Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дагнасан шүүх байгуулах нь шүүн таслах ажиллагааны чанарт эергээр нөлөөлнө

Иргэн Дорж, Дулмаад шүүх олон нийтэд ил тод, нээлттэй ажиллаж эхэлсний жишээг олон зүйлээр баталж хэлж болно. Манай сэтгүүл энэ удаа шүүх байгууллагын талаар цуврал сурвалжлага хүргэж буй билээ. Тиймээс нийслэлийн Шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцаж, бодит байдал ямар байгааг олон нийтэд сэтгүүлийнхээ хуудсаар дамжуулан дэлгэхийг зорив. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хаалгаар оронгуут жижүүр “Таныг хэнтэй уулзах гэж явна” гэж асуухгүй. Өөрт хэрэгтэй шүүх хурлын талаар болон бусад холбогдох мэдээллээ шүүхийн ажилтны тусламжгүйгээр авч болох талаар өмнөх сурвалжлагадаа дурдсан. Энэ хэрээр шүүхээр хянан шийдвэрлэх зарим хэргийн тоо өмнөх жилүүдээс буурсан статистик байгаа аж. Үүнд дан ганц шүүхийн нээлттэй ажиллагаа бус Эвлэрүүлэн зуучлалын төсөл ч үр дүнгээ өгсөн байна. Төслийн хүрээнд нэлээдгүй иргэн, хуулийн этгээд эвлэрлийн журмаар асуудлаа шийдсэн нь нийслэл, дүүргийн шүүхээр хянан шийдвэрлэж буй зарим хэргийн тоог багасгажээ. Нийслэлийн шүүх давж заалдах шатны журмаар жилд дунджаар эрүүгийн 1020 гаруй хэрэг хүлээн авч 960 орчмыг, иргэний 1100 гаруй хэргээс 1030  гаруйг, захиргааны хэрэг зөрчлийн арга хэмжээний 180 гаруй хэргийг шийдвэрлэж, нэг шүүгчид 130 хэргийн ачаалал ноогдож буй аж. Энэ талаар тус шүүхийн Тамгын хэлтсийн дарга Т.Энхбаатар “Давж заалдах шатны журмаар энэ оны эхний есөн сарын байдлаар иргэний 746, эрүүгийн 692, захиргааны зөрчлийн 148 хэргийг тус тус хянан хэлэлцээд байна. Харин дүүргийн шүүх анхан шатны журмаар жилд дунджаар эрүүгийн 3500 хэргийг хүлээн авч 3000, иргэний 21.5 мянган хэрэг хүлээн авснаас 13.5 мянгыг, захиргааны зөрчлийн арга хэмжээний 7.1 мянга, ялаас хугацаанаас нь өмнө тэнсэн суллах, чөлөөлөх 710 гаруй хэргийг тус бүр шийдвэрлэж, 270 гаруй баривчлах, 2.6 мянган хүнд цагдан хорих зөвшөөрлийг олгож, нэг шүүгчид дунджаар 150-260 гаруй хэргийн ачаалал ноогдож байна” хэмээв.

Нийслэлийн шүүх бүх дүүргийн анхан шатны шүүхүүдийг зангиддаг газар гэж хэлж болно. Учир нь, анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн хэрэг маргаан давж заалдахдаа Нийслэлийн шүүхэд гомдол гаргадаг. Тиймээс тус шүүх аймгийн шүүхийг бодвол харьцангуй ачаалал ихтэй ажилладаг аж. Тухайлбал, дүүргийн шүүхүүд анхан шатны журмаар энэ оны эхний есөн сарын байдлаар эрүүгийн 2133, иргэний 10953, захиргааны зөрчлийн 5104, ялаас хугацааны өмнө тэнсэн суллах 520 хэргийг хянан шийдвэрлэж, 1782 сэжигтнийг цагдан хорих зөвшөөрөл олгожээ. Үүнийг зөвхөн нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхээр жишээ болгон авч үзвэл, энэ оны эхний есөн сарын байдлаар 654 хүнд холбогдох 414 эрүүгийн хэрэг хүлээн авч, 340 ыг нь шийдвэрлэсэн байна. Тус шүүх 2011 онд 408 эрүүгийн хэрэг шийдвэрлэсэн бол өнгөрсөн онд 486 болж өссөн аж. Харин энэ оны эхний есөн сарын байдлаар 340 эрүүгийн хэрэг шийдвэрлэсэн нь 2011 оны мөн үеэс 41 хэргээр өссөн үзүүлэлт гарчээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх энэ оны эхний есөн сарын байдлаар нийт 488 хэрэг хүлээн авснаас Анхан шатны шүүхийн шийдвэр, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан нийт 442 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Тус шүүхэд ихэвчлэн газрын болон сонгуультай холбоотой маргаан, төрийн албан хаагчийг ажлаас үндэслэлгүй халсан болон чөлөөлсөн, ашигт малтмалтай холбоотой, татварын, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэл, тендертэй холбоотой маргаан ирдэг аж. Үүнээс хамгийн их нь буюу нийт маргааны 22 хувийг газрынх эзэлж буй юм. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр хянагдсан нийт хэргийн 253 нь нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн, 25-ыг нь Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн, 20 нь Хөвсгөл болон бусад аймгийн захиргааны хэргийн шүүх шийдвэрлэсэн байна.

Шүүх байгуулах тухай энэ оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн Монгол Улсын хуулиар “Аймаг, нийслэлийн давж заалдах шатны шүүхийг иргэний, эрүүгийн болон захиргааны шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж, тэдгээрийн байршил, нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоосон билээ. Энэ хүрээнд шүүхүүд дагнаж, тэр хэрээр шүүгчид мэргэших ач холбогдолтой. Ингэснээр эрүү, иргэний, захиргааны хэргийн шүүн таслах ажиллагааны чанарт ахиц гарах учиртайг шүүгч нар хэлж байсан. Тэгвэл нийслэлийн Шүүх иргэний болон эрүүгийн хэргийн давж заалдах 10 дугаар шүүх болж байгаа юм. Шүүгчийн орон тоо батлах тухай Улсын Их Хурлын 2013 оны 12 дугаар тогтоол, “Шүүхийн тамгын газрын зохион байгуулалтын бүтэц орон тоо батлах” тухай Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны зургадугаар сарын 12-ны өдрийн 08 тоот тогтоолоор Иргэний болон Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх нь тус бүр нэг ерөнхий шүүгч, 18 шүүгч, төрийн захиргааны 33, төрийн үйлчилгээний 31 албан хаагчтай байхаар баталсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан