Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинэчлэл үгүйлэх МАН-ын Их хурал

Шинэчлэлийн салхи үнэртсэн Их хурал. Энэ томъёолол МАН-ын энэ удаагийн Их хуралд дөхөж очих байх. МАН өнгөрсөн оны УИХ-ын сонгуулиас хойш бүх шатны сонгуульд ялагдал хүлээсэн нь байнга шахуу олонхи болж ирсэн тэдэнд хүнд цохилт болов. Ялагдлын амтыг төдийлэн мэдэрч үзээгүй залуусынх нь цөсийг хөөргөж, намд маань шинэчлэл хэрэгтэй хэмээн үглэх, тэмцэхийн аль нь болох нь үл ойлгогдох байдлаар удирдлагуудаа шүүмжилж эхэлсэн нь намын Их хурлыг зохион байгуулах урьдчилсан нөхцөл болов. Удирдлагын баг муу ажилласнаас ийм байдалд хүрлээ хэмээх залуу­сын хөдөлгөөний дүгнэлтээс илүүтэйгээр үзэл баримтлал, хуучны арга барил нь энэ намыг ялагдалд хүргэсэн гэвэл үнэнд дөхөж очих болов уу. Ялагдал хүлээсэн намын удирдлага хариуцлагаа хү­лээж, суудлаасаа буух нь улс төрийн намуудын би­чиг­дээгүй хууль. Энэ жиш­гээр Ө.Энхтүвшиний баг ха­риуцлагаа хүлээж, удирд­лагын шинэ бүрэлдэхүү­нийг сонгож, алдаа оноогоо дэн­сэлж, цаашид ямар арга барилаар явахаа шийдэхээр МАН-ын 1134 төлөөлөгч гур­ван өдрийн турш хуралдана.

Өчигдөр өглөө эхэлсэн Их хурлын уур амьсгал нам гүм, гишүүд дор бүрнээ хуралдааны танхимын уур амьсгалыг сонжсон байдалтай суугаа харагдсан.
Хурлын эхэнд тавьсан намын даргын илтгэл нэлээд анхаарал татаж, Их хурлын төлөөлөгчдөд нэгийг бодуулж, хоёрыг тунгаах боломж олгов бололтой. Тэрээр илтгэлдээ “Намын анхан шатны байгууллагад эрх мэдэл өгнө. Шинэчлэл бол тодорхой хэсэг хугацаанд хэдэн том өөрчлөлтийг ганц хоёрхон далайлтаар хийгээд дуусдаг ажил биш аж. Шинэчлэлийг нам ялагдсан, хямарсан үед хийдэг зүйл мэтээр ярих нь учир дутагдалтай. Бид энэ цаг үед яагаад ялагдав, юуг шинэчлэх вэ гэдгээ олж харахын тулд тойрч суугаад ярилцах ёстой. Эрх барьж байсан он жилүүдэд бидний гаргасан хамгийн том ноцтой алдаа, завхрал нь боловсон хүчний бодлоготой шууд холбоотой. Үнэнийг хэлэхэд манай намын боловсон хүчний гол бодлого 200 гаруй хүний хүрээнд эргэлддэг болжээ.
Боловсон хүчнийг сонгохдоо мэдлэг боловсрол, шударга чанар, ажлын дадлага туршлага, олон түмний үнэлгээ, улс төрийн ноён нуруу гэх мэт гол шалгуурыг бус, чухал биш төдийгүй зарчимгүй өөр бусад үндэслэлүүдийг голлодог болсон байна” гэсэн нь өнгөрсөн хугацаанд тус нам ямар арга барилаар явж ирснийг илтгэнэ. Намын анхан шатны байгууллагаа тоолгүй, асуудлыг дээгүүрээ шийддэг байсан нь олон мянган сонгогчдынхоо итгэ­лийг хөсөрдүүлэх эхний алх­мыг хийж. Үүнийг Ө.Энхтүв­шингийн баг гүнээ ойлгосноо илэрхийлж, тэрээр “Зарим албан тушаалтан авлига, хээл хахууль зэрэг шударга бус зүйлд нэр нь холбогдож төрийн болоод намын нэр хүндийг унагаад байхад юу ч болоогүй мэт ямар ч арга хэмжээ авахгүй явж ирсэн нь удаа дараагийн сонгуу­лийн дүнд нөлөөлсөн” гэв. Түүнчлэн намын буянаар сонгогдож, томилогдсон хариуц­лагатнууд алдаа хийсэн бол түүнийгээ шударгаар хүлээж, шаардлагатай бол, бүр огцрох, чөлөөлөгдөх хүсэлтээ хэн нэгнээр шахуулж шаардуулалгүй гаргаж сурах нь энэ намд улс төрийн өндөр соёл дэлгэрэх сайн цагийг авчирна гэдгийг ч хэлсэн.

Мөн улс төр тогтворгүй байгаагийн шалтгаан нь өнөөгийн засгийн эрх барьж байгаа намтай шууд хол­боотой хэмээгээд “Засгийн газрын бүтэн нэг жилийн бодлого, үйл ажиллагааг шинж­лээд үзэхэд, нэгд, хон­зо­г­нол; хоёрт, үгүйсгэл; гуравт, олдсон бүхий л бо­ломжийг өөрсдийгөө болон намаа бэхжүүлэхэд бүрэн дайчлах, улс төрийн гол өрсөлдөгчөө бүдэрсэн дээр нь түлхэж түүхийн тавцангаас зайлуулах гэсэн санаархал үйл, хөдлөл бүхэн дээр нь тод илрээд байгаа юм” гэсэн нь намын ажлыг ярилцахын хажуугаар хүчтэй сөрөг хүчин байх хэрэгтэй гэдгээ сануулахаа мартсангүй.

Түүний илтгэлд тусгагдсан үнэлэлт дүгнэлт, алдаа оноог авах гээхийн ухаанаар хандан тус нам авч хэрэгжүүлбэл үнэхээр шинэчлэгдэж чадах мэт боловч хуучцуулын нөлөөл­лөөс сална гэдэг амаргүй. МАН-д нөлөөтэй улстөр­чид олон байгааг дээр дооргүй хэлж байгаа. Тэд намынхаа ялагдлыг дэнсэлж, шинэч­лэл хийхийн төлөө тууштай явбал шинэчлэгдэж чадна гэж зарим улс төр суд­лаач дүгнэсэн байна лээ. Тэд Их хурлын өмнөх өдөр намынхаа Бага хурлыг хаалттай хийсэн.

Хурлаас Бага хурлын гишүүдийн тоог 250 болгож багасгах, Удир­дах зөвлөл 31 гишүүнтэй байгааг 21 хүртэл байхаар шийдсэнээ Их хурлаар хэлэлцүүлэхээр болсон. Хэрэв энэ тоо батлагдвал МАН-ын нүсэр бүтэц бага ч атугай хумигдах нь. Энэ удаагийн Их хуралд МАН-ын генсек асан У.Хүрэлсүх оролцсонгүй. Тэрээр харин намын нөхөддөө мэндчилгээ илгээж, эв нэгдэл шинэчлэл авчирсан Их хурал болно гэдэгт итгэлтэй байгаагаа өгүүлжээ. Харин С.Баяр, Н.Багабанди нарын МАН-ын нэр нөлөөтэй “кадрууд” Их хуралдаа сууж байгаа нь харагдсан. Их хурлын төлөөлөгчид өчигдөр үдээс хойш гурван хэсэг болж, салбар хуралдаан хийв. Соёлын төв өргөөнд болсон салбар хуралдаанаар МАН-ын дүрмийн шинэчлэлийг, харин Тусгаар тогтнолын ордны Бага танхимд болсон хуралдаанаар Монгол Улсын 2021 он хүртэлх хөгжлийн зорилтыг, Их танхимд болж байгаа хуралдаанаар намын үйл ажиллагааны шинэчлэлийг тус бүр хаалттай хэлэлцсэн юм.
Харин үүний дараа нэг­дэж, намын даргаа сонгох асууд­лыг ярих юм байна. Гэх­дээ энэ асуудал оройн 21.00 цагаас хойш яригдах тул манай сонин буух үед салбар хуралдаанууд тараагүй байсан юм.

МАН-ын XXVII Их хурлаас төлөөлөгчид ямар үр дүн хүлээж байгаа эсэх, шинэчлэлийг ямар байдлаар хийх ёстой талаар зарим хүний байр суурийг сонслоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан