Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ын муу нэрийг хусавч арилахгүй
МАН ердөө гурав хоногийн дараа XXYII их хурлаа хийх нь. Сүүлийн хэдэн удаа энэ нам их хурал болгоноо л шинэчлэлийн их хурал хэмээн нэрлэж хийж ирсэн. Ингэх бүрийдээ л намын дарга, том албан тушаалын төлөө өрсөлдөөн, нууц хуйвалдаан явуулга хийж өөр зуураа тэмцэлдсээр ирсэн түүхтэй.
Бүх шатны сонгуульд таван ч удаа дараалан ялагдаад байгаа энэ намын энэ удаагийн их хурал шинэчлэлийн байхаас аргагүй. Шинэчлэлийн хороо гэдэг залуучууд намын нэр хүндийг унагасан, улмаар сонгуульд ялагдуулсан олигархиудаас зайгаа барина гэж байгаа нь чухамдаа үнэн.

Үнэхээр Намбарын Энхбаяраас хойш энэ намыг монгол улсын төлөө биш юм гэхэд сонгуульд ялуулчихаар авч явсан лидер хэн билээ.
Нийслэлийн хамаг газрыг гарынхаа салаагаар урсган зарж үрж хөлжсөн хүн ч намын дарга болж л байлаа, өчигдөр хэлснээ өөрчлөөд өнөөдөр нэг юм хэлж түүнээсээ болж сонгууль будлиантуулчихаад, сөрөг намтайгаа хамтарч байж нэг юм ялаас мултарсан хүн ч намын дарга нь байлаа.

Байгаа байхгүй нь мэдэгдэхгүй, ерөнхий нарийн бичгийн даргынхаа сүүдэрт нуугдан хувийн зочид буудлынхаа бизнесийг тордож байсан хүн ч намын дарга нь байлаа. Өнөөдөр бол нэгэн цагт жигүүр энэ тэр гэж дарга нараа шантаажилж байж сайдын зэрэгт хүрсэн нэгэн байгаа. Энэ бүхий л хүмүүс Монгол Улсад ч, намдаа ч гавьтай гавьяа байгуулаагүй. Чухам үнэнийг хэлэхэд сайндаа ч сонгуульд ялж байгаагүй, булхай луйвар энэ тэрээр л аргалж байсан.
Гэхдээ Монгол Улсын амьдралд яахын аргагүй том нөлөө бүхий энэ намын нэрээр хөлжиж баяжсан тэд энэ намын амьдралаас хэзээ холдоогүй, эргэн эргэн санаархсаар байгаа. Иймдээ ч энэ том намын нэр хүндийг улам доош татаж байгааг залуучууд нь хэдийнээ олоод харчихсан нь энэ.  

Харамсалтай нь дээрх хүмүүс шинэчлэлээс ямагт зайлсхийж нам доторхи байр сууриа алдахгүй байж байгаад, жирийн олон гишүүд, дэмжигчдийнхээ нэрээр нам нь нэг цагт сонгуульд ялбал дахиад Ерөнхий сайд, сайдын суудал юу магад хэмээн горьдон, хэл хөлөө татаж чадахгүй үхэн хатан зүтгэж байгаа нь намынхаа шинэчлэлд чөдөр тушаа болж байгаа нь нууц биш. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ч гэсэн хуучинсагууд зөвхөн алдагдсан эрх мэдлээ санаашран төр засгийн бүхийл бодлогыг харлуулан муучлахаас хэтрэхгүй, төрийн бодлогод тодорхой жин дарах хувь нэмэр оруулж чдаахгүй чавганцын хэрүүл хийсээр суугаа нь муу дээр муухай, муухай дээр улцан гэгч болж намынха анэрийг улам унагаж байгаа.

МАН-ын өнөөгийн дарга Ө.Энхтүвшинг нам дотроо жигүүр байгуулаад албан тушаал горьдон гүйж байхад УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нэгэнтээ “Болдогсон бол тэр жигүүр энэ тэрийг дорбинкдоод хаячих юмсан” гэж байсан нь чухамдаа энэ нам дотор бугшсан олон хүний дотроо хадгалж явдаг сэтгэлийн үг байсан. Өнөөгийн Шинэчлэлийн хороог ч гэсэн өнөдөөр УИХ-д шургалчихаад байгаа хуучинсагууд нь яг ингэж харж бодож яваа.  Өөрөөр хэлбэл тэд залуучуудад байр сууриа алдахаас үхэн хатан айж байна.

Үнэхээр их хурал нь хаяанд тулчихаад байхад Шинэчлэлийн хороо гэсэн хэдэн залуусынхаа эсрэг хуучинсагууд яг ийм байдлаар хандаж байна.
Энэ намын нэрээр олон мянган гишүүдийн нь дэмжлэгээр 20 гаруй жил нам төрийнхөө толгойд сууж, төрийн мөнгөөр хөлжсөн олигархи хуучинсаг тэр хэд хажуу дэргэдээс хэн ч юу ч хэлэхгүй амар жимэр сууж байгаад их хурлаа хийсэн болж “Сонгуульд ялагдуулсан буруутай Сү.Батболд, У.Хүрэлсүх нар хэдийнээ хариуцлагаа хүлээсэн. Бид бол ямар ч буруугүй” гэсэн жүжиг тавиад  л, хожмын албан тушаалаа мөрөөдөөд намыхаа толгойд занхайгаад үлдэхийг бодож байна.

Гэтэл үнэндээ 2008 оны сонгуулийн дараа хэдхэн хүний албан тушаал, төрийн мөнгөнөөс идэх шуналынхаа төлөө таван хүний амь егүүтгэж, 200 гаруй хүнийг шоронгийн тав болгосон булайг нь, өнөөдөр алхам алхмаар ил болсоор байгаа төрийн, төсвийн, ард түмний хөрөнгийг хэрхэн ямар булай аргаар идэж хувьдаа шингээж байсныг ил болгож, ийм хүмүүсийг зайлуулахгүйгээр энэ нам шинэчлэгдэнэ гэдэг юу л бол. МАН-ын үеийн үед үйлдсэн муу муухайг хүсэвч мартахгүй, хусавч арилахгүй. “Шинэчлэлийн” нэртэй мянган их хурал хийгээд ч шинэчлэгдэхгүй л дээ.

Одоо ганцхан Шинэчлэлийн хорооныхны эр зориг л энэ намын цаашдын хувь заяаг шийднэ. Тэд энэ сайхан намын нэрний ард нуугдан төр ард түмнийхээ өмнө буруу хэрэг үйлдсэн хуучинсагуудынхаа нэрийг зарлан энд бугшсан бузар булайг үнэнээр нь ил гарган дэлгэвэл олон түмэн эрүүл саруул, улс төрийн том хүчин, сөрөг хүчнийг ч бас хүлээж л байнасанж. Харж л байя, XXYII  их хурлыг нь.....

90 жилийнхээ түүхэн гавьяаг 20 жилд л хэдхэн хүн баллуурдаад хаячихснаас биш МАН гэдэг уг нь Монгол Улсынхаа төлөө хийж бүтээсэн зүйлтэй, түүхэнд үлдээсэн мөртэй, үе үеийн сор болсон хүмүүсийг эгнээндээ нэгтгэж явсан нам юмсан.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан