Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.ТЭМҮҮЖИН: АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ ХОЛБООТОЙ ЯМАР Ч ГЭМТ ХЭРЭГ ЗАМХАРЧ АЛГА БОЛОХГҮЙ
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин салбартаа хийж буй шинэчлэлийн талаар сэтгүүлчидтэй зангиагүй ярилцлаа. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад жил гаруйн хугацаа өнгөрөхөд хууль зүйн салбарт олон өөрчлөлт гарсан. Тухайлбал, Шүүхийн тухай багц хууль батлагдаж шүүгчид хараат бусаар ажиллах нөхцөл бүрдэж, мөн хариуцлага тооцдог механизм бий болоод байгаа. Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж, цагдаа албан тушаалтанд бус иргэнд үйлчилдэг систем рүү шилжих гэнэ. Энэ мэт асуудал болон сүүлийн үед гараад буй томоохон хэргүүдийн талаар түүнтэй ярилцлаа.

-Цагдаагийн албан хаагчийн цол хэргэмийг өөрчилнө гэж та ярьж байсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгвөл?
-Цагдаагийн албан хаагчтай холбоотой дотоод хяналтын асуудлыг хуульд нарийвчилж тусгаж өгнө. Тухайлбал, цагдаагийн том цолтой хүн олон нийттэй уулзахдаа сав л хийвэл загнаж, зандардаг. Гэтэл хүчний байгууллагын хамгийн бага цолтой хүн энгийнээр харьцдаг байх жишээтэй. Цагдаагийн цолыг албан тушаалаас хамааралгүйгээр ажилласан жил, танил талаараа авдаг. Гэтэл цагдаагийн ахмад цолтой хүн хэлтсийн даргаар ажиллаж байлаа гэхэд хурандаа хүн түүний удирдлагад алба хашдаг байж болно. Гэтэл тэр хурандаа “Чи надаас бага цолтой хэр нь надад заадаг хэн юм” хэмээн загнаж, тушаалыг биелүүлэхгүй байх нь бий.
Ийм байж болохгүй. Дарга бол дарга л байх ёстой. Манай салбарт энэ мэт доголдолтой зүйлүүд байгаа учраас бид Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болоод байна.
-Цагдаагийн цолтой бөхчүүдийн цолыг хураана гэсэн үү?
-Хэн нэгэн цагдаад дуудлага өгөхөд 5-10 минутын хугацаанд ирэх нь иргэдэд чухал. Түүнээс биш цагдаагийн удирдлагууд хэдэн бөх тэжээж байгаа нь тэдэнд сонин биш шүү дээ. Би тэдний цолыг нь хураах гэсэнгүй. Харин жирийн албан хаагчтай адил зам дээр зогсч, ажлаа хийх хэрэгтэй гэж хэлж байна. Нэг жишээ дурдахад, 15 жил цагдаагийн байгууллагад зүтгээд гэр хороололд амьдарч байхад цагдаагийн даргын хажууд 3-4 жил байж барилдсан бөх гурван өрөө байртай болж байна. Тиймээс бид цагдаагийн дотоод хяналтдаа өөрчлөлт шинэчлэлт хийх зайлшгүй шаардлагатай байгаа.
-Замын цагдаагийн газрыг татан буулгах асуудал яригдаж байсан. Үүнд та тайлбар өгөхгүй юу?
-Замын цагдаагийн газрыг татан буулгах эсэхийг зохион байгуулалтаар зохицуулна. Монгол Улсын Замын цагдаагийн газар хэрнээ нийслэлийн замын хөдөлгөөнийг зохицуулахаас өөр ажил хийхгүй байна. Өөрөөр хэлбэл, аймгийн цагдаагийн хэлтэстэй ажил үүргийн хувьд адил болж байна шүү дээ. Харин дотоодын цэргийг татан буулгаж, олон нийтийн аюулгүйн алба болгож өөрчлөхөөр төлөвлөөд байна. Дотоодын цэрэг нэрээр маш их мөнгө үргүй зарцуулж байгааг болиулах үүднээс ийм шийдвэр гаргалаа.
-УИХ-ын гишүүдтэй холбоотой хэргүүд шил шилээ даран гарч байна. Гарсан даруйдаа хэсэг шуугиж байгаад төд удалгүй замхардаг. Ё.Отгонбаяр гишүүнтэй холбоотой хэргийн сураг сонсогдохоо болилоо. Арай хэрэгсэхгүй болгосон юм биш биз дээ?
-Бид либериал нийгэмд амьдарч байна. Ямар ч хүн гэмт хэрэгт холбогдсоноо зарлан тунхаглаад явдаггүй. Ё.Отгонбаяр гишүүн “Би хэрэг хийгээгүй” гэж хэлж болно шүү дээ. Түүнд та бүхэн эмзэглэх зүйлгүй. Авлигатай холбоотой хэрэг нь хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа. Мөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай холбоотой хэргийг ч шалгаж байна. Хутгалуулсан гэх хүн нь гомдол гаргасны мөрөөр хэргийг нь шалгаж буй юм. Маргааныг чухам хэн нь эхлүүлсэн болохыг шалгаж байгаа гэсэн үг. УИХ-ын гишүүн ч бай ямар ч хүн хэрэг хийсэн л бол хуулийн өмнө хариуцлагаа хүлээнэ. Хариуцлагаас мултрах ямар ч үндэслэл байхгүй.
-“Жаст” группийн захирал асан Ш.Батхүүд холбогдох хэрэг юу болж байгаа бол?
-Ш.Батхүү хэргээ хүлээхээс гадна Монгол Улс 140 гаруй сая ам.долларын өрөнд ороод байна. Түүний зээл авсан банк нь Засгийн газраас мөнгөө нэхэж байгаа. Бодит байдлыг судлахаар ажлын хэсэг ажиллаж байна. Манай Засгийн газар Арбитрийн шүүхэд дуудагдсан. Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн тухайн үеийн захирал Ч.Ганзоригийн гарын үсгийг хуурамчаар ашигласнаа хүлээсэн. Тэгэхээр үүнд Ч.Ганзориг холбогдолгүй гэсэн үг. Гэхдээ бид “Эрдэнэт” үйлдвэрийг Засгийн газрын түвшинд шалгах шаардлагатай гэж үзэн удахгүй шалгалт оруулах гэж байгаа.
-Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарыг шалгаж болдоггүй юм уу. Холбогдох хууль хяналтын байгууллагаас хүсэлт хүргүүлсэн үү?
-Хоёр удаа хүсэлт хүргүүлсэн ч Цэц хүлээж аваагүй. Хууль сахиулах үйл ажиллагаа доголдож байна.
-Гэмт хэргийн гаралт сүүлийн үед ихсэх боллоо. Үүнд салбарын яамнаас ямар бодлого баримталж ажиллаж байна вэ?
-Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон хэргүүдийг өмнө нь бүртгэдэг байсан. Би ажлаа авангуутаа хууль хяналтын байгууллагад хандаж буй гомдол бүрийг бүртгэхийг үүрэг болгосон. Ингэж байж салбарынхаа ажилтнуудын ажлын ачааллыг бодитоор гаргаж ирэх гэсэн юм. Үүний дараа гэмт хэргийн тоо эрс нэмэгдсэн. Нийгмийг цочирдуулсан гэмт хэрэг олноор гарах болсон. Өмнө нь ч ийм төрлийн хэргүүд гарч байсан л даа. Энэ нь манайх галт зэвсгийн хяналтаа алдсаны шинж юм. Галт зэвсгийн хяналт сул байгаагаас цаашид ийм хэргүүд шил шилээ даран гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс зэвсгийн хяналтыг сайжруулж, тоолох хэрэгтэй байна. Бид жил хагасын дараа гэхэд галт зэвсэгтэй холбоотой хяналтыг байх ёстой байранд нь оруулах байх. Гэхдээ бүх зүйлийг өргөс авсан мэт хийж чадахгүй л дээ.   
-БНХАУ-тай ялтан солилцох хэлэлцээр хийж байгаа. Энэ асуудал ямар шатандаа явж буйг сонирхмоор байна.
-Хятадын талтай яриа хэлэлцээр хийж байна. Тэд хариу өгөхгүй бол бид шийдвэрлэж чадахгүй. Одоогоор гурван хүний ар гэрээс шилжүүлэх хүсэлт гаргаад байгаа. Гадаадад суугаа Монголын Элчин сайдын яамны газарт хууль зүйн асуудал хариуцсан атташе томилох хэрэгтэй. Тэд Монголын иргэдийн эрх ашгийг хамгаалахаар тэмцэнэ шүү дээ.  
-Уул уурхайтай холбоотой томоохон компаниудын хэрэг замхарч байна. Саяхан ийм 2-3 тохиолдол гарлаа шүү дээ. Энэ тухайд?
-Манай улсын байгаль орчны эсрэг гэмт хэрэг шалгадаг арга барил нь хоцрогдсон. Тухайлбал, тэр уурхайгаас болоод гол бохирдсон гэдгийг юугаар нотлох вэ гэдэг. Манайд бохирдол шалгадаг лаборатор байхгүй нь нотлох баримтгүй болгодог. Гэхдээ энэ төрлийн гэмт хэрэг цаашид замхрахгүй. Гэмт хэргийн тухай хуулиар хариуцлага хүлээдэг болж байгаа юм. Өмнөх хуульд ийм заалт байгаагүй.
-Монгол Улс хар тамхины дамжин өнгөрөх төв болж байна гэж та хэлж байсан. Энэ асуудалд хэрхэн анхаарч байна вэ?
-Өмнө нь манай улсын иргэд хар тамхи зөөвөрлөж байсан бол одоо өөр болсон. Манайд энэ чиглэлийн судалгаа хийдэг байгууллага байхгүй учраас Мөрдөх албаны тухай хуульд өөрчлөлт оруулах замаар үүнээс урьдчилан сэргийлэх хэлтэс байгуулахаар төлөвлөж байна.   
С.Заяа
0 Сэтгэгдэл
Тэмүүжин сайд бол Монголын хамгийн үнэтэй капитал мөн. Сайдыгаа төрийн хамгаалалтанд авах хэрэгтэй. Реформ гэж үүнийг л хэлдэг юм. Нямдоржийн үед инээдмийн шог хуулийн байгууллагууд байжээ.
Хамгийн их уншсан