Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТӨСӨВ НЬ НУГАРЧ ӨСДӨГ ТӨРИЙН БАРИЛГУУДАА ЯАХ ВЭ

“Монголд асар их мөнгө бий, гэхдээ бүгд үрэгдэж байна” хэмээн Ерөнхий сайд халаглав. Энэ төсөвтэй холбоотой үг. Төсвийн зардлаар маш олон барилга байгууламж барихаар төлөвлөж. Соёлын төв ордон, сургууль, цэцэрлэг, спорт заал, эрүүл мэндийн төв, сурагчийн дотуур байр, яам, тамгын газар, нэгжүүдийн өргөтгөл, шинэчлэл.
Эдгээрээс гадна төрийн ажил гүйцэлдүүлэхэд шаар­дагдах урсгал болон тогтмол зардлыг мартаж болохгүй. 2013 онд монголчууд долоон их наяд 88 тэрбум 300 сая төгрөг төсөвлөж, түүнийгээ үржээ. Харин маргааш буюу пүрэв гарагт Ерөнхий сайд УИХ-ын чуулганд ирэх жилийн төсвийн төсвийг танилцуулах юм. Үүний урьтал болгож “Шинэчилж шийдье” уулзалт зохион байгуулаад бүх яамны Төрийн нарийн бичгийн дарга, газар, агентлагийн төлөөллийг оролцуулав. Ийнхүү бүгдийг цуглуулсан нь цаанаа учиртай.


2014 онд нэг ч шинэ барилга барихгүй...

Уулзалтын эхэнд төсвөөр маш их барилга захиалдаг, ажил нь олон жил үргэлжилдэг, оноос он дамжихад зардал нь хэд дахин өсдөг тухай Ерөнхий сайд сануулав. Товчхондоо, ямар ч барилгын өөрийнх нь үндсэн зардлын 40 хувь нь цаг хугацаанаас хамааралтай хий өсөлт байдаг аж. Өнөөдрийг хүртэл барьж, ажиллаж, засварлаж, хүлээгдэж ирсэн барилгын төслүүдэд анхаарал хандуулж, нягтлахгүй бол ирэх жил нэг ч шинэ барилга барихгүй. Учир нь, түүнд шаардлагатай хөрөнгийг “хуучин” барилгууд ховх сорчихоод байгаа аж. Энэ талаар Сангийн яамны Нэгдсэн төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Батхүрэл танилцуулав.
Жилээс жилд төсвөөс гаргах өртөг нь хамгийн их нэмэгдсэн барилгын төслүүдийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд барих усан бассейн тэргүүлжээ. 2011-2014 онд барьж дуусгах төлөвлөгөөтэй барилгын анхны төсөв 800 сая төгрөг байсан гэнэ. Жилээс жилд өсч явсаар 2014 оны төсөвт тусгахаар экспертиз хийхэд 4.5 тэрбум төгрөг хүрч 4.4 дахин өсчээ. Өөрөөр хэлбэл, сэлэнгэчүүдээ усан бассейнтэй болгоё гэж шийдвэл ирэх оны төсвөөс 4.5 тэрбумыг тийш хуваарилах шаардлагатай. Үүний араас Завхан аймгийн төвд 800 хүний суудалтай Хөгжимт жүжгийн театр барих ажил хамгийн их өсөлттэй гарчээ. Мөн л 2011 онд эхэлсэн төсөл эхлэхэд гурван тэрбум төгрөг шаардлагатай байж. Харин ирэх оны төсвөөс 9.9 тэрбум төгрөг нэхжээ. Дуусах хугацаа нь 2015 он бөгөөд энэ янзаараа өсвөл хамгийн сүүлд 15 орчим тэрбум төгрөг шаардах бололтой. Барьж эхэлдэг, ажил нь зогсч, удааширдаг, хугацаа алдах тусам төрөөс “саах” мөнгө нь ихэсдэг байдал хэдий хүртэл үргэлжлэх вэ.
Энэ асуултад Ерөнхий сайд ингэж хариулсан юм. Өмнө нь, ингэж ажиллаж ирснийг Шинэчлэлийн Засгийн газар өөрчлөхөөр ажиллаж байгаа. 100 хувь өөрчилж чаддаггүй юм гэхэд цаашид ийм арга замаар төрийн ажил явуулж, төсвийн мөнгө үрдэг байдлыг зогсооно гэв. Нөгөөтэйгүүр, сургууль, цэцэрлэг, дотуур байр шаардлагатай байхад юун театр, усан бассейн барьж байгаа юм бэ хэмээн шүүмжиллээ. Нэн шаардлагатай байгууламжаа босгоогүй үед төсвийн хөрөнгөөр барьсан барилга хий дэмий зардал гаргадаг гэнэ. Товчхондоо бол “мангас” аж. Орон нутагт театрыг байнга ашиглахгүй, усан бассейнд эзгүй үе олон тохиодог. Тэр болгонд ус, тог, цэвэрлэгээний зардал гарна. Мөн манаач, цэвэрлэгч, үйлчлэгч гээд үргүй олон хүнийг цалинжуулах хэрэгтэй. Энэ мэтээр гаргасан зардлыг 30 тэрбум хүрсэн хэмээн Сангийн яамны төлөөлөл хэлж байв. Гэтэл энэ мөнгөөр 100 хүүхдийн багтаамжтай 40 шахам цэцэрлэг барьж болох байж.

Төсөв нь нэмэгддэг төрийн барилгуудын үргэлжлэл

Шинэчлэлийн Засгийн газарт барилга барих төсөв үлдээхгүй байж мэдэх барилгын жагсаалт дараахь байдлаар үргэлжилнэ.
• Говийн бүсийн эмчилгээ оношилгооны төв, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд. 2012-2014 онд хэрэгжинэ. Анх 2.6 тэрбум төгрөгийн төсвөөр батлагдсан ч ирэх онд 7.2 тэрбум төгрөг хүрч 2.7 дахин өссөн.
• Мянган хүнд үйлчлэх усан спорт цогцолбор, Улаанбаатар хот, Найрамдал зусланд. 2013-2015 онд хэрэгжинэ. Анх хоёр тэрбум төгрөгийн төсвөөр батлагдсан ч ирэх онд таван тэрбум болж өссөн.
• Хан Хэнтийн чуулгын барилга, Хэнтий аймгийн Өндөрхаан суманд.  2011-2015 онд хэрэгжинэ. Анх 3.5 тэрбум төгрөг байсан төсөв 2014 онд 8.3 тэрбум хүрч 2.3 дахин нэмэгдсэн.
Хамгийн удаан хэрэгжиж буй төслүүдийг ч Сангийн яамнаас боловсруулан танилцууллаа. Үүнд дараахь барилгын ажил багтаж буй юм.
• Аврах, гал унтраах ангийн барилга, Улаанбаатар хотын БЗД-ийн Гачуурт тосгонд. 2008-2014 онд хэрэгжинэ. Анхны төсөв 916 сая төгрөг байсан бол ирэх онд 2.8 тэрбум төгрөг хүрэх аж.
• 640 хүүхдийн дунд сургууль, Улаанбаатар хотын СХД-т. 2008-2014 онд хэрэгжинэ. Анхны төсөв 1.5 тэрбум төгрөг байсан бол ирэх онд 3.6 тэрбумаар төсөвлөжээ.
• 1080 хүний багтаамжтай Гандантэгчинлэн хийдийн өргөтгөл, Улаанбаатар хотын БГД-т. 2008-2014 онд хэрэгжих төсөл. Анхны төсөв 2.5 тэрбум төгрөг байсан бол одоо 18.3 тэрбум хүрчээ.
• 500 хүний суудалтай, Алтай чуулгын шинэ барилга, Говь-Алтай аймагт. 2008-2014 онд хэрэгжинэ. Анх төсөвлөхдөө 1.8 тэрбум төгрөгөөр тооцсон бол ирэх онд 5.5 тэрбум төгрөг шаарджээ.
• 100 ортой Эрүүл мэндийн төв, Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт. 2010-2014 онд хэрэгжинэ. Анхны төсөв 3.9 тэрбум байсан бол ирэх онд 6.5 тэрбум болжээ.
• 50 ортой төрөх эмнэлэг, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд. 2010-2014 онд хэрэгжинэ. Анхны төсөв 1.5 тэрбум төгрөг 2.8 тэрбум болсон байна.
Эдгээрээс үзвэл дээр дурдсан төслүүдийн анхны төсөв нэгдсэн байдлаар 20.8 тэрбум төгрөг байсан бол ирэх оны дүнгээр 126.7 тэрбум хүрч өсөх аж. Нөгөөтэйгүүр, барилгын ажлын зардалд зураг төсөл гээч зүйл маш их мөнгө шаардаж байгаа учраас “Шинэ сум төсөл”-д жишиг болсон нэгдсэн зураг төсөл гаргах санаачилга гаргасан гэнэ.

Шинэчилж шийдье, төсвөө

Одоо яах вэ гэдэг асуулт урган гарах нь тодорхой. Ерөнхий сайд энэ л асуултын хариуг бүгдээрээ хариулахын тулд яамны төлөөллүүдийг урьжээ. Цалин хөлс сүүлийн таван жил нугарч нэмэгдээгүй байхад яагаад хоосон барилгын үнэ ингээд нэмэгдчихэв ээ гэдэг хэн бүхний анхаарлыг татна. Хамгийн түрүүнд барилгын ажил явагдаж ирсэн тогтолцоо, аргачлалаа өөрчлөхийг санууллаа. Үүний тулд тэрээр н.Энхсайхан хэмээх эрхмийг урьж авчирчээ. Төрийн бус байгууллагад ажилладаг түүнээс барилгад зарцуулдаг төсвийн зардал яагаад ингэж өсөөд байдаг шалтгааныг тодруулсан гэнэ. н.Энхсайханы хариулт ч энгийн ойлгомжтой байв.
Барилгын үйл ажиллагаанд ашигладаг 12 мянга орчим норм, стандарт байдаг аж. Тэдгээр нь манай орон БНМАУ гэх нэртэй явсан үе буюу социалист нийгэмд ашиглагдаж байсан хэвээрээ байгаа гэнэ. Эдгээрийг нэгтгэж, шинэчилснээр нэг зураг төсөлтэй барилга байгууламжийн төсөв хэд дахин нугарч өсдөг явдал зогсох аж. Гэвч үүний тулд юу хийх шаардлагатай вэ гэхэд дараахь тайлбарыг өгөв. “Уг нь, нэг зураг төсөлтэй барилгын төсөв өөрчлөгдлөө гэхэд ойролцоо л гарах ёстой. Төрийн зардлаар барьж буй сургууль, цэцэрлэг, эмнэлэгт ашиглагддаг 1000 орчим норм, стандарт байдаг. Эдгээрийг эхний ээлжинд шинэчилж, тодорхой болгох хэрэгтэй” гэлээ. Харин үүнийг Ерөнхий сайд улам тодорхой болгож “төсөв” гэдэг их мөнгөнөөс төсөл зурж, төсөв баталж байгаа хүнээс л хамгийн их хамаардаг юм байна. Одоогоор манайд төсвийг захиран зарцуулах эрх мэдэлтэй 700 гаруй хүн бий. Орж ирсэн болгоныг “ОК” гээд л тамгалчихдаг, хэд дахин өссөн, нугарсныг сүүлдээ ажрахаа ч байчихдаг юм байна. Тэгвэл одоо тэгэхгүй, өөрөөр ажиллана. Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлье гэдгийг үзүүлнэ” гэлээ. Нөгөөтэйгүүр, зураг төсөл зурж, төсөв баталж буй хүн тухайн барилгын ажлын тодорхой хувийг хүртдэг юм байна. Тэгэхээр хэдий хэмжээний өндөр зардал тогтооно төдий чинээ өөрийнх нь авах мөнгө ихэснэ. Ийм л учраас төсвийн зардал нугарч өссөн байх нь. Үнэхээр энгийн ухаанаар сэтгэхэд ч барилгын материал, бараа бүтээгдэхүүний үнэ хэдий их өслөө ч бүтэн барилга босгох төсвөөсөө хэд дахин нугарч нэмэгдэх нь юу л бол. Н.Алтанхуяг сайд “Гурван жилийн дотор үнэ нь гурав дахин өсдөг газар хамгийн их инфляцтай улсад ч байдаггүй” хэмээн нэгтгэж хэлэв.
2014 онд шинэ барилга нэмж барья гэж үзэж байвал төсвийн хөрөнгөө үрэлгэн зарцуулдаг байдлаа халах нь зүйтэй гэдгийг бүгд ойлголоо. Гэвч яаж гэх асуулт урган гарна. Мэдээж төсвийн зарцуулалтад цалин хөлс нэмсэн явдал бага ч атугай нөлөөлсөн, гэхдээ эргүүлж буулгахгүй гэв. Тэтгэвэр, тэтгэмжид ч гар хүрэхгүйгээр зохицуулах боломжийг Ерөнхий сайд санал болголоо. Байгууллага бүр шагналын сан, тэмдэглэлт ойн баярын төсөв, ажилчдын аяллын зардал, орон сууцны дэмжлэг гэх зэргээр асар их хөрөнгө зарцуулдаг аж. Үүнийг бүрэн зогсоох, завсарлахыг яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт үүрэг болгов. Энэ зуур цаашид төрийн албан хаагчдыг орон сууцны зээл авахад урьдчилгаа 30 хувийн 10 хувийг Монголын ипотекийн корпорацтай баталгаа гаргаж даахаар ярилцаж буйг дуулгалаа.

Тансаг хэрэглээг таная

Яам, агентлагууд бүгд Засгийн газрын бүрэлдэхүүнд багтдаг. Нэг баг учраас шинэчлэлийг өөрөөсөө эхэлье, тансаг хэрэглээгээ таная хэмээн уриалав. Саяхан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг 29 сая төгрөгийн программ хангамж авах гэж байсныг тэрээр зогсоожээ. Сайд нар бүгд ажил ихтэй завгүй байгаа учраас яамаа цэгцэлж, дэгэнд оруулж, задгай хэрэглээгээ танах үүргийг Төрийн нарийн бичгийн дарга нар хүлээлээ. Долоо хоногийн дотор бүхий л төрлийн ажилдаа эргэцүүлэл хийж аль болох бага зардлаар, ихийг хийж гүйцэтгэдэг тогтолцоонд орох болов. Дараачийн мягмар гарагт эргээд бүгд уулзаж, юуг яаж өөрчилснөө тайлагнах аж. Гэхдээ энд хэн нэгэн ажилтан халах, солих асуудал яригдаагүйг анхаарах нь зөв.
Н.Алтанхуяг сайд урьд нь Сангийн яам тэргүүлэн ажиллаж байсан. Тухайн үед уг яам дөрвөн давхар барилгад багтчихдаг байсан бол одоо есөн давхар байшинд багтахаа больсон гэнэ. Нийслэлийн удирдлагууд Чингисийн талбайн баруун талд байх урт цагаан барилгад шингэчихдэг байсан бол одоо “Хангарьд” хэмээх 14 давхар байгууламжид мөн л багталцахаа байж. Барилгагүйн улмаас төрийн ажлыг сайн хийж чадахгүй байгаа мэтээр ярихыг Засгийн газрын тэргүүн шүүмжиллээ. Харин ч цомхон байж, чадмаг ажиллахыг сануулаад илүү гарсан төрийн байгууламжийг дуудлага худалдаанд оруулах тухай санал ч гаргасан юм. Өмнөх Засгийн газрын үед Төрийн нарийн бичгийн дарга нар хийх ажилгүй болчихоод барилга бариулах уралдаан хийдэг байсан гэв. Тендер шалгаруулдаг, тендерийн алба яам бүрт байгуулж байсан нь төсвөөс ийм их зардал гаргадаг, “ашигтай” ажил байсны шинж байжээ гэлээ. Тийм ч учраас бүх Төрийн нарийн бичгийн дарга  нарыг шинээр томилсон аж. Гэвч Ерөнхий сайдад Төрийн нарийн бичгийн дарга  нарт анхааруулах зүйл байв. “Намайг мундаг болохоор гадаад уриад, зардал дааж явуулдаг гэж худлаа ярихаа боль. Дандаа зардлыг нь даагаад байдаг гадаадын орон гэж юу байх вэ. Тэгээд өөрсдөө гадагшаа их явчихаад намайг явдаггүйг гайхах юм. Өөрчлөлтийг өөрөөсөө эхэл л дээ” гэж Н.Алтанхуяг сайд сануулга өгсөн юм.
Засгийн газрын бүрэлдэхүүн “Шинэчилж шийдье” уулзалтаас нэг л зүйлийг толгойдоо хийгээд гарлаа. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг бус тансаг хэрэглээгээ хасч, ухаалгаар хандаж, дүгнэлт хийх.
0 Сэтгэгдэл
Ерөнхий сайд ийм ажлыг барьж авсанд талархаж байна.Энэ бол хэн бүхэн зүрхэлж хийгээд байдаг ажил биш ш дэ.Амжилт хүсье. Ард түмэн 100 хувь дэмжих байх гэж бодож байна.
Хамгийн их уншсан