Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөрөнгө оруулалт даллах хуулиа баталчихлаа. Одоо...

Монголын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй болсныг гадаадын хөрөнгө оруулалт буурсантай холбон тайлбарлаж, энэ салбарын хууль эрхзүйн орчинг сайжруулах ёстой хэмээн Засгийн газраас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл боловсруулж, УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлсэн. Ээлжит бус чуулганы хугацаанд амжиж баталж чадаагүй учраас үргэлжлүүлэн хэлэлцэж, УИХ-ын намрын чуулганы эхэнд баталлаа. Манайд хөрөнгө оруулалтын хууль эрхзүйн орчинг зохицуулсан хоёр хууль мөрдөгдөж байв. Энэ нь Гадаадын хөрөнгө оруулалтын тухай болон Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль юм. Харин шинэ хуулиар хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоод гэж ялгалгүйгээр бүгдэд нь зориулсан эрхзүйн орчинтой болж байгаагаараа онцлогтой.

Хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцэх явцад цөөн тооны томоохон хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлээд бусдыг нь хөсөр хаях гэж байна хэмээн шүүмжилж байсан ч хэлэлцүүлгийн явцад зарим зүйл заалтыг нь зассан байна. Өөрөөр хэлбэл, уг хуулийн төсөлд гишүүд 90 орчим зарчмын зөрүүтэй санал оруулж, ажлын хэсэг, намын бүлгүүд хэлэлцсэний дүнд хөрөнгө оруулагчдын хүсэн хүлээсэн хууль болсон хэмээн гишүүд үзэж байна. Уг хуульд дөрвөн төрлийн татварын хөнгөлөлт үзүүлэхээр тусгасан. Үүний хамгийн чухал нь “Хөрөнгө оруулалтын хэмжээ 15 тэрбум төгрөгөөс давсан, эдийн засгийн хөгжилд нийцтэй, байгаль орчинд ээлтэй, шинэ технологи нэвтрүүлсэн, ажлын байр нэмэгдүүлсэн төслүүдэд 5-10 жилийн хугацаанд дөрвөн төрлийн татварын хувь хэмжээг тогтвортой байлгах” заалт байсан бол энэхүү хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацаа нь бүс нутгаас хамааран уян хатан байхаар боллоо. Өөрөөр хэлбэл, тогтворжуулах гэрчилгээний хугацааг хөрөнгө оруулалтын төслийн үйл ажиллагааны салбар, байршил, хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаарч ялгаатай буюу 5, 8, 10, 15 жилийн хугацаатай олгохоор өөрчлөх, хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтаа хийж дуусгах хугацааг тогтоож өгөх, тогтворжуулах гэрчилгээ олгох эсэх асуудлаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Зөвлөл ажиллуулах саналуудыг ч тусгасан байна. Гэхдээ энэ нь уул уурхайн олборлолт, хүнд үйлдвэр, дэд бүтцээс бусад салбарт гэдгээрээ онцлогтой.

Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдснаар өмнөх парламентын үед буюу 2012 оны сонгуулийн өмнө баталсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль хүчингүй болохоор байсан ч жилийн өмнө баталсан хуулиа өөрчилж буй нь хөрөнгө оруулагчдад тогтворгүй хууль эрх зүйн орчинтой гэх ойлголт төрүүлэхээр байна гэж шүүмжлүүлнэ хэмээн зарим гишүүн хэлж байв. Тиймээс энэ хуулийн гол агуулгыг хадгалж үлдэхээр шийдэв. Тодруулбал, “гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тодорхойлолтыг өөрчлөх, уул уурхай, банк, харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийн 33, түүнээс дээш хувийг гадаад улсын төрийн өмчит хуулийн этгээд эзэмших бол хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авч байх” заалт нь хэвээр байхаар боллоо. Уг хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад МАН-ын бүлгийн гишүүд “шинээр татвар бий болгох хуулийн өөрчлөлтөд тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээдийг хамруулахгүй байх” заалтыг нэмж тусгах саналыг гаргасан ч дэмжлэг авсангүй. Үүнд, эгдүүцсэн МАН-ынхан “Хоёр намаас гарсан ажлын хэсгийнхэн сайн ажилласан. Гэхдээ гэнэтийн ашгийн 68 хувийн татвар гэдэг шиг шинэ татвар гараад ирвэл яах юм. УИХ-ын гишүүн хууль санаачлах эрхтэй учраас гэнэт нэг татвар гараад ирэх магадлалтай. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг бодоод дараа гарч ирэх шинэ татварыг ч дөрвөн төрлийн татварын адил хуульд багтаах хэрэгтэй”  гэхэд Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар “Та нарын санаа зовоод байгаа зүйлд хөрөнгө оруулагчид сэтгэл түгших хэрэггүй шүү дээ. Эдийн засгийн байнгын хороонд бүх намуудын төлөөлөл бий. Бүгдээрээ хэлэлцээд л олонхийн зарчмаар шийдсэн” гэв. Ингээд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг олонхийн саналаар дэмжин баталлаа.
Харин үүний дараа Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, түүнийг дагалдан гарах Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Компанийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Инновацийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. 

Хуулийн төсөлд хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа явуулах хугацааг хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрээс үл хамаарч 10 хүртэл жил байх, Хөрөнгө оруулалтын сангийн гишүүний бүртгэлийг тухайн санд хөрөнгө итгэмжлэн удирдах үйлчилгээ үзүүлж байгаа хөрөнгө оруулалтын менежментийн компани сангийн нэгж эрхийн тухайлсан бүртгэлд үндэслэн хөтлөх, нэгж эрхийн тухайлсан бүртгэлийг тухайн санд үйлчилгээ үзүүлж байгаа кастодиан хөтөлж байх, Хөрөнгө оруулалтын сангийн нягтлан бодох бүртгэлийг менежментийн компани гүйцэтгэх бөгөөд тус компани нь Хороонд бүртгүүлсэн, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу эрх авсан мэргэшсэн нягтлан бодогчоор гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх зэрэг өөрчлөлтийг тусгасан аж. Хуулийн төсөлд тусгаснаар Хөрөнгө оруулалтын сан нь хамтын болон хувийн хөрөнгө оруулалтын гэсэн хоёр хэлбэртэй байх юм байна.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан