Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Туяа: Шүүгчдийн цалинг 3.7-4.5 сая төгрөг болгосон нь түүхэн шийдвэр

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай багц хууль энэ оны дөрөвдүгээр сарын сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн. Эдгээр багц хуулийн хүрээнд Шүүгчийн бие даасан, хараат бус байдлыг хангах тодорхой механизмуудыг хуульчилсан. Энэ хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс авч хэрэгжүүлж байгаа ажлуудын нэг болох шүүгчдийн цалинг шинэчлэн тогтоосон асуудлаар  Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын зөвлөх, Шүүхийн судалгаа,мэдээллийн төвийн захирал, Доктор М.Туяатай ярилцлаа.


-Шүүгчдийн цалинг танай зөвлөлөөс шинэчлэн тогтоодог болсон гэсэн. Энэ удаа тэдний цалинг ямар үндэслэлээр нэмж байгаа юм бол?    
-Шүүхийн захиргааны тухай хуулийн 6.1.1 дэх хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөн Улсын Их Хуралд шууд өргөн мэдүүлэх” гэсэн бүрэн эрхийг хуулиар олгосон. Энэ хүрээнд Шүүхийн Ерөнхий зөвлөл шүүгчдийн цалинг шинэчлэн тогтоогоод байна.  Ийнхүү шинэчлэн тогтоохдоо хуульд зааасан шүүгчийн албан тушаалын цалингийн  хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна гэсэн шалгуурыг хангахыг эрмэлзлээ. Гэвч энэ удаагийн шинэчлэн тогтоосон цалингийн хэмжээ нь хуульд заасан шалгуур үндэслэлийг бүрэн хангана гэж хэлэх нь зохиомжгүй ч  тэр шалгууруудыг хангахад дөхөм болгохыг зорьсон. Эдийн засгийн баталгааг хангах гэдэг нь Шүүгчийн хараат бус, бие даасан байдлыг хангах хамгийн гол хүчин зүйл гэдэг нь маргаангүй хэдий ч зөвхөн цалин нэмэгдүүлэх нь шүүгчийн эдийн засгийн баталгааг бүрэн хангалаа хэмээн үзэх нь зохимжгүй юм.  Хуульд заасан шалгуур үндэслэлийг хангахын тулд Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчдийн цалингийн талаар тодорхой судалгаа явуулсан. Ер нь, сайн бодлогын шийдвэрийн цаана хангалттай судалгаа үндэслэл байх ёстой. Судалгааны ажлын хүрээнд шүүгчдийн цалинг тогтоож байсан өмнөх туршлага, бүх шатны шүүгчдийн  нийгмийн хамгаалал, эдийн засгийн нөхцөлийг тодруулсан асуулга, ярилцлагыг зохион байгуулж,  шүүгчдийн цалинг тогтоож буй олон улсын туршлагыг судалсан. Өөрөөр хэлбэл шүүгчийн цалинг тогтоох зайлшгүй үндэслэл шалгуур нь юу вэ гэдгийг тодорхойлохыг зорьсон юм. Монгол Улсын хэмжээнд 1990 оноос хойш шүүгчийн цалинг тогтоох, нэмэгдүүлэх талаар гаргасан тогтоол,  шийдвэрийг судлахад УИХ-аас 1996 оноос эхлэн өнөөг хүртэл есөн удаа шүүгчийн цалинг тогтоосон байдаг. Гэвч шүүгчийн цалинг тогтоох тухай тусгайлан заасан үндэслэл байсангүй. Харин үе үеийн Засгийн газраас Төрийн албан хаагчийн цалинг нэмэгдүүлэхэд түүнийг дагуулан шүүгчийн цалинг тогтоодог жишиг тогтжээ. Энэ нь шүүгчийн хүний эрхийг эрхэмлэн, хуульд захирагдаж, нийгэмд шударга ёсыг тогтоож, өргөсөн тангараг, хүлээх эцсийн хариуцлага, мэргэжлийн үүргээсээ хамааран иргэнийхээ тодорхой эрхийг хязгаарлуулсных нь төлөөстэй шүүгчийн цалингийн хэмжээ дүйцэхүйц байх ёстой гэсэн олон улсын жишгийг гажуудуулсан явдал юм. Хүрэлцээтэй, баталгаатай байх цалин хөлсийг тогтооход олон улсад төрийн албан хаагчийн цалинтай харьцуулж тогтоодоггүй юм байна.

-Иймд шүүгчдийн цалинг олон улсын жишигтэй харьцуулж цалинг нь тогтоосон гэсэн үг үү?    
-Олон улсын туршлагыг харгалзан үзсэн. Шүүгчийн ажил өөрөө яагаад онцлог болохыг би өмнөх хариултдаа дурьдсан. Маш товчхондоо шүүгчийн  хийж байгаа ажил, хүлээж буй үүрэг, гаргаж байгаа шийдвэрийн нийгэмд үзүүлэх үр нөлөө нь түүний цалин нь харьцангуй өндөр байх ёстойг нотолж байна. Шүүгчийн албан тушаалд хамгийн ур чадвартай, өндөр мэдлэг боловсролтой хуульчид сонгон шалгаруулалтаар өрсөлдөж томилогддог. Гэтэл тухайн хуульч хэрэв  хувийн салбарт хуульчийн мэргэжлээрээ ажилласан бол хэдий хэмжээний орлого олох боломжтой байсан, тэр хэмжээгээр гэр бүлийнх нь баталгаа нь хангагддаг. Иймд олон улсын туршлагад шүүгчийн цалинг тогтоохдоо хувийн салбарт ажиллаж буй хуульчдын орлогыг харьцуулан тогтоож байгаа нь мөн л шүүгчийн хараат бус байдал, түүний мэргэжлийн өрсөлдөх чадварыг баталгаажуулсан жишиг юм. Бидэнтэй ижил замналтай, пост-социалист орнуудын туршлагыг судлахад Польш, Чех, Унгер зэрэг оронд шүүгчид нь дундаж ажиллагсадын сарын цалингаас 5-6 дахин их цалин авч байна. Харин өндөр хөгжилтэй орнууд тухайлбал Австрали улсад хяналтын шатны шүүгчийн цалин  төрийн хамгийн өндөр цалингийн шатлалаас 3.5, шинээр томилогдсон, залуу,  хамгийн бага цалинтай шүүгчийн цалин хамгийн өндөр цалингийн шатлалаас 2.5 дахин их байна.

-Шүүгчид хэдэн төгрөгийн цалин авахаар тогтоож өгөв. Анхан, давж заалдах, хяналтын шатны шүүгчдийн цалингийн хэмжээ харилцан адилгүй биз дээ.
-Шүүгчийн цалинг тогтоосон өмнөх тогтоолуудад шүүгчийг ажиллаж буй бүс нутгаар нь нийслэлийн орон нутгийн зэргээр  ялгавартай тогтоож байсан. Шүүгчийн цалингийн хэмжээг ийнхүү ялгавартай тогтоох нь олон улсын жишиг бус нөгөөтэйгүүр шударга биш юм. Өөрөөр хэлбэл тухайн шүүгч хаана шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэх нь түүний шударга ёсыг тогтоох, хүний эрхийг эрхэмлэх  үүргийг  нь өөрчлөхгүй шүү дээ.  Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөл анхан, давж заалдах, хяналтын шатны шүүгчдийн цалинг 3.7-4.2 сая төгрөгөөр шинэчлэн тогтоосон.  Түүнчлэн  шүүгчийн цалин хөлс гэж ярих нь зохимжгүй. Шүүгчийн ажил нь нормын ажил хийж, ажилласан цаг, бүтээмждээ  тохирсон цалин авдаг жишгээс өөр ойлголт юм. Бусад орны туршлагад нөхөөс төлбөр гэж нэрлэж байх жишээтэй. Шүүгчийн цалингийн хэмжээг шинэчлэн тогтоохын өмнө бид бүх шатны шүүгчдийнхээ  одоо авч байгаа цалингийн хэмжээ, тэр нь амьдрал ахуйд нь хангалттай хүрэлцэж байгаа эсэхийг судалсан. Гэтэл улсын хэмжээнд ажиллаж байгаа бүх шатны шүүгчдийн 50-иас дээш хувь нь тодорхой хэмжээний зээлтэй, цалингийнхаа 40-80 хувийг нь зээлийн хүү, зээл, төлбөрт зарцуулж байгаа гэсэн судалгаа гарсан. Ийм нөхцөлд бид шүүгчдээ хараат бус ажиллахыг шаардах нь зүйд нийцэх үү. Иймд шүүгчдийн цалинг нэмэх үндэслэлийг  олон улсын жишигт ойртуулахыг зорьж түүхэн шийдвэр гарсан.

-Шүүгчдийн шинэчилсэн цалинг хэдийнээс олгож эхлэх вэ?
-Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Шүүгчдийн цалинг нэмснээр хараат бус байдал бий болж, нийгэмд гарах үр дүн нь хуулийн засаглалыг тогтоох, шүүхийн шинэтгэлийг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой болох юм. Нөгөөтэйгүүр шүүх эрх мэдэлд өндөр ур чадвартай, мэргэшсэн чадварлаг мэргэжилтнийг авах үүд хаалгыг бий болгож өгч буй явдал. Анхан шатны шүүгч 3.7 сая төгрөгийн цалинтай болж байгаа нь хувийн хэвшлийнхэнтэй өрсөлдөхүйц хэмжээнд хүрч байгаа. Энэ мэт олон эерэг үр дүнг дагуулах бодлогын чухал шийдвэр юм.

-Одоо шүүгч нар хэчнээн төгрөгийн цалинтай ажиллаж байгаа вэ. Ирэх оноос мөрдөгдөх уг тогтоолд шүүгчдийн ажилласан жилээс хамаарч цалинг нь нэмэх заалт бий юү?
-Шүүгчдийн үндсэн цалингийн хэмжээ одоогийн байдлаар 800 мянгаас нэг сая гаруй төгрөг байна. Өмнөх тогтолцооны үед шүүгчийн цалин тодорхой нэмэгдлүүдтэй байсан. Тухайлбал, шүүн таслах ажлын онцгой нэмэгдэл, ажилласан жилийн болон зэрэг дэвийн нэмэгдлүүд байсан. Харин одоо Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хоёр төрлийн нэмэгдэл байгаа. Энэ нь шүүгчийн цалингийн хэмжээ шүүгчээр ажилласан тав дахь жилээс эхлэн жил тутам хоёр хувиар нэмэгдэх юм. Мөн шүүгчийн мэргэшлийн төвшингийн үнэлгээнээс хамааран цалингийн 50 хүртэлх хувийн нэмэгдэл олгоно. Шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааг үнэлэх нь бас нэгэн шинэтгэлийг эхлүүлж байна.  Өмнө нь шүүгчээр томилох хугацаа тодорхойгүй байдаг байсан. Харин шинэ хуулиар шүүгчдийг 3-5 жил тутам мэргэшлийн үйл ажиллагааны төвшинг тогтоох юм. Энэ нь тухайн шүүгчийн урамшууллын тогтолцоог бий болгохын сацуу тухайн шүүгч ажлын байрныхаа шаардлагыг хангаж байна уу гэдгийг үнэлэх тогтолцоог бий болгосон. Мэргэжлийн түвшингийн үнэлгээнд  хангалтгүй дүн үзүүлсэн шүүгчийг огцруулах бүрэн эрхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд хуулиар олгогдсон.  Энэ өмнө нь байгаагүй шинэ тогтолцоо юм.  Түүнчлэн шүүгчдийн цалинг нэг удаагийн шуугиан дагуулсан шийдвэрээр тогтоох нь төдийлэн оновчтой арга биш. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөл цаашид шүүгчдийн цалинг тодорхой төлөвлөгөө, стратегитэйгээр  4-5 жилийн төлөвлөлттэйгээр нэмэгдүүлэх, жил бүр судалгаа хийх юм.

-Улсын хэмжээнд бүх шатны шүүхэд хэчнээн шүүгч ажилладаг юм бол. Шүүхийн байгууллагад ажиллаж буй бусад ажилтнуудын цалин нэмэгдэх үү?
-Шүүн таслах ажиллагаа, шүүхийн захиргааны чиг үүргийг хоёр тусад нь салгасан. Шүүн таслах ажлыг шүүгчид хэрэгжүүлдэг бол шүүхийн хараат бус байдлыг хангаж, шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах шүүхийн захиргааны чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр цалин нь харилцан адилгүй байна. Шүүхийн захиргааны чиг үүргийн ажилтнуудын цалин  төрийн албан хаагчдын цалингийн сүлжээний дагуу тогтоогддог. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 442 шүүгч ажиллаж байна. Шинээр мөрдөгдөх хуулиар энэ тоо  нэмэгдэнэ. Ирэх оноос орон тоо нэмэгдэж 718 шүүгч бүх шатны шүүхүүдэд ажиллах юм.

-Шүүгчдийн цалинг нэмснээр авлигаас ангид нийгмийг бий болгож чадах болов уу?
-Эдийн засгийн хувьд хараат бус байх нь тэднийг авлигаас ангид байх нэг хөшүүрэг гэж үзэн цалинг нь ийн шинэчлэн тогтоож байгаа. Үүний зэрэгцээ шүүгчдийн бусад эдийн засаг, нийгмийн баталгааг нь хангасан ажлуудыг хуулийн хүрээнд хэрэгжүүлэх болно. Шүүгчийн хараат бус байдлыг хангах бас нэг зохицуулалт Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар баталгаажсан нь “нөлөөллийн мэдүүлэг” юм. Товчхондоо шүүгчийн хараат бус байдлыг  хангах зорилгоор шүүн таслах үйл ажиллагаанд хөндлөнгийн  нөлөөллийг үгүй хийх шинэ механизм. Шүүгч тухайн хэрэг маргааныг шийдвэрлэхийн өмнө хэргийн оролцогчдод нөлөөллийн мэдүүлгийг танилцуулж, гарын үсэг зуруулна. Хэрэг маргааныг хянан шийдвэрлэх болон дараа нь  шүүгчид хэн нэгэн албан тушаалтан, хуулийн этгээд, хувь хүнээс хэргийг хянан шийдвэрлэхэд ямар нэг байдлаар нөлөөлөл ирсэн тохиолдолд шүүгч түүнийг маягтын дагуу мэдүүлэгт бөглөж, үүнийгээ хавтаст хэрэгт хавсарган Шүүхийн ерөнхий зөвлөлд хувийг  ирүүлнэ.  Шүүхийн ерөнхий зөвлөл тухайн нөлөөллийн мэдүүлгийг шалгаж үзээд шаардлагатай тохиолдолд авах арга хэмжээг нь хуульд тодорхой зааж өгсөн байгаа. Тухайлбал, шүүгчдэд нөлөөлөхийг оролдсон, нөлөөлсөн албан тушаалтанг албан тушаалаас нь огцруулах, хуулийн этгээдийг татан буулгах, хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нугалж торгох хуулийн заалттай.   
0 Сэтгэгдэл
БОЛЬЁ ОО
Хамгийн их уншсан