Сүүлийн
үед олны анхаарлыг хамгийн их татаж байгаа асуудал бол мэдээж ирэх жилийн
төсөв, мөнгөний бодлого, төсвийн тодотгол. Төсөв мөнгийг байнга л улс
төржүүлсээр ирсэн эрхэм гишүүд 2013 он дуусах гэж байхад төсвөө тодотгоно
хэмээн зүтгэж, саарал ордноор л нэг мөнгөний яриа болж байна. Сөрөг хүчний байр
суурин дээр суусан МАН-ынхан хуучин шинэ төсвөө байнга шүүмжилж, хоёр өдөр
бүлгээрээ хуралдаж байж ганц дүгнэлт гаргаад байгаа. Тус бүлгийнхэн нэгдүгээрт,
экспортын орлого, гадаадын хөрөнгө оруулалт огцом буурч, валютын нийлүүлэлт
багассан байхад мөнгөний сул бодлого явуулан зах зээлд их хэмжээний төгрөгийг
нийлүүлсэн нь төгрөгийн ханш 20 орчим хувиар огцом сулрах нөхцөлийг бий болгож,
ам.долларын ханш өссөн. Монголбанкны
зүгээс улсын санхүүгийн эх үүсвэрийг субъектив хандлагатай зарцуулсан, мөнгөний
зах зээлийг гажуудуулж, чөлөөт
өрсөлдөөнийг боомилсон, цаг хугацаа аргацаасан, зах зээлд буруу жишиг тогтоох,
алсын хараагүй арга хэмжээ болоод байна. Үүнээс болж үнэ буурах биш, харин орон
сууцны 1м2-ын үнэ 1,2 сая төгрөг байсан бол 8 хувийн ипотекийн зээл гарснаас
хойш даруй 2,0 сая төгрөг болж өссөн, тонн цементийн үнэ 130 мянган төгрөг
байсан бол зарим үед 260 мянган төгрөг болж өссөн гэх зэрэг баримтууд дэлгэсэн.
Гэвч энэхүү мэдэгдлийг унших гэж тус намын бүлгийн дарга Н.Энхболд ээрч муурч,
гацаж түгдэрч, дахин дахин уншиж, сүр дуулиантайгаар гаргасан мэдэгдлээ бусдад
олигтой ч танилцуулж чадсангүй. Монголын улс төрийг 90 гаруй жил гартаа атгаж
байсан өнөөдөр хатуухан сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх учиртай энэ том нам
хэтэрхий сул дорой удирдагч нарынхаа
буянаар сөхөрч суучихаад босож чадахгүй гацчихаж. Үүнийг сөрөг хүчнийг толгойлж
байгаа удирдагч нарын нэг Н.Энхболд өөрөө баталж өглөө. Н.Энхболд гэдэг хүн
зүгээр л байдлыг харзнаж, дундыг баримтлан, ёстой л нөгөө “Хувиа борлуулж,
довоо шарлуулна” гэгчээр л чимээгүй суухыг илүүд үзсээр өнгөрсөн нэг жилийг
ардаа орхив. Сөрөг хүчин гэдэг эрх баригчдад ташуур байх учиртай. Гэтэл өнөөдөр
сөрөг хүчин маань Н.Энхболдтойгоо догонцож явна. Илүү дутуу үг унагаж, бас
элдэв хэл амнаас үргэлж айсаар ирсэн энэ эрд сөрөг хүчнийг толгойлох улс төрийн
эр зориг дутагдаж байгааг бүгд хүлээн зөвшөөрч байна. Гай ч үгүй гавьяа ч үгүй,
“Нэр цэвэр хүн” гэдэг гоё тодотголтой, бусдын аясыг харсан сөрөг хүчний
удирдагчдын нэг Н.Энхболд гурван хуудас материал л уншиж чадахгүй гацаж байна.
Уг нь МАН-ын буянаар энэ хүн улс төрийн том том албан тушаал хашиж байсан
нэгэн. Гэвч энэ хүн удирддаг биш харин удирдуулж л ажилладаг хүн гэдгээ
өнгөрсөн хугацаанд хангалттай харуулсан.
Бүлгийн дарга Н.Энхболд хүлцэнгүй дорой, арчаагүй байснаас МАН өнөөдрийн байдалд хүрсэн гэх гишүүн ч бий. Орон нутгийн болоод Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаны гол буруутан нь тэр юм байх. Учир нь бүлгээ байгуулж чадахгүй удсан, жагсаал хийх гээд буйдан дээрх нойрмог суулт болгосон гээд л авч өгч байна, түүнийг. Хамгийн гол нь бүлгээ байгуулж чадаагүйгээс гишүүдээ байнгын хороонд оруулж чадаагүй, сонгуулийн хууль АН-ын талд ашигтайгаар хэлэлцэгдсэнээс эхлээд тэднийг бяр суулгасан. Түүнтэй хэн ч хариуцлага тооцоогүй өнгөрсөн. Өнөөдөр МАН намаас сонгогдсон гишүүдийн дотор бүлгээ ахлаад аваад явах түүнээс арай илүү хөдөлгөөнтэй, мэдлэг боловсролтой, ядаж л хэлэх гэсэн үгээ хүнд хэлчихдэг, гурван хуудас цаас уншаад өгчих хэмжээний хүмүүс зөндөө баймаар.
























