Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Оюундарь: Жигүүрийнхний тавьж байгаа шаардлага зөв зүйтэй
Ардчилсан намд жигүүр байгуулагдаж, АН дотор байгаа хууль бус зүйлтэй тэмцэнэ гэдгээ илэрхийлээд байгаа. Тэрчлэн Засгийн газрын хариуцлагагүй ажилласан хэд хэдэн сайдыг огцруулах тухай мэдээлэл ч бий. Мөн өчигдөр тус жигүүрээс намын дарга Н.Алтанхуягт шаардлага хүргүүлж, “Үндэсний зөвлөлдөх хороо”-гоо яаралтай хуралдуулахыг хүссэн. Дээрх асуудалтай холбогдуулан АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундариас цөөн асуултад хариу авлаа.

-Ардчилсан намд байгуулагдсан жигүүрээс Засгийн газрын хариуцлагагүй ажилласан хэд хэдэн сайдад хариуцлага тооцох тухайгаа мэдэгдээд буй. Та үүнийг намын генсекийн хувьд юу гэж үзэж байна вэ. Олон нийтийн дунд энэ нь АН дотроо хагаралдаж, хөнжилдөө хөлөө жийлцээд байна уу гэсэн хардлага төрөх боллоо?
-Хагарал гэхээсээ илүүтэй, алдаа гарсан бол эрт нь засаад явъя гэсэн шаардлага байна гэж харж байгаа. Энэ бол зөв зүйтэй шаардлага.

-Сайд нарт хариуцлага тооцохоор Засгийн газрын танхим тэр чигтээ ганхах юм биш биз дээ?
-Албан тушаал дээр байгаа хүн насаараа тэр албыг хашихгүй шүү дээ. алдаа гаргавал тэр дороо хариуцлагаа хүлээх ёстой. Алдаа гарсан нь дүн тавих цаг болсон уу, үгүй юу, сайн дүн тавих уу, муу дүгнэх үү гэдэг нь гол асуудал.

-Мөн жигүүрийн зүгээс АН-ын даргад хандаж ҮЗХ-ны хурлаа яаралтай хуралдуулахыг шаардсан байсан. ҮЗХ-ыг ойрын хугацаанд хуралдуулах боломж байна уу?
-Жигүүрээс АН-ын дарга Н.Алтанхуягт шаардлага хүргүүлсэн. Намын даргын зүгээс энэ шаардлагыг хүлээж авч, танилцаж байна. ҮЗХ-г хуралдуулах боломжтой. АН-ын ҮЗХ жилд хоёр удаа хуралдах ёстой. Тэгэхээр нам 9-11 сарын алинд нь хуралдуулах вэ гэдгийг дотроо шийдвэрлэнэ.

-АН улс төрийн намуудаас хамгийн түрүүнд намынхаа дүрэм журмыг өөрчлөх ажлыг эхлүүлж, бусад намд ч уриалж байсан санагдаж байна. Тэгэхээр энэ ажил ямар шатандаа явж байна вэ?
-Намын дүрмийг анхан шат болон Гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцүүлсэн. Энэ бол сүүлийн гурван жилийн хугацаанд яригдаж байгаа зүйл. Дүрэм учир дугатгдалтай, тулгамдсан асуудлыг шийдэж чадахгүй байна гэсэн үүднээс үндсэн дүрмээ өөрчлөхөөр хэлэлцэж байна. Өнөөдрийн улс төрийн намуудын мөрдөж байгаа хууль, эрхзүйн орчноор манай намын шинэ дүрмийг шууд батлах боломж, бололцоо байхгүй. Тиймээс улс төрийн намын тухай хууль гарах хүртэл хойшлуулъя гэсэн юм. Жигүүрийнхний тавиад байгаа зарим шаардлага нь зөв зүйтэй. Байгаа дүрмээ баримтлах л ёстой.

Б.Галхүү

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан