Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улсын төсөвт хяналт тавих шинжилгээний алба байгуулна

УИХ-ын Төсвийн байн­гын хороо хуралдаж, гур­ван асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай болон дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, “Хүний хөгжил сан”-гаас Монгол Улсын иргэнд 2014 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их хурлын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Уг хуультай холбогдуулан Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн төсвийн шинжилгээний алба байгуулах тухай танилцуулсан юм. Бусад орны парламентад УИХ-ын даргынхаа мэдэлд ийм алба байдаг, зөвхөн Төсвийн байнгын хороо бус шаардлагатай бусад байнгын хороод ч дэмжлэг үзүүлэн ажилладаг юм байна. Иймд байнгын хорооны дэргэд бус УИХ-ын даргын дэргэд байлгаж, даргыг нь томилдог байдлаар явах нь зүйтэй гэж тэрээр үзжээ. Үүнтэй санал нийлэхгүй байгаагаа УИХ-ын гишүүн Н.Батбаяр илэрхийлэв. Тэрээр “Улсын төсвийг боловсронгуй болгон батлах ёстой. Ингэхийн тулд төсвийн шинжилгээний алба зайлшгүй байх хэрэгтэй. Улсын төсөвт хяналт чухал. Гэхдээ энэ алба Төсвийн байнгын хорооны дэргэд байх ёстой. УИХ-ын даргын дэргэд байх нь зохимжгүй. Хэрэв энэ хэвээр батлагдвал уг асуудлыг дэмжихгүй” гэсэн юм. Төсвийн шинжилгээний алба байгуулахад төсөвт 900 сая төгрөг тусгасан байна.  Харин УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар тус албанд орон тооны бус ажилтныг татан оролцуулж болох байдлаар ажиллан, төсөвт хяналт шалгалт хийх хэрэгтэйг сануулж байсан. Ингээд Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг байнгын хорооны гишүүдийн олонхи нь дэмжлээ.

Монгол Улсын 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар Сангийн сайд Ч.Улаан мэдээлэл өгсөн юм. Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг  7.270.0 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 35 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 7.686.3 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 37 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -416.3 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувь байхаар баталсан аж. Олон улсын банк санхүүгийн байгууллагууд экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнийн төсөөллөө дэлхийн эдийн засагт гарч буй өөрчлөлтийн улмаас бага зэрэг бууруулсан аж. Нөгөөтэйгүүр Оюу толгойн ордын үйлдвэрлэлийн хэмжээ тө­лөвлөсөн хэмжээнээс буурч, нүүрсний олборлолт багассан нь энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй шалтгаан болсон аж. Энэ нь ирэх оны ДНБ-д ч нөлөөлөхөөр байгаа гэнэ. Уг өөрчлөлтийн нөлөөгөөр Монгол Улсын төс­вийн хүрээний мэдэгдэл бо­ловсруулах үед тооцсон эрдэс баялгийн бүтээг­дэхүү­ний үнэ, хэмжээ болон дээрх мэдэгдэлд тусгагдсан мак­ро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд буурч байгаа нь төс­вийн орлого, зарлага болон нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн до­­тоодын нийт бүтээгдэхүүнд эз­лэх хувь хэм­жээг өөрчлөх тө­сөл боловс­руулахад хүргэсэн байна. Байнгын хорооны дараагийн хэлэлцсэн асуудал нь оюутнуудад Үндэсний тэтгэлэг олгох эсэх буюу дээд боловсролын санхүүжилтийн тухай байв. УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар “Оюутнуудад тэтгэлэг өгөх асуудлыг хуульд тусгасан. Яагаад Засгийн газраас уг тэтгэлгийг өгөх гээд байгаа юм бэ. Хуулиараа зохицуулах боломж байхгүй юм уу. Оюутнуудад хэчнээн төгрөгийн тэтгэлэг олгох вэ” гэсэн асуултад Сангийн сайд Ч.Улаан “Энэ онд 106 тэрбум төгрөгийг 165 мянган оюутанд Үндэсний тэтгэлэг хэлбэрээр олгоно. Шаардлагатай мөн­гийг төсөвт тусгасан” гэ­сэн юм. Харин УИХ-ын ги­шүүн Д.Эрдэнэбат “Бид мөн­гө ярихаар халамж гэж ойлгоод байна. Мөнгө бол ха­риуцлагын хөшүүрэг гэж ойлгох хэрэгтэй. Оюутнуудад өгч байгаа энэ тэтгэлгийг хариуцлага болон тухайн сургууль мэдлэг олгох үүргээ биелүүлж байна уу гэж харах ёстой. Үндэсний тэтгэлэг цаашдаа мэдлэгийн болон нийгмийн баталгаа болох юм уу гэдэг л байна шүү дээ” гэхэд Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг “Тэтгэлгийн асуудлыг тавихад үнэлгээний системийг өөрчлөх шаардлагатай болдог. Иймд бид өөрчлөлт оруулахаар ажиллаж эхэлсэн. Үнэлгээний системийг кредитээр тооцож, чадаж байгаа оюутнууд заавал дөрвөн жил суралцах бус кредитээрээ үнэлгээгээ өгөөд явна” гэлээ. Гишүүд асуулт, тодруулга авч, саналаа хэлсний дараа дээрх хуулийн төслүүдийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулахаар болсон юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан