Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Эрдэнэбат: Төсөвт тодотгосны дараа ирэх оны төсвийг хэлэлцэнэ
УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудлыг ярилцжээ. Эхнийх нь 2013 оны төсвийн тодотголыг хэлэлцсэн бол нөгөө нь Ерөнхийлөгчөөс санаачилсан Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна.
Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч төсвийн орлого, зарлага тасалдсанд Сангийн яам дүгнэлт хийж, энэ оны төсөвт тодотгол хийхээр болсон. Ийм учраас төсвийн тодотголыг яаралтай хэлэлцэж, батлаад ирэх оны төсвөө илүү нухацтай авч үзэх ёстой гэж АН-ын бүлэг үзжээ. 2013 оны төсвийн орлого нэг их наяд 16.7 тэрбум төгрөгөөр буурч байгаа аж. Үүнтэй холбогдуулан зарлагаа 814.8 тэрбум төгрөгөөр бууруулахаар оруулсан байна. Төсвийн алдагдал ДНБ-ий хоёр хувьтай тэнцэх ёстой учир ийм арга хэмжээ авахаар болжээ. Мөн урсгал хөрөнгө оруулалтын зардлыг 234 тэрбум төгрөгөөр бууруулах нь. Гэрээ хийгээгүй, тендер зарлагдаагүй болон санхүүжилтгүй хөрөнгө оруулалтыг 2013 оны төсвөөс хасах гэнэ. Хөрөнгө оруулалтын зардлыг бууруулсанаар 425.8 тэрбум төгрөгөөр төсвийн зарлага буурах тооцох хийжээ. 2013 онд 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт төлөвлөсөн юм байна. Үүнээс 473 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн нь 30.5 хувь болж байгаа аж. Өнгөрсөн жилийн хөрөнгө оруулалт ихэнхдээ нийгмийн шинжтэй байсан гэдгийг АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлсэн юм. Зарим аймагт барилгын норм, нормативтай холбоотой асуудал гарсан учир ажил эхлээгүй удааширчээ. Тиймээс аль болох тухайн орон нутгийн компаниар ажил гүйцэтгүүлэх, тендерт хэт өндөр босго тавьдаг явдлыг болих ёстой гэж бүлгийн гишүүд шүүмжилжээ.
Сангийн яамныхантай өрийн асуудлаар мөн хурлаар ярилцсан байна. Зээл, зээлийн баталгааг анхаарч цаашид хууль эрхзүйн орчинг сайжруулахыг тус яамныханд АН-ын бүлгээс анхааруулсан гэлээ. Энэ талаар судалж буйгаа Сангийн яамныхан дуулгажээ.
Эдийн засгийн хүндрэлийг экспортын орлого буурсан, түүхий эдийн үнэ унасан, гадаад өр зээлийг богино хугацаанд их хэмжээгээр төлсөн зэрэг олон шалтгаанаас болж үүссэн гэж бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ. 2013 оны төсвийг АН, МАН-ын төсөв гэж маргалдаж, талцалгүйгээр үүссэн нөхцөл байдлыг дүгнэж, 2014 оны төсвөө илүү нухацтайгаар авч үзэх шаардлагатай гэв. Ирэх оны төсвийг бусад намын бүлгүүдийн ажлын хэсэгтэй ярилцаж, хэлэлцээд хамтран ажиллая гэсэн юм. АН-ын бүлэг цаашид эдийн засагчид, судлаачид, санхүүчдийг бүлгийн хуралдаа оролцуулж байхаар болжээ.
Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг хуваарилахад өөрчлөлт оруулахыг Ерөнхийлөгчөөс санаачилсан төсөлд тусгасан аж. Хөрөнгө хуваарилахдаа орон нутгийн индекс, хүн амын нягтрал, газар нутгийн хэмжээ, идэвхи санаачилга гаргасан байдал зэргийг харгалзан үзэх ёстой гэв. Энэ дөрвөн шаардлага нь тус бүр 25 хувь буюу тэнцүү хэмжээтэй болж буй. Хуульд өөрчлөлт оруулснаар 25 хувийн харьцаагаар тэгшитгэх бус хүн ам, газар нутгийн хэмжээ, идэвхи санаачилгыг харгалздаг болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хүн ам цөөнтэй мөртлөө газар нутгийн том хэмжээгээр нь хуваарилсан мөнгө хүн ам олонтой идэхви санаачилгатай орон нутгаас их байгаа аж. Иймээс хүн амын тоог 70 хувь, газар нутгийн хэмжээг 10 хувь, орон нутгийн индекс, идэвхи санаачилгыг 20 хувь гэж тооцохоор төсөлд тусгаж. Ирэх жил гэхэд 250 тэрбум төгрөг орон нутгийг хөгжүүлэх санд хуваарилагдахаар болж. Үүнээс хүн амын тал нь оршин суугаа Улаанбаатарт 20 хувь нь оногдож байгаа гэнэ.
Ингээд АН-ын бүлэг хэлэлцсэн хоёр асуудлаа дэмжиж, УИХ-ын бүтцийн байгууллагуудаар үрэглжлүүлэн авч үзэхийг дэмжсэн байна.       
Бүлгийн хуралдааны дараа  Ардчилсан намын бүлгийн удирдлагууд  сэтгүүлчдэд мэдээлэл өгч,  сонирхсон асуултад нь хариуллаа.

-2013 оны Төсвийг тодотгохдоо Засгийн газраас төсвийн орлого тасарсан шалтгааныг эдийн засгийн хүндрэлээс гадна юу гэж дүгнэсэн байна вэ?
-2013 оны Төсвийн тодотголыг зайлшгүй хийх шаардлага энэ оны эдийн засгийн нөхцөл байдлаас үүссэн гэдэг дээр бүгд санал нэгдэж байгаа. Ялангуяа экспортын хэмжээ буурсан, дэлхийн зах зээлд нүүрс, зэсийн үнэ унасан. 2013 онд хүлээгдэж байгаа гадаад өрийг дарсан гээд олон шалтгаан бий. Нэг асуудал дээр улстөрчид маргаж, олон янзаар тайлбарлаж байна. Энэ нь 2013 оны төсөв Ардчилсан нам, МАН-ын суурьтай байсан гэж маргадаг. Өнөөдөр бид төсөв дээр чиний, минийх гэж маргах нь гол асуудал биш. Төсвийг улстөржүүлэхгүй шаардлагагүй. Өнөөдрийн нөхцөл байдал үүсч байгаа бол үүнийг авч хэлэлцэх, 2013 оны төсвийг тодотгох нь 2014 оны төсөвтэй холбогдож гарч байгаа. Тиймээс 2013 Төсвийн тодотголыг  энэ долоо хоногт буюу 2014 оны төсвийн төслөөс өмнө хэлэлцэх шаардлагатай гэдэг дээр Ардчилсан намын бүлэг санал нэг байгаа. 2014 оны төсвийн төсөл дээр хоёр намын бүлгээс ажлын хэсэг байгуулсан мөн байнгын хороод дээр ажлын хэсэг байгуулан ажиллахаар болоод байна. Байнгын хороо мөн ажлын хэсэг байгуулна. Ардчилсан намын ажлын хэсэг бусад нам бүлгийн ажлын хэсгүүдтэй хамтарч ажиллая гэсэн санал тавьсан. Учир нь энэ бол Монгол орны хувь заяаны асуудал.  

-Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг хэрхэн зарцуулж байгааг хянах хяналтын тогтолцоо бий юу?
-Орон нутгийн хөгжлийн  сангийн асуудлаар энэ жил анх удаа үйл ажиллагаа явагдаж байна. Бидэнд ирсэн мэдээллээр зарим сумд орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байна, үр ашигтай зарцуулж байна  гэсэн ирсэн. 2013 оны хөгжлийн сангийн үр дүн оны эцэст дүгнэнэ. Энэ үед УИХ-аас ажлын хэсэг байгуулж, энэ сангийн мөнгө хэрхэн үр дүнтэй байсан бэ гэдэг дээр бид шалгалт хийнэ. Энэ шалгалтын дараа энэ ажлын үр дүн гарна. Хэрвээ орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг хууль бусаар гувчуулсан, үр ашиггүй зарцуулсан тохиолдолд хариуцлага тооцох саналтай байгаа. Мөн эдийн засгийн хүндрэлээс болж цалин тавихгүй байгаа гэсэн гомдол санал, УИХ дээр ирээгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан