Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Энхтөр: Шүүхийн багц хуультай холбоотой мэдээллийг орон нутгийн иргэд хангалттай авсан

Шүүхийн тухай багц хууль энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн хэрэгжилт орон нутагт ямар байгаа талаар Өмнөговь аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч С.Энхтөртэй ярилцлаа.

-Шүүхийн шинэчлэлийн тухай багц хуулиуд орон нутагт хэрхэн хэрэгжиж байна вэ?
-Шүүхийн шинэчлэлтэй холбоотой зургаан хууль өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн. Энэ дагуу орон нутагт шүүхийн мэргэжлийн болон захиргааны удирдлага тусдаа болж, шүүхийн бүтэц зохион байгуулалт өөр болж, дагнасан шүүх бий боллоо. Аймгийн давж заалдах шатны шүүхүүд тойргийн журмаар бүсчилж байгуулагдана. Тиймээс техник, тоног төхөөрөмж, орон байр, боловсон хүчний асуудлыг шийдвэрлэх бэлтгэл ажил ид өрнөж байна. Манайхтай Дундговь аймгийн шүүх нэгдэж,  эрүү, иргэний давж заалдах гуравдугаар шүүх Өмнөговь аймагт байгуулагдах юм. Бид арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө шинээр томилогдох шүүгч нарынхаа орон байр, албан тасалгааг бэлэн болгохоор ажиллаж байна.

-Хоёр аймгийн шүүх нэгдэхээр сэжигтнээр татагдаж буй иргэдэд чирэгдэл гарах нь ээ?
-Хууль хэрэгжиж эхлэхээс өмнө энэ талаар яригдаж байсан. Давж заалдах шатны шүүхэд хэргийн оролцогч заавал өөрийн биеэр оролцох шаардлага байдаггүй. Өөрөөр хэлбэл, нэгэнт шийдвэрлэсэн хэрэг маргааныг хавтаст хэргийн нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэдэг учраас хэрэгт холбогдогчид биеэр оролцох шаардлага тавьдаггүй. Өөрсдөө тодорхой хүсэлт гаргаад биеэр ирсэн тохиолдолд оролцуулж болно. Учир нь, цуглуулсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэдэг учраас энэ асуудалд хүндрэл бэрхшээл гарах нь бага.  Мөн хоёр шүүх нэгдсэнээр нэг шүүгчид оногдох хэргийн хуваарилалтыг тэнцвэржүүлэхэд үр нөлөөтэй.

-Шүүгчдийн цалин ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэнэ. Цалин нэмэгдснээр шүүгч хараат бусаар ажиллахын зэрэгцээ авлигаас ангид байдал бий болох байх?  
-Шүүгчид ажлаас бусад үед ар гэр, ахуй амьдралдаа сэтгэл санаа нь хоёрдохгүйгээр шүүн таслах ажиллагаанд анхаарлаа хандуулахад цалин хангамж ихээхэн чухал нөлөөтэй. Өөрөөр хэлбэл шүүгчийн эдийн засгийн баталгаа тодорхой хэмжээгээр хангалттай байна гэсэн үг. Цалингийн болон бусад зээлгүй шүүгч ховор. Харин цалин өндөр болсноор зээлгүй амьдрах боломж бүрдэнэ. Ингэснээр шүүгчийн эдийн засгийн хараат бус байдал хангагдаж, шүүгч нарын шийдвэрлэж буй хэрэгт ашиг сонирхлын зөрчил гарахгүй. Өөрөөр хэлбэл, тухайн шүүгч зээлтэй байж байтал зээл авсан банктай нь холбоотой хэрэг маргаан орж ирвэл ашиг сонирхлын зөрчилд орохыг үгүйсгэхгүй. Цалин нэмэгдсэнд шүүгчид сэтгэл өндөр байгаа. Цалин нэмэгдэж байгаа асуудлыг хариуцлага өндөр болж байна гэж ойлгож, шүүн таслах ажлаа нэр төртэй хийх хүсэл эрмэлзэл дүүрэн явна.
Шүүхийн ерөнхий зөвлөл түүхэнд анх удаа шүүгч нарын цалинг тогтоолоо. Одоо Улсын Их Хурал хуулийн дагуу шүүхийн төсвийг шаардлагын хэмжээнд баталж өгөх асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг хүлээж байна.

-Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрхзүйн байдлын тухай хууль батлагдсан. Иргэдийн төлөөлөгч шүүгчийн нэгэн адил шүүх хуралдаанд оролцохоор болсон. Уг хуулийн хэрэгжилт орон нутагт ямар түвшинд байна вэ?
-Анхан шатны шүүхэд бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэж байгаа хэрэгт иргэдийн төлөөлөгч шүүгчтэй адил эрхтэйгээр оролцох болсон. Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад энэ талаар зохицуулалт ороогүй учраас хараахан иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцохгүй байна. Энэ хуулиудын холбогдох заалт шинэчлэгдвэл иргэдийн төлөөлөгч шийдвэр гаргах эрхээ хэрэгжүүлнэ. Одоо хуучин хуулиараа иргэдийн төлөөлөгч шүүх хуралд сууж, бичгээр дүгнэлт гаргаж байгаа. Ирэх арваннэгдүгээр сарын 1-н хүртэл шинээр батлагдсан хуулиудын дагаж мөрдөх журам боловсруулагдаж байна. Иргэд шийдвэр гаргах түвшинд оролцоод ирэхээр шүүхийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгох, шүүгч хууль бус шийдвэр гаргалаа гэдэг хардалтад өртөхөөс урьдчилан сэргийлэхээс гадна иргэдийн шүүхэд итгэх итгэл дээшлэх учиртай.

-Шүүгчид нөлөөллийн мэдүүлэг гаргадаг болж байгаа. Энэ талаар манай уншигчдад мэдээлэл өгвөл?
-Шинэ хуулийн дагуу бид нөлөөллийн мэдүүлэг хөтөлж байгаа. Шинээр хүлээж авсан хэргийг хянан шийдвэрлэхэд ямар нэгэн байдлаар тухайн хэргийн оролцогчтой ашиг сонирхлын зөрчилтэй эсэх, эсвэл хэргийг шийдвэрлэхдээ тухайн хүнд нөлөөлөхийг оролдсон албан тушаалтан, аж ахуйн нэгж байгууллага хэргийн оролцогчоор оролцож буй тохиолдолд шүүгч нөлөөллийн мэдүүлгээ хөтөлж, тухайн хэргийг шийдвэрлэхээс татгалзах юм. Ямар нэгэн байдлаар нөлөөлөхийг оролдсон албан тушаалтанд хариуцлага тооцдог болсон. Энэ нь хараат бус, гадны нөлөөнд өртөхөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдүүлж байгаа хэрэг.

-Шүүхийн тухай багц хуулийн талаар орон нутгийн иргэд хэр мэдээлэлтэй байна вэ?
-Шүүхийн багц хууль батлагдсаны дараа сургалт, сурталчилгааны ажлыг иргэд, төрийн байгууллага, аж ахуйн нэгжид явуулсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын баталсан тушаалын дагуу холбогдох сургалтыг сарын хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулсан. Иргэд энэ талаар хангалттай мэдээлэлтэй болсон. Мөн Шүүхийн Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулинд иргэдийн төлөөлөгч жилд нэг л удаа шүүх хуралдаанд оролцохоор заасан. Хүн амынхаа хэмжээнээс хамааран шүүх бүрт оролцох иргэдийн төлөөлөгчийн тоо харилцан адилгүй. Тэднийг сургалтад хамруулсан учраас энэ хууль хэрэгжих үндсэн суурь нь хангалттай бүрдсэн. Мөн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, телевизээр хуулийн талаар сурталчилгааг боломжийн хэрээр хийж байна.

-Шүүгчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхийн тулд ямар арга хэмжээ авч байгаа бол?
-Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Дээд шүүхээс холбогдох сургалтыг байнга зохион байгуулдаг. Гадаадын холбогдох төслийн байгууллагуудын хэрэгжүүлж буй сургалтад манай шүүгчид хамрагддаг. Тухайлбал, Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг иргэний чиглэлээр иргэний сургалт олон жил хийгдэж байна. Анх герман багштай хийгдэж байсан сургалт одоо шүүгч багш нарын багтай болж, сургалтыг тогтмол явуулж байгаа. Манай шүүх 2008 оноос иргэний мониторингийн түшиц шүүхээр ажиллаж байна. Үүнтэй холбоотой сургалт нэлээд хийгддэг. Саяхан л гэхэд ”Хэргийн хөдөлгөөний менежмент” нэртэй сургалт боллоо.

-Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль батлагдсан. Уг хууль хэрэгжсэнээр хөрөнгө мөнгийг хэмнэхээс гадна цаг хожих сайн талтай юм билээ.
-Талуудын маргааныг өөрсдийнх нь оролцоотойгоор шүүх хуралдаанаас өмнөх шатанд эвлэрүүлснээр маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой. Ингэснээр хэргийн оролцогч талууд хоорондоо эв зүйгээ ололцохоос гадна цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар хэргийг шийдвэрлэснээр маргааныг бага хугацаанд өөрсдийн хүсэл зоригийн дагуу шийдвэрлэх, тэмдэгтийн хураамжийн хөнгөлөлт эдлэх, эцсийн шийдвэр, үр дүндээ талууд сэтгэл ханамжтай үлдэх зэрэг эерэг нөхцөлийг бий болгодгоороо ач холбогдолтой. Шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэрэг маргааныг эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар шийдвэрлэснээр шүүхийн ажлын ачааллыг багасгана.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан