Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч цалин, хангамжийг нэмэгдүүлэх шаардлагын эрх зүйн үндэслэл

Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн ухааны доктор ( Ph.D) Лувсандоржийн Бямбаа



Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин есдүгээр зүйлд “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэж заасан үзэл баримтлалын агуулгыг шинээр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд задруулан дэлгэрүүлж, цалингийн хэмжээ нь (1) эдийн засгийн хувьд бусдаас хараат бус байх, (2) амьдрахад нь хүрэлцээтэй байх, (3)  баталгаатай байх үндсэн чиглэлийг хуульчлан баталгаажууллаа.

Энэхүү зохицуулалтыг агуулгын талаас авч үзвэл, шүүгч албан үүргээ гүйцэтгэх явцдаа эдийн засгийн хувьд хараат бус байх хэмжээнд цалин, хангамж  авч, тэр нь амьдралын зайлшгүй зардал, хэрэглээнд хүрэлцээтэй байх  нөхцөлийг хангахад чиглэгдсэн байна. Энэ нь шүүгчийн хараат бус байдлын суурь зарчмуудад үндэслэгдсэн шаардлага юм. Тухайлбал, төрийн эрх мэдлийг хуваарилах онолын үндэслэл, НҮБ-ын Ерөнхий ассамблейн 40/32 дугаар тогтоолоор шүүх, шүүгчийн хараат бус байдал, тэдгээрийн эдийн засгийн баталгааны үндсэн суурь зарчмуудыг хуульчлан сахин мөрдөхийг гишүүн орнууддаа зөвлөмж болгосон. 2002 онд Шүүхийн удирдах ажилтны Гаагийн уулзалтаар баталсан “Шүүгчийн ёс зүйн Банголарын зарчим”, Ази, Номхон далайн улс орнуудын шүүгчдийн хамтын нийгэмлэгээс гаргасан “Шүүгчийн бие даасан байдлын үндсэн зарчмуудын тухай Бээжингийн Тунхаглал” зэрэг баримт бичгүүдэд суурилсан гэж үзэж болно.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан эдийн засгийн баталгааг хэрэгжүүлэх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл бүрэн эрхийн хүрээнд шүүгчийн цалинг анх удаа тогтоосон нь түүхэн онцлог шийдвэр боллоо.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны долдугаар сарын 18-ны өдийн 16 дугаар тогтоолоор шүүгчийн цалинг анх удаа тогтоохдоо өөрийн орны нөхцөл байдал, амьдралын дундаж өртөг, хэрэглээ, эрдэмтэн, судлаачдын судалгааны дүгнэлт, олон нийтийн болон шүүгчдийн санал, адил мэргэжлийн хуульчдын цалин хангамжийн хэмжээ, гадаад орны шүүхийн шүүгчдийн эдийн засгийн баталгаа зэргийг харгалзан үзсэн байна. Тухайлбал, МУИС-ийн Нийгмийн судалгааны хүрээлэн, Социологи нийгмийн ажлын тэнхимийн удаа дараагийн судалгаанаас үзэхэд судалгаанд хамрагдагсдын 73 орчим хувь нь шүүгчийн цалин хөлс бага, шүүгчдийн нийгмийн асуудал бүрэн  шийдэгдээгүй гэж үзжээ. Ялангуяа бусад хуульч, олон нийтийн зүгээс  шүүгчийн цалин бага, ажлын ачаалал их гэдгийг санал нэгтэй хүлээн зөвшөөрч, шүүгчийн цалинг хангамжийг нэмэгдүүлж, ажиллах нөхцлийг сайжруулснаар тэдний хариуцлага дээшилж, хараат бус байдал нь сайжирна, нөгөөтэйгүүр шүүгч  өөрөө хараат бус байдлаа хамгаалахыг эрмэлзэх чиг хандлага нь  ч өөрчлөгдөнө гэж үзжээ.

Хувиараа өмгөөлөл хийдэг, эсвэл хувийн пүүс компанийн хуулийн зөвлөгчөөр ажилладаг хүмүүсийн цалингаас шүүгчдийн одоогийн авч буй цалин нь бага, шинээр тогтоосон цалин ч харьцангуй их биш юм. Их Британи улсын шүүгчийн 2005 оны авч байсан цалинг манай улсын шүүгчийн 2013 оны авч байгаа цалинтай харьцуулахад 27 дахин, Польш улсын шүүгчийн цалингаас 3 дахин тус тус бага байна.

Одоогийн боловсруулаад байгаа шүүхийн төсөв нь Монгол улсын нэгдсэн төсвийн зарлагын 0,4 хувь эзэлдэг байсныг 0.8 хувь нь болгон УИХ-д өргөн мэдүүлээд байна. Энэ нь шүүх эрх мэдлийг шударга ёсны хэмжүүр болгодог зарим улс орны нийт төсвийн 3-7 хүртэлх хувийг шүүхийн төсөв эзэлж байдагтай зэрэгцүүлэхэд маш бага үзүүлэлт юм. Миний бие шүүхийн төсвийг улсын нийт төсвийн 2-3 хувьд хүргэх шаардлагыг судалгааны олон бүтээлээр нотолж, асуудал дэвшүүлж байлаа. Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа Шүүхийн нийт төсвийн төслийн 54 орчим хувь нь шүүгчдийн цалин эзэлж байгаа нь тухайн төсвийн бүрэлдэхүүний зөв хандлага гэж үзэж болно.

Шүүх эрх мэдлийн хүрээнд шүүн таслах ажиллагаа явуулж, Монгол улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг онцгой эрхийг шүүгч эдлэхдээ хуулиар иргэний зарим эрхээ хязгаарлуулдаг атлаа хараат бус байдлын эдийн засгийн баталгаа нь төдийлөн хангагдаагүй байгаа өнөөгийн нөхцлийг өөрчлөхгүй бол шүүхийн шинэчлэлийн гол зорилго хэрэгжих боломжгүй.

Шүүхийн тухай багц хуулийг бодит ажил болгох эхний гарц бол Улсын Их Хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өргөн мэдүүлсэн Монгол улсын шүүхийн 2014 оны төсвийн төслийг батлах асуудал юм. Энэ нь хууль тогтоох эрх бүхий байгууллагын зүгээс Шүүхийн тухай багц хуулийг хэрхэн хэрэгжүүлэх боломжийг олгох чухал шийдвэр хэмээн Монголын нийт шүүгч, шүүхийн байгууллагын захиргааны ажилтнууд, шүүх эрх мэдлийн үйл ажиллагааг сонирхогч иргэд, хуулийн этгээдүүд сонирхон анхааралтай ажиглаж байна.
0 Сэтгэгдэл
emch nariinhaa tsaling bas shuugch nartai adilhan bolgooch.suuh zasaglal ih bayan humuuseer ih bolbol engiin ard irgediin huvi zaya uzegnii uzuureer shiddegdeg boloh bh
Хамгийн их уншсан