Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ жилийн төсвийн орлого тасарлаа, ирэх оных яах бол...

Ашигт малтмалын үнэ сүүлийн жилүүдэд монголчуудын хэтэвчний нимгэн зузааныг тодорхойлдог болоод байгаа. Дэлхийн зах зээл дээр зэс, нүүрсний үнэ өндөр байсан 2010, 2011 онд  мөнгийг баруун солгойгүй гарын салаагаар ёстой л нэг цацсан. Харин өнгөрсөн оноос  ашигт малтмалын үнэ унаж  орлого бага  зэрэг буурсан ч  өнөө үеийг бодвол арай дээр байлаа. Тиймдээ ч энэ оны төсвийг батлахдаа ашигт малтмалын үнийг  хэт өөдрөгөөр төсөөлж  нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг долоон их наяд, Тогтворжуулалтын сангийн орлогыг 169.8  тэрбум төгрөг, нийт орлого ба тусламжийн дүнг 7.2 их наяд  төгрөг байхаар УИХ-аар баталсан. Мөн төсвийн алдагдлыг 356.3 тэрбум төгрөг  хэмээн тооцсон байдаг.

Гэтэл нүүрсний экспорт  хэсэг  хугацаанд зогссон, зэс болон бусад ашигт малтмалын үнэ уруудсан зэргээс  шалтгаалж улсын төсвийн орлого хамгийн багадаа нэг их наяд төгрөгөөр тасрахаар болоод буй билээ.

Үүн дээр нэмж он дуустал  500 орчим тэрбум төгрөгөөр тасалдаж магадгүй гэсэн таамаглал ч бий. Ингээд төсвийн орлогын тасалдлыг аваад үзвэл  Оюу толгойн гэрээний өөрчлөлтөөр  445.8 тэрбум төгрөгийн орлого оруулна гэж тооцсон нь талаар өнгөрсөн. Мөн Гаалийн байгууллагын төсөвт оруулах тэмдэгтийн хураамжийн орлогын 87 хувийг ашигт малтмалын экспортоос олдог.  Гэтэл ашиг  малтмалын экспорт буурч оны эхний найман сарын байдлаар Гаалийн татварын орлогын тасалдал 500 тэрбум төгрөгт хүрчээ.

Энэ оноос эхлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хууль үйлчилж эхэлсэн. Уг хуульд төсвийн алдагдал  хоёр хувиас ихгүй байхаар тусгасан байдаг. Иймд нэг их наяд төгрөгийн  таналт хийж байж дээрх хуулийн заалтыг биелүүлэх болоод буй юм.  

Сангийн яамнаас хийсэн тооцоогоор төсвийн алдагдал ДНБ-ий 6.8 хувьд хүрэхээр байна. Төсвийн тухай хуульд “Урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэх, алдагдал нь ДНБ-ий гурван хувиас илүү гарсан тохиолдолд төсөвт тодотгол хийх”-ээр заасан. Тэгэхээр төсвийн орлого 6.2 их наяд, зарлага нь 6.6 их наяд төгрөг байж  ДНБ-ий хоёр хувьтай тэнцэх тооцоо гарсан аж. Иймд Сангийн яам Төсвийн тодотголын төсөлд төсвийн орлогыг нэг их наяд төгрөгөөр бууруулан тооцжээ. 

Тухайлбал экспортоос олох орлого  146.5 тэрбум төгрөгөөр бага байх нь. Үүнийг дотор нь задлаад үзвэл 65.5 хувь буюу 96  тэрбум төгрөг нь  ашигт малтмалын нөөц ашигласны болон өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр юм. Ингээд төсвийн тодотголд тусгаснаар уг төлбөрт 470 тэрбум төгрөг төвлөрөх болжээ. Мөн  агаарын бохирдлын төлбөр  7.5, ногдол ашгийн орлого 17.3, гаалийн тэмдэгтийн хураамжийн 25.7 тэрбум төгрөг тус тус эзэлж байна. 

Тэгэхээр улсын төсвөөс хийгдэх зарим хөрөнгө оруулалтыг зогсоох, төсвийн байгууллагууд зардлаа бууруулна гэсэн үг.  Жишээ нь төсвийн байгууллагууд зардлаа 101 тэрбум төгрөгөөр бууруулах тооцоо бий. Үүнээс гадна Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр төлөвлөсөн   эрүүл мэндийн төвлөрсөн арга хэмжээний зардлаас 5.1 тэрбум төгрөг хасчээ.  Мөн Халамжийн сангийн хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэж зарим халамжаас хоёр тэрбум төгрөг танахаар болсон аж.

Орлогоо бууруулан тооцож зардлаа хяна

Эдийн засагчид төсөвтөө тодотгол хийнэ гэдэг бол сайны ёр биш. Нэг жилийн орлого, зарлагаа тооцох баримжаа чадваргүй байгаагаа л хэлээд буй хэрэг.  Ийм байж улс орон хөгжихөд хэцүү. Ер нь, дан ганц ашигт малтмалаас хараат эдийн засагтай, ирээдүйд тэр цэгт хүрнэ гэсэн зорилт төлөвлөгөөгүй зүгээр л цагийн аясыг дагаад урсгалаараа явдаг, төсөв зохиохдоо дэлхийн зах зээл, түүхий эдийн үнэ ханшид сайн судалгаа, дүн шинжилгээ хийдэггүй зэрэг дутагдал олон жил үргэлжилж байна гэж шүүмжилдэг билээ.  Үүнийг батлах хамгийн ойрын бас нэг жишээ гэвэл өнгөрсөн оны төсөв 747 тэрбум төгрөгөөр тасарсан явдал. Ирэх оны төсвийн орлого “Байнд ч үгүй, банзанд ч үгүй” гэдэг шиг бас тасарч тодотгол хийж  хасах танахдаа бүү хүрээсэй. 

Одоо хэлэлцэж байгаа ирэх оны төсвийн төсөлд орлого нь 7.3 их наяд, нийт зардал нь 7.7 их наяд төгрөг байхаар тусгажээ. Тэгэхээр тасраад байгаа энэ оны төсвийн бодит гүйцэтгэлээс 1.2 их наяд төгрөгөөр өндөр байна. Гэтэл зах зээлийн шинжээчид ирэх онд ашигт малтмалын үнэ унах магадлалтай гэсэн тооцоо хийгээд байгаа. Дэлхийн банкны судалгаанаас үзвэл энэ он гарснаас хойш дэлхийн зэсийн хэрэглээ 2.3 хувиар буурсан аж. Үүнээс гадна манай ашигт малтмалын гол худалдан авагч хятадын зэсийн хэрэглээ 5.7 хувиар багасчээ. Шинжээчид металлын биржүүдийн зэсийн нөөц буурвал үнэ нь бага зэрэг өсч магадгүй хэмээж буй юм. Гэхдээ тийм огцом биш. Нэг тонн нь дунджаар 7200 ам.доллар хэмээн төсөөлсөн байна. Чили Улс зэсийн нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг. Ирэх оныхоо төсөвт нэг тонн зэсийн үнийг 6000 орчим ам.доллараар тооцож тусгасан мэдээлэл бий.

Хятадын эдийн засгийн өсөлт саарсан, хуримтлал их байгаа зэрэг шалтгаанаар нүүрсний үнэ хямдарсан гэдэг. Одоогоор уг ашигт малтмалын үнэ 20 хувиар унасан тооцоо гарсан. Энэ оны сүүлчээр үнэ ялимгүй өсөх боловч нэг тонн нь 89 ам.доллар байх төсөөлөл байдаг. Эндээс үзэхэд манай улсын экспортын хоёр гол түүхий эдийн үнэ ханш тийм ч гэрэлтэй харагдахгүй байна. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас гаргадаг эдийн засгийн тайлангуудад ч энэ талаар дурьдсан. Тэгээд ч ашигт малтмалын үнэ ханшаас аж амьдрал нь хамаардаг Индонез, Монгол зэрэг улсыг эдийн засгийн хямралаас сэргийлэх, орлогоо сайтар тооцох, нүсэр зардлаа бууруулах арга хэмжээ авах нь зүйтэй хэмээн зөвлөж буй билээ.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан