Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Р.Амаржаргал: хариуцлага хүлээж, УИХ-ын гишүүнээсээ татгалзахад бэлэн байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан 2013 оны төсвийн тодотголын анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2013 оны төсвийн хэд хэдэн үндэслэлийг тооцож үзэхэд алдагдал ДНБ-ий -6.8 хувьд хүрэхээр байгаа аж. Иймээс тодотгол хийх нөхцөл байдал үүссэн хэмээн Засгийн газраас зарим хөрөнгө оруулалтыг хасч, танахаар болсноо оруулж ирэв. Гэрээ хийгээгүй, тендер зарлаагүй хөрөнгө оруулалтыг үлдээж, мөнгөө хэмнэх юм. Экспорт, импорт, Оюу толгойн татварын орлого зэрэг тооцоог хэт өөдрөг тусгаж 2013 оны төсвийг баталснаас үүдэж орлого тасарч байгааг Ерөнхий сайд хэлсэн. Гишүүд ч тойрогт нь хийхээр оруулсан төсвөөс яагаад, ямар шалтгаанаар хасч байгааг тодруулж байр сууриа илэрхийлж, 2013 оны төсвийг хэтэрхий өөдрөг төсөөлж, муу боловсруулан, хөөсрүүлэн баталсан гэж багагүй шүүмжлэл хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Эрдэ­нэ­чимэг: -Сонгинохайрхан дүүрэгт шинээр сургууль, цэцэрлэг барих ажил хийсэнгүй. 10 мянган хүүхдэд 100 цэцэрлэг шаардлагатай байгаа. Гэтэл дөрвөн цэцэрлэг барихаар төсөвт хөрөнгө суулгасан ч ажил хийсэнгүй.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл: -Баригдах гэж байгаа объектын зураг, төсөв хийгдээгүй, газар чөлөөлөх асуудлыг зохицуулаагүйгээс болоод нийслэлд хэд хэдэн хөрөнгө оруулалт хийгээгүй юм байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: -2011-2013 он дамжсан баригдаж дуусаагүй объектууд хэд байгаа вэ. Тэдний хэд нь эмнэлэг, сургууль вэ. Эрүүл мэндийн сайдын багцад суусан тоног төхөөрөмж авах 34 тэрбум төгрөгийг хасаад 12 тэрбум төгрөг болгосон байна.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал: -2013 онд 77.9 тэрбум төгрөг төсөвлөснөөс тодотголоор 39 тэрбум төгрөгийг хойшлуулсан. Эмнэлгийн тоног төхөөрөмж авах 3-4 тендерийг шалга­руулах явцад тодорхой хуулийн заалт зөрчигдсөнийг тогтоосон. Тиймээс тендерийг хойшлуулж, дахин зарлахаар боллоо. Ерөнхий сайдын багцад суусан 50 тэрбум төгрөгөөс 30 гаруй тэрбумыг нь аймгуудад оношилгооны төв байгуулахад зарцуулахаар шийдсэн.

УИХ-ын гишүүн Ж.Бат­зандан: -Нийслэлийн хэм­жээнд төсвөөс хасч бо­лох­гүй 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт байгаа юм байна. Ажил хийгдээд явж байхад Эдийн засгийн хөгжлийн яамнаас тодотголоор хасаад оруулж ирж.
Сангийн сайд Ч.Улаан: -Засгийн газрын тогтоолоор наймдугаар сарын 23-наас өмнө тендер зарлагдаагүй, гэрээ хийгдээгүй объектуудыг шалгаад хөрөнгө оруулалтыг нь хойшлуулах шийдвэр гаргасан.

УИХ-ын гишүүн Р.Амар­­­жаргал: -2013 он төсвийг Сангийн яамнаас уг нь нэлээн ханатай оруулж ирсэн юм. Гэтэл УИХ 1.4 их наяд төгрөгөөр төс­вийг хөөсрүүлсэн. Үүний хариуц­лагыг хэн хүлээх юм бэ. Мөнгө байна, төслөө аваад ирж гэж байсан шүү дээ. Оруулж ирсэн төслийг нь 20-30 хувь хөөсрүүлж баталж байхад Сангийн сайд, Ерөнхий сайд чимээгүй байсан. Тэгэхээр энэ хүмүүс хариуцлага хүлээх үү. Олонхийн бүлэг хариуцлага хүлээх үү. Төсвийн байнгын хорооны дарга хариуцлага хүлээх үү. Сөрөг хүчний дуу хоолойг хааж, бүлэг бай­гуулж өгөхгүй байсаар төсөв баталсан УИХ-ын дар­га хариуцлага хүлээх үү. 2013 оны төсвийг 1.4 их наяд төгрөгөөр хөөсрүүлсэн буруу­тан олдохгүй бол би хариуцлага хүлээхэд бэ­лэн байна. Би улс төрийн ха­риуц­лага хүлээж, УИХ-ын гишүүнээсээ татгалзахад бэлэн байна.

УИХ-ын гишүүн Н.Энх­болд: -Энэ жилийн төсвийн орлогын гүйцэтгэл 86 хувьтай, 800 орчим тэрбум төгрөгөөр тасрах тооцоо гарчээ. Гэтэл хөрөнгө оруулалтын гүйцэтгэл ердөө 30 хувьтай байна. Орлогын төлөвлөгөө 80 гаруй хувиар биелчихээд байхад хөрөнгө оруулалтын төлөвлөгөө яагаад ийм бага хувьтай байна вэ.

Ерөнхий сайд Н.Алтан­хуяг: -Зөвхөн Засгийн газар гэлтгүй бүх шатандаа хүнд суртлыг арилгаж, улсаа хөгжүүлэхээр ажиллаж байна. Сайжруулах зүйлүүд зөндөө байна. Гадаад томилолтуудыг хасч байгаа. Гэхдээ хөдөө орон нутгийн томилолтуудыг хасахгүй.

УИХ-ын гишүүн Ж.Эр­дэнэ­бат: -Ард иргэдээсээ асууж төсөв хийж байгаа гэчихээд эргээд Засгийн газар, орон нутгийн удирдлагууд нь худлаа яриад хөрөнгө оруулалтаа хасаад байна. Орон нутагт хийх гэж байсан хөрөнгө оруулалтыг иргэд өөрсдөө хэлж, санаачилсан ажлууд. Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг хасахгүй байж болоогүй юм уу. Сэлэнгэ аймгийн хувьд 1.5 тэрбум төгрөг хассан байна.

ЭЗХЯ, БХБЯ, ҮХААЯ хамтарсан ажлын хэсэг гаргаж бүх аймаг сумаар явж, 9000 орчим санал иргэдээс авчээ. Үүнийгээ Засгийн газарт хэлэлцүүлэн УИХ-д өргөн барихад бэлэн болсон аж. Эдгээр саналдаа орон нутагт хийх ажлуудыг тусгасан аж.

Сангийн сайд Ч.Улаан: -Орон нутгийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрийг нэ­мэгд­сэн өртгийн албан татварын орлогын 45 хувиас бүрдүүлдэг. Гэтэл энэ орлогын төлөвлөгөө биелээгүйгээс тус сангийн эх үүсвэр хасагдахад хүрсэн.
Ерөнхий сайд Н.Алтан­хуяг: -Орон нутгийг хөгжүүлэх санд 246 тэрбум төгрөг хуваарилснаас 30 хувийг нь төсвийн тодотголоор хасч байгаа. Сэлэнгэ аймгаас бол 10 хувь гэж тооцоод 3.4 тэрбум төгрөг хасагдсан. Гэхдээ үүнийг нь ирэх жилийн төсөвт тусгаж өгнө.

Зарим шалтгаанаас болж 2013 оны төсөв 1.5 их наяд төгрөгөөр тасрах тооцоо гарсан учир Засгийн газар тодотгол хийхээр хасалт хийхээр төлөвлөж. УИХ дахь намын бүлгүүд ажлын хэсэг байгуулан, ямар хөрөнгө оруулалтыг яагаад хасч байгааг нягтлан шалгаж, нухацтай авч үзэхээр болоод буй. Өчигдөр болсон УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар үг хэлж, асуулт асуусан гишүүдийн байр суурийг хүргэхэд ийм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан