Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТАТВАР ТӨЛДӨГГҮЙ УЛС ТӨРИЙН НАМУУД ХЭРХЭН АМЬДАРДАГ ВЭ
Улс төрийн намууд гишүүдийнхээ татвар, дэмжигчдийн хандив, төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг, намын хэвлэл мэдээлэл, сурталчилгааны орлого, өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө худалдах буюу түрээслүүлж ашиглуулснаас олсон орлого, намын мөнгө хөрөнгийг банкинд хадгалуулсны хүү зэргээр “амь зогоох” боломжтой. Одоогийн мөрдөж буй хуулиар ингэж зохицуулдаг. Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-д өргөн барьсан. Энэ хуулиар санхүүжилтийн асуудлуудыг шинээр өөрчлөн зохион байгуулахаар яригдаж буй юм. “Монголын хууль гурав хоног” гэдэг үг зүгээр ч нэг гараагүйг улс төрийн намууд яруу тодоор харуулж байгаа. Ялангуяа санхүүжилтийг нь нарийвчлан авч үзэхэд нэг их буруудахгүй болов уу. Улсад нэг ч төгрөгийн татвар төлдөггүй мөртлөө асар их хэмжээний мөнгө угаадаг нэг дамжлага нь нам болчихоод буйг шил шилээ даран хуулийн байгууллагын хаалга татаж эхэлсэн бизнесмэнүүдийн жишээнээс харж болохоор. Тэгвэл нам чухам ямар аргаар мөнгө олдог вэ.  
 
Татвараас олдог мөнгө

Намын гишүүний татвараар санхүүжээд байна гэвэл тэрэн шиг худлаа юм үгүй. Сайндаа л 1000-3000 төгрөгийн татвар эгэл жирийн гишүүдээсээ жилдээ авдаг гэдэг. Тэгэхдээ татвараа бүх гишүүн нь төлөөд мөнгө овоолоод байна ч гэж юу байхав. Хэдэн зуун мянган гишүүнтэй намууд ч гишүүдийнхээ татварыг хурааж, хуримтлуулж хадгалж, үржүүлээд ч санхүүжилт болж чадахгүй. Тамга тэмдгээ цүнхэлж явдаг цөөн хэдхэн гишүүнтэй жижиг намын хувьд бүр ч боломжгүй зүйл. Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн улс төрийн 22 нам байдаг. Гэхдээ тэднээс байнгын үйл ажиллагаа явуулдаг идэвхтэй нь тун цөөхөн.  
Харин хоёр том намын хувьд авч үзвэл татвараа харьцангуй сайн хураадаг юм байна. Жишээ нь, МАН-ын жирийн гишүүн жилд 3000 төгрөг, Бага хурлын гишүүн бол 800 мянган төгрөг татварт төлдөг. Бага хурал 310 гишүүнтэй гэж тооцохоор 240 гаруй сая төгрөгийн татвар жилд намдаа бүрдүүлж өгдөг байх нь. Зүгээр ч үгүй Бага хуралд гишүүнээр сонгогдохын тулд багагүй тохироо, хэлцэл болж байж, бас болоогүй мөнгө төгрөг өгч авалцдаг л гэдэг.
Тэгвэл АН-ын жирийн гишүүд жилдээ 1200  төгрөг татварт хураалгадаг. ҮЗХ-ны гишүүн болоход жилд сая төгрөгийн татвар төлөх ёстой. Татвараа төлөөгүй бол ротациар хасагддаг. Гэхдээ мөнгөө төлөөгүйгээс болж хасагдахаас илүүтэй ҮЗХ-ндоо үлдэх гэж нэлээн юм болдог гэж ярих нь бий. 228 гишүүнээс жил бүр нэг сая төгрөг цуглуулдаг гэж бодохоор багагүй мөнгө цугладаг байж таарна.

Хандив тусламж тэрбумаар

Хандив тусламжийг сонгуулийн үеэр л илүү идэвхтэй хуримтлуудаг. Гэхдээ хандивт хуулиар хязгаар тогтоож өгдөг ч ил далд ямар нэг хэлбэрээр илүү мөнгө өгөх тохиолдол гардаг аж. Ингэж цугласан мөнгийг ихэнхдээ сонгуулийн сурталчилгаанд зарцуулаад өнгөрдөг гэж тайлбарлана. Бусад үед хандив тусламж учиргүй ихээр нь цуглуулаад байдаггүй нь ойлгомжтой. Сонгуулийн санхүүгийн тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд гаргаж өгсөнөөс харахад багагүй мөнгө намуудад эргэлдэж байдгийг илтгэж байгаа юм. Жишээ нь, 2012 оны УИХ-ын сонгуулиар МАН-нд хуулийн этгээдээс нэг тэрбум, иргэдээс найм орчим тэрбум төгрөгийн хандив авчээ. Тэгвэл АН аж ахуйн нэгжээс 700 орчим сая, иргэдээс долоо орчим тэрбум төгрөгийн хандив хүртэж, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлд иргэд, аж ахуйн нэгж нийтдээ 1.2 тэрбум төгрөг тусламж болгон өргөсөн юм байх.  
2012 оны УИХ-ын сонгуульд өрсөлдсөн есөн нам, 11 бие даагч нийлээд 36 тэрбум 863 төгрөгийг сонгуулийн сурталчилгаа болон бусад зүйлд зарцуулжээ. АН сонгуульд 16 тэрбум төгрөг зарцуулсан байхад МАН 14 тэрбум, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл гурван тэрбум, ИЗНН 1.2 тэрбум төгрөг ганцхан удаагийн сонгуульд зарлагадсан байна.  
Энэ бол зөвхөн өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуулийн мөнгөн дүн. Орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулиар эргэлдүүлсэн мөнгийг нийлүүлбэл тэрбум тэрбумаар хэмжигдэх тоо яригдах нь мэдээж. Гэхдээ дээрх тайланд хандивласан гэх бүх мөнгөө ингэж үнэнчээр бичээгүй нь лавтай.

Төрийн дэмжлэг

УИХ-ын сонгуулиар авсан суудлын тоогоор улс төрийн намууд улсын төсвөөс мөнгө авдаг.  Энэ бол Улс төрийн намын тухай хуулиар зохицуулагдаж, олгодог дэмжлэг. Хуульд зааснаар улс төрийн намын УИХ-д авсан нэг гишүүний суудлыг жилд 10 сая төгрөгөөр тооцож, бүрэн эрхийн хугацаанд улирал тутам төсвөөс санхүүжилт олгоно гэж заасан байгаа. Энэ мөнгөний 50 хувийг сонгуулийн тойрогт үйл ажиллагаа явуулахад зарцуулах ёстой. Гэхдээ тойроггүй жагсаалтаар орж ирсэн гишүүдэд чухам яаж тооцож, мөнгө өгөх нь тодорхой бус. Яагаад гэвэл аль 2005 онд батлагдсан хуулиар одоо болтол зохицуулсаар  яваа. 2012 оноос  УИХ-ын сонгуулийг холимог системээр явуулж, тойргоос шууд сонгогдож, намын жагсаалтаар эрэмбэлэгдэж гишүүд парламентад орж ирсэн. Одоогийн УИХ-д олон суудалтайгаар АН төсвөөс хамгийн их мөнгө гаргуулж авна гэсэн үг.

Бусад орлого

Нам хэвлэл мэдээлэл сурталчилгааны орлогоос санхүүжих ёстой гэж хуульчилж. Гэхдээ улс төрийн намууд хэвлэл мэдээллийн сурталчилгаанаас мөнгө олох бус түүндээ зарлагаддаг гэхэд болно. Дээд шүүхэд бүртгэлтэй намуудаас хамгийн их өмчтэй нь МАН. Тусгаар тогтнолын ордон, бас бус объект гээд өмчилдөг зүйл олон. Түрээсийн төлбөрөөс эхлээд багагүй ашиг олж байгаа. Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөлд улс төрийн намыг өмчтэй байж болохгүй гэж оруулж буй гэв. Ингэснээр нам байр байшинтай болж болохгүй юм байх. Өөрөөр хэлбэл, МАН-ын Тусгаар тогтнолын ордонд Монголын буюу 22 нам нь байрлаж, ажиллаж, өрсөлдөнө гэх нь тэр. Улсын төсвөөс 11 тэрбум төгрөг гарган байж Тусгаар тогтнолын  ордон бариулсан. Тэгэхээр улсын мөнгөөр босгосон байшинд яагаад бүх нам байрлаж болохгүй гэж буй нь ч цөөнгүй.      
Улс төрийн намууд сонгуулийн дараа зарцуулсан мөнгөнийхөө тайлангаа л нийтэд мэдээлдэг. Өөр байдлаар санхүүгийн тайлан ил болдоггүй. Улсад нэг ч төгрөгийн татвар төлдөггүй мөртлөө ийм их хэмжээний мөнгө эргэлдүүлж байдаг болохоор өмчтэй байхыг хаах нь зөв гарц мэт. Бизнесийнхэн намуудад хандив өгч, улс төрийн дэмжлэг авдаг бичигдээгүй жишигтэй. Тиймдээ ч их хэмжээний мөнгөө эргэлдүүлж, угаадаг найдвартай түншүүд болж улс төрийн намууд, бизнесийнхэнтэй  бөөр нийлүүлж буйг анхаарах цаг болжээ. Улс төрийн намын далбаан дор хэчнээн тэрбумаар хэмжигдэх мөнгө урсч байгаа бол...  
Л.Номин
0 Сэтгэгдэл
Энэ их мөнгийг намын хэдэн дарга мяндагтнууд хувааж идэж байгаа шүү дээ. Энэ мөнгөөр тэр сургууль эмнэлгээ барьсан болоосой. Бүх намыг татан буулгах хэрэгтэй. Ялангуяа МАН-ыг.......фашист нам. Гитлер нь С.Баяр
Намуудыг устгаж хаяхгүй бол аль л худалч, хулгайч, луйварчингуудын үүр уурхай болж гүйцлээ. Тэгээд тэд нар Парламентад гарч сууна гээд боддоо
Хамгийн их уншсан