Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.СОЁЛ-ЭРДЭНЭ: ӨНДӨР ЦАЛИНГИЙН СУРГААР ШҮҮГЧ БОЛОХ ГЭСЭН ХҮМҮҮС НЭМЭГДЭХ БАЙХ
Шүүхийн тухай багц хууль энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн. Уг хуулиудыг дагаж мөрдөх журмын бэлтгэл ажлыг ирэх сарын 1 хүртэл хийж байгаа билээ. Энэ хүрээнд шүүхүүд дээрх хуулиудыг иргэдэд сурталчлан таниулах ажлыг ч хийж буй юм. Энэ талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч П.Соёл-Эрдэнэтэй ярилцлаа.

-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд шүүгчийн хараат бус байдлыг тусгаж өгсөн. Өмнөх хуулиас юугаараа давуу талтай болсон бэ?

-Шүүгчийн хараат бус байдалд өмнөх хуулиудаас арай өөр хоёр шинэчлэлт орсон. Энэ нь улс төрөөс ангид байх заалт юм. Өмнө нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд улс төрийн албан тушаалтан орж, орон тооны бус  14 гишүүнтэй байдаг байсан. Харин одоо тус зөвлөл орон тооны таван гишүүнтэй болж байна. Төрийн захиргааны болон хууль зүйн өндөр мэдлэгтэй, хууль зүйн чиглэлээр 10-аас дээш жил ажилласан мэргэшсэн хуульчдаас бүрдсэн төлөө­лөл тус зөвлөлийг бүрдүүлж байгаа. Зөвлөлийн гишүү­дийн бүрэлдэхүүнийг шүүгч нар болон Хуульчдын хол­боо­ноос нэр дэвшүүлэх за­маар томилохоор болсон. Улс төр болон бусад хүчин зүйлээс хараат бус ажиллаж чадах хүнийг тус зөвлөлийн гишүүнээр томилох ёстой. Тэд хараат бусаар ажиллаж байж хараат бус шүүгчийг бий болгох учиртай. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчдийн цалинг анх удаа тогтоож байна. Шүүгчийн цалинг нэмэгдүүлэх шаард­лагатай байгаа. Үүнтэй холбогдуулан шүүгчийн хийж буй ажил, албан тушаал, хариуцлагын асуудлыг ч ярих учиртай. Энэ утгаараа шүүгчийн шударга ёсны төлөө өгч байгаа хөрөнгө оруулалт нь цалин юм. Шүүгчдийн 60 гаруй хувь нь орон сууц болон цалингийн зээлтэй амьдарч байна. Төрөөс шүүгчийн эдийн засгийн баталгааг хангаж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэснээр шударга ёсыг хангаж буй юм.
-Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс шүүгчийн цалинг нэмэхээр ярьж байгаа. Цалин нэмэгдсэнээр шүүгчид авлигаас бүрэн ангижирч чадах уу. Шүүгчид өгөх авлигын хэмжээ цалинг нь дагаад өсөх нь гэсэн яриа олон нийтийн дунд гарчихаж.
-Шүүгчийн цалин нэмэгд­сэнээр эдийн засгийн хараат бус байдал хамгаалагдана. Өр зээлтэй хүмүүс зээлээ төлж, мөнгө төгрөгт санаа зовохгүйгээр ажиллах боломжтой болно. Үүнийг дагаад маш олон эерэг өөрчлөлт гарна. Гэхдээ нийгмийн харилцаа олон талтай. Энэ утгаараа 100 хувь хараат ажиллаж чадна гэж хэлж чадахгүй. Шүүгч цалингаас болоод хараат бус байгаа юм биш. Тухайн шүүгчид мэргэжлийн өндөр хариуцлага шаардагдаж буй юм. Мэдлэг, чадвартай байж энэ ажлыг хийх шаардлагатай болж байна гэсэн үг. Ёсзүйн зөрчилтэй, хэргийн аль нэг талтай харилцдаг хувийн сонирхолтой хүн байх юм бол цалингаас гадна арга хэмжээ авдаг, шалгадаг байгууллага нь зэрэгцээд ажиллаж байгаа.
-Цалин нэмэхтэй зэрэг­цэн шүүгчийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд анхаарах ёстой. Тэр утгаа­раа шүүгч нарыг шалгалтад хамруулах гэж байгаа гэж сонссон. Нөгөөтэйгүүр цалин нэмэгдэхээр шүүгч болох гэсэн бодолтой хүмүүс ихсэх байх.
-Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дүрмийн төсөл боловсруулаад цахим хууд­саар санал авч байгаа. Удах­гүй батлагдах байх. Цалин­гийн сургаар шүүгч бо­лох гэсэн хүмүүс нэмэгдэх байх. Хүнээ зөв сонгох нь чухал. Шударга, ёс зүйтэй, мэргэжлийн өндөр чадвартай хүнийг шүүгч болгох ёстой. Тэднийг сонгох, шалгалт авах эрх нь Шүүхийн ерөнхий зөвлөлд бий.
-Шүүгчдийн бүрэл­дэ­хүү­ний бүрэн эрх хэдэн жил байдаг вэ. Нэг газар удаан ажиллах нь төдийлэн оновч­той биш байх л даа.
-Шүүгчийг тэтгэвэрийн нас хүртэлх хугацаанд томилдог. Хэрэв шүүгчид ямар нэг хугацаа заагаад өгчихвөл хараат бус болно. Улс төрийн албан тушаалтан дөрөв дөрвөн жилээр үргэлжилдэг бол шүүгчид ингэж хугацаа зааж болохгүй. Харин сэлгэж ажиллуулах зохицуулалт байдаг. Гэхдээ нэг газраа олон жил ажилласан байж болно. Тухайн нэг газар хэдэн ч жил ажилласан гэсэн шүүгчийн  ёс зүйтэй байж болдог, ёс зүйн зөрчил нь тухайн шүүгчээс өөрөөс нь шалтгаалахаас, хаана, хэдэн жил ажилласан нь төдийлөн нөлөөлөхгүй.
-Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгчийн ачаалал их байна гэж та ярьж байсан. Нэг шүүгчид хэчнээн хэрэг ногдож байна вэ?
-Нэг шүүгч долоо хоногт дунджаар 7-8 хэрэг дээр ажилладаг. Жилд 100-150 орчим хэрэг шийдвэрлэж байна. Шүүхийн тухай багц хуулиар шүүгчид нөлөөллийн мэдүүлэг хөтөлдөг болсон. Энэ  мэдүүлэг маш чухал ач холбогдолтой. Иргэд, хуулийн этгээд энэ талаар мэдлэг мэдээлэл сайтай байгаа бололтой. Одоогоор шүүгчид нөлөөлөх гэсэн ямар нэг оролдлого гараагүй байна. Шүүгч рүү яриад нөлөөлөх гэж оролдсон хүн төрийн албан тушаалтан бол шууд ажлаасаа чөлөөлөгдөх хуультай. Бид ч нөлөөллийн мэдүүлгийн талаар иргэдэд таниулж, тайлбарлаж байгаа.
С.Заяа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан