмжлэл гарсан. Мөн дөрвөн төрлийн татварт хөнгөлөлт үзүүлж байгаа нь харьцангуй бага юм биш үү. Өмнөх хуульд үүнээс олон төрлийн татварын хөнгөлөлт үзүүлж байсан санагдана?

-Хөрөнгө оруулагчдад үзүүлэх татварын орчны хугацаа богино биш. Оруулсан хөрөнгөнийхөө хэмжээнээс хамаарч татварын орчинг тогтоож өгч байгаа юм. Их хэмжээний хөрөнгө оруулалт хийвэл удаан хугацаанд татварын орчин хэвээр байх боломжтой. Хөрөнгө оруулалтын орчинг тогтвортой болгож байгаагаас татварын орчинг хөнгөлж байгаа юм биш. Аж ахуйн нэгжийн, НӨАТ, ашигт малтмалын нөөц ашигласны зэрэг дөрвөн татвар авч буй. Энэ нь хамгийн гол татварууд юм.
-Засгийн газраас хэрэгжүүлж буй орон сууцны жилийн найман хувийн хүүтэй зээл зогссон гэсэн яриа гарчээ. Мөн зарим банк зээлийн урьдчилгаагаа нэмсэн байна?
-Зээл зогсоогүй, үргэлжилж байгаа. “ХАС” банк урьдчилгаа төлбөрөө нэмсэн гэсэн мэдээлэл байна. Гэхдээ нягталж үзээгүй байгаа. Хэрэв урьдчилгаа төлбөрөө нэмсэн бол энэ хөтөлбөрөөс гаръя гэдгээ илэрхийлж байгаа юм байлгүй. 50 хувийн урьдчилгаа төлөөд байр авах хүн ховор шүү дээ. Урьдчилгааныхаа 30 хувийг арай ядан төлж байгаа хүмүүс олон бий. Тэгээд ч “ХАС” бол ХААН, Төрийн банк шиг том банк биш шүү дээ.
-Амины орон сууцыг найман хувийн хүүтэй зээлд хамруулна гэж байсан. Энэ асуудал юу болсон бэ?
-Бид судалж байна. Ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Өнөө маргаа­шийн дотор шийдчих асуудал биш.
-Шатахуун импортлогч компа­ниуд ам.долларын ханш өссөн сургаар зохиомлоор үнэ өсгөх гээд арга саам эрэлхийлж байгаа гэх яриа байна?
-Шатахууны үнэд ямар ч асуудал гарахгүй. Бид жилийн хугацаанд үнийн өсөлтийг тогтоон барьж чадсан. Мөн шатахууныг литр тутамд 50 төгрөгөөр бууруулсан. Аливаа бараа бүтээгдэхүүнд 10-20 төгрөгийн хэлбэлзэл гардаг. Гэтэл үүнийг зарим нэг нь улс төржүүлээд байх юм.
-УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол хийх үү. Нөгөө­тэйгүүр Хөрөнгө оруулалтын тухай хууль чуулганаар батлагдахгүй бол ямар үр дагавар гарах вэ?
-Төсөвт тодотгол хийх нөхцөл гэж байдаг юм байна. Сангийн яам төсөвт тодотгол хийх шаардлагагүй гэж үзэж байгаа юм билээ. Оюу толгойгоос мөнгө орж ирнэ гэж тооцоолоод байсан ч боломжгүй болсон. Тэгэхээр төсвийг танахаас өөр аргагүйд хүрээд байна. Төрийн албанаас зарим зүйлийг нь хэмнэнэ. Тухайлбал, шинээр ширээ сандал авах, гадаадад томилолтоор явах гэж байсан бол болиулна. Үүнээс 100-200 тэрбум төгрөг хэмнэхээр байгаа.
-Засгийн газар Монголбанктай хамт­ран “Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр” хэрэгжүүлсэн. Гэтэл ам.дол­ларын ханшийн өсөлтөөс болж өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдээд байдаг. Энэ асуудалд та хэрхэн хариулах бол?
-Өнгөрсөн долоо хоногтой харь­цуулахад валютын ханш эрс буурсан. Хоёр сарын хугацаанд валютын ханш түр зуур өссөн. Ам.долларын ханш чангарсан хугацаанд элсэн чихэр, цагаан будаа, ургамлын тосны үнэ нэмэгдсэн. Засгийн газар ийм тохиолдолд тодорхой нөөцтэй байх шаардлагатай юм билээ. Өөрөөр хэлбэл, нөөцөөс гаргаж, үнэ тогтворжуулах замаар ажил­лах ёстой. Энэ жил шатахуун, мах, гурил, барилгын материал, тээвэр гэсэн таван чиглэлд “Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр” хэрэгжүүлсэн. Үр дүнгээ ч өгөөд байгаа.     
-АН-д бужигнаан үүсч эхэллээ хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байна. Уг мэдээлэлд та тайлбар өгөхгүй юу?
-АН сүүлийн таван жилд тогтвортой, нам шиг нам байсан. Хамгийн ил тод, нээлттэй тогоон доторхи зүйлээ уудалж, гаргадаг үлгэр жишээ нам. Өмнө нь дотроо маргалдаж, дэвэрч байсан бол одоо чөтгөрийн тоо цөөрсөн. Манай намд ямар нэгэн бужигнаан болоогүй.  

С.Заяа
0 Сэтгэгдэл
Ерөнхий сайд төвийг барьж эдийн засгаа удирдаач. 13 банкныхаа алийг том жижгээ ч мэдэхгүй, хас бол 4 дэх том банк, системийн банк. Системийн банк гэж юуг хэлдгийг мэдэх болов уу. Банкны системд нөлөө үзүүлэх хэмжээний 4-5 том банкаа тэгж хэлдгийн шүү дээ. Тэгэхээр жижиг гэж зүгээр л ярих нь өөрийнхөө юу мэддэг мэддэггүй харуулж бна. Эдийн засгийг удирдах хүний хувьд судлах, мэдэх хэрэгтэй шүү
Хамгийн их уншсан