Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Зориг агсныг журмын нөхөд нь эргэн дурслаа
Өдгөөгөөс яг 15 жилийн өмнө, намрын нэгэн өглөө Монгол Улсын төр нийгмийн зүтгэлтэн, Ардчилсан хувьсгалын хөдөлгөөний удирдагчдын нэг Санжаасүрэнгийн Зориг бусдын гарт амь насаа алдсан хар мэдээ олныг түгшээсэн юм. Хар баасан гариг хэмээн нэрлэсэн тэр өдрөөс хойш С.Зоригийг хэн хөнөөснийг өдий болтол хууль хяналтынхан илрүүлээгүй байна. Энэ хэргийг илрүүлнэ хэмээн шоу хийж УИХ-ын гишүүн болж байсан хүн нь ч улиг болон магтагдах дөхөж.
Харин түүний ах, дүү хамаатан садан, түүнтэй хамт мөр зэрэгцэн зүтгэж явсан ардчилагчид жил бүрийн энэ өдөр С.Зориг агсныг дурсан санаж хөшөөнд нь цэцэг өргөдөг уламжлалтай. Энэ л уламжлалаар өчигдөр С.Зориг агсны журмын нөхөд, ах, дүүс нь цэцэг өргөн гашуудлаа.
Цэцэг өргөх ёслолд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, түүний төрсөн дүү БОНХ-ийн сайд С.Оюун, Иргэний Зориг Ногоон намын гишүүд, дэмжигчид болон С.Зориг агсантай Ардчиллын үйл хэрэгт хамтран зүтгэж асан журмын нөхөд, төрөл төрөгсөд  нь болон түүнийг сэтгэл зүрхэндээ хүндэтгэдэг эгэл жирийн иргэд оролцлоо.

С.Оюун: Ахтай холбоотой хэрэг явдал хэзээ нэгэн цагт заавал илэрнэ

БОНХ-ийн сайд С.Оюунаас С.Зориг агсны хэргийн талаар дараахь асуултад хариу авсан юм.

-С.Зориг агсны амь насаа алдсан энэ өдрийг санагалзаж, гашуудсаар 15 жил өнгөрлөө. Хэрэг илрэх явц ямар байна вэ?
-Би энэ хэргийн талаар холбогдох газруудаас байнга асууж, сурагладаг. Гэвч хэргийн талаар нарийн ширийн зүйл хэлдэггүй юм. Мөрдөн байцаалтын явцад саад тодгор учрана гэдэг үүднээс мэдээллийг ард түмэнд тэр болгон өгөөд байж болдоггүй юм шиг байгаа юм. Нөгөөтэйгүүр мөрдөн байцаалтын нууц нэрээр юу ч хэлэхгүй байж болохгүй байх. Ард түмэн энэ хэргийг илрээсэй гэж маш олон жил хүлээж, харж байгаа. Мөн иймэрхүү хэргүүд илрэхгүй байгаа нь улс төрийн сэдэлтэй гэмт хэргүүд илэрдэггүй юм байна гэсэн буруу ойлголт нийгэмд төрөх вий гэдэгт эмээж, харамсч явдаг юм. Монгол Улс ардчилсан хувьсгалыг эхлүүлэхдээ тайван замаар хийж чадсан атлаа замын дунд нэгийгээ егүүтгэх шаардлага байсан ч юмуу даа гэж бодогддог. Хэргийн хохирогч нь мэдээж манай гэр бүл. Тиймээс ахтай холбоотой хэрэг явдал хэзээ нэгэн цагт заавал илрэх ёстой.
-Таны ах С.Зориг “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж хэлсэн байдаг. Та Монгол хүний юунд итгэдэг вэ?
-Тийм ээ. Миний ах “Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж хэлсэн. Би ч гэсэн монгол хүнд итгэдэг. Хүн сайнтай, муутай байдаг байх. Гэхдээ муу нь сайныгаа давамгайлж болохгүй, сайн нь давамгайлах ёстой. Сайн зүйлийн төлөө явах ёстой, цаашид ч гэсэн монголчууддаа итгэнэ.
 
Г.Ганхүү: Би энэ хөшөөн дээр 30 дахь удаагаа ирж байна

Иргэний Зориг ногоон намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ганхүүгээс С.Зориг агсны хэргийн талаар тодруулахад, “Хэрэг гарснаас хойш 15 жил өнгөрөхөд би 30 дахь удаагаа ирж байна. Ирэх болгондоо төр засгаас хэргийн илэрц ямар байгааг асуухад нэг зүйлийг хэлсээр өдийг хүрсэн нь итгэл алдархад хүрч байна. Хэрэг хуучирдаггүй гэдэг. Ямар  ч байсан энэ хэргийг илрүүлэх нь монгол төр эрүүлжихэд хэрэг болно гэж боддог.
Манай улсын цагдаагийн байгууллага гэмт хэрэг илрүүлэлтээрээ нэлээд сайн гэдэг юм билээ. Тэр тусмаа иймэрхүү хүнд төрлийн гэмт хэргүүдийг илрүүлэхдээ сайн. Тиймээс энэ хэргийг илрүүлэх байх гэж найдаж байна.

Б.Галхүү
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан