Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Энхболд: Нэгэнт сонгогдож, бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа гишүүдийг эргүүлэн татах боломжгүй
УИХ-ын 15 дугаар тойрог буюу Увс аймгаас УИХ-д сонгогдсон Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын мандатыг хүчингүй болгох асуудлыг СЕХ шийдвэрлэх л үлдлээ гэсэн мэдээллийг АН-ын удирдлагууд өгсөн. Тэгвэл нэгэнт УИХ-ын гишүүнээр сонгогдсон, бүрэн эрх нь батлагдсан гишүүнийг эргүүлэн татах боломжгүй гэж МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж, мэдээлэл хийлээ.
Тэрээр, “Сүүлийн үед Ардчилсан намаас Увс аймагт нэр дэвшээд сонгуульд ялагдсан зарим хүн манай намаас сонгогдоод бүрэн эрхээ хэрэгжүүлээд явж байгаа Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл явуулж байна. Үүнтэй холбогдуулан Ардын намын бүлгийн даргын хувьд тайлбар хийе. Сонгуулийн ерөнхий хороо бол сонгуульд нэр дэвшсэн хүмүүсийг сонгуульд оролцож байгаа болон оролцсон байдал, дүнг нь гарган УИХ-д асуудлыг өргөн мэдүүлсэн. Үүгээр тэдний хийх ёстой ажил дуусдаг. Харин өнөөдрийн тохиолдолд хоёр гишүүнийг СЕХ-ноос ном журмынх нь дагуу өргөн мэдүүлээд, бүрэн эрхээ хэрэгжүүлсэн хойно нь янз бүрийн асуудал гарсан. Шүүхээр шалгаад гишүүд буруугүй гэдэг нь тогтоогдчихсон. Гэтэл үүний хойноос дахин дахин улс төрийн үйл ажиллагаа явуулж, энэ гишүүдийг татах ёстой ч юм шиг ярьж байгаа нь огт буруу. Дахиад хэлэхэд СЕХ нэр нь дэвшээд сонгогдсон хүмүүсийг өргөн мэдүүлээд үйл ажиллагаа нь дуусдаг. Харин өргөн мэдүүлсний дараа гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлдэг юм. Сонгуулийн тойргийн хороотой холбоотой асуудал яригдаад, цэгцэрсэн. Тэгэхээр ийм асуудал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Манай хоёр гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлээд явна. Харин буруу мэдээлэл тарааж буй Ардчилсан намын зарим удирдлага энэ үйл ажиллагаагаа зогсоох хэрэгтэй гэдгийг шаардаж байна” гэсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан