Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Эрдэнэчимэг: Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг 3-5 жил тутамд дүгнэнэ

Шүүгчийн  мэргэжлийн үйл ажиллагаанд тавигдах шаардлагын талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Ж.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.


-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай шинэ хуульд шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны талаар тусгасан гэсэн. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-2012 онд Улсын Их Хурлаас Шүүхийн тухай багц хуулийг баталж, энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас хэрэгжиж эхлээд байна. Шүүхийн тухай багц хуулийн зорилго нь шүүхийн шинэчлэлийг явуулахад шийдвэрлэвэл зохих асуудалд хамаарал бүхий харилцааг цогцоор нь эрх зүйн зохицуулалтад оруулсан явдал юм. Ийм учраас өмнөх Шүүхийн тухай хуулийг Шүүхийн тухай, Шүүгчийн иргэдийн төлөөлөгчийн эрхзүйн байдлын тухай, Шүүхийн захиргааны тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болгон задалж, Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх боломжийг бий болгож байна. Шүүгч хараат бус байдлаар ажиллах эрх зүйн орчин учир дутагдалтай байсан гэж үздэг. Шүүхийн багц хуулиар шүүхийн үйл ажиллагаанд зайлшгүй дутагдалтай байсан зохицуулалтын орон зайг эрхийн хэм хэмжээгээр нөхөж өгсөн гэж үзэж байгаа боловч амьдрал баян учраас цаашид эрх зүйн шинэчлэл байнга явагдана гэж ойлгож байгаа.
Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж байх зохицуулалтыг хуульд шинээр тусгасан нь онцлог асуудал болж байна.

-Тухайлбал?
-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн наймдугаар зүйлд Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг 3-5 жил тутамд дүгнэхээр тусгасан. Энэ ажил өмнө нь янз бүрийн хэлбэрээр хийгдэж ирсэн ч эрх зүйн зохицуулалт байгаагүй юм. Ямар үзүүлэлтээр шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааг дүгнэх вэ гэдэг асуудлыг судалж байна. Мөн мэргэжлийн байгууллагад захиалга өгч судалгаа хийлгэж байна.
Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд дүгнэлт өгөх нь маш нарийн асуудал учраас  шүүгч мэргэжлийн хувьд тэнцэж байгаа эсэхийг дүгнэх шалгуурыг зөв тодорхойлох ёстой. Учир нь шүүгч хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хуульд нийцсэн дүгнэлт хийж, хэнээс ч хараат бусаар өөрийн дотоод итгэл үнэмшилд тулгуурлан шийдвэр гаргах үүрэгтэй. Иймд шүүгчийн шийдвэр гаргаж байгаа энэ үйл ажиллагаанд 3-5 жил тутамд үнэлэлт дүгнэлт өгөх асуудлыг нэлээд ул суурьтай судалж байж шийдвэрлэх ёстой. Өөрөөр хэлбэл тухайн шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшин ийм байна гэдэг шалгуурыг зөв тогтоох асуудал чухал. Үүнтэй уялдан шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг тогтоосны дараа цалингийн  нэмэгдэл олгох асуудал яригдана. Энэ  асуудлаар гадаадын мэргэжилтнүүдийг урьж, туршлага солилцлоо. Жишээ нь: Гадаадын орнуудад шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд голлон анхаардаг асуудлын  нэг бол биеэ хэрхэн авч явч байгаа  байдлыг өндөр шалгуурт авч үздэг юм байна.

-Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох шалгуурыг тогтоохын тулд ямар ажил хийж байна?
-Өнөөдрийн байдлаар шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах ажил явагдаж байна. Судалгааг төрөл бүрийн шугамаар хийж байгаа. Гадаадаас мэргэжилтэн урьж авчирч ажиллуулж байна. Мөн бүх шатны шүүхийн шүүгчдээс   саналыг нь авч эхэлсэн. Мөн шүүгчийн мэргэжлийн түвшинг хэрхэн тогтоох асуудлаар судалгаа явуулж, хэлэлцүүлэг хийж, журмын төсөл дээр ажиллаж байна.

-Шүүгчийн мэргэжлийн түвшинг тогтоосноор шүүх эрх мэдлийн шинэчлэлийн хүрээнд ямар үр дүнд хүрэх юм бэ?
-Шүүгчийн мэргэжлийн түвшинг тогтоох гол шалгуурт  тухайн шүүгчийн гаргасан шийдвэрийн чанарын асуудал  орно гэж бодож байна. Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны төвшинг тодорхойлсны эцэст мэргэшсэн, чадварлага шүүгч нарын эгнээ тэлж, тэдний гаргасан оновчтой, зөв шийдвэр, хууль тайлбарлан хэрэглэх арга зүй нь шүүн таслах ажлын чанарт нөлөөлнө. Эцсийн үр дүнг ард иргэд хүртэх юм.

-Шүүгч болох гэж буй хүнд тавигдах шалгуур, шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшин тогтоох шалгуур хэмээх ойлголтууд хэрхэн солбилцох бол?
-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4-7 дугаар зүйлд шүүгчид тавигдах болзол шаардлагын талаар тусгаж өгсөн. Энэ бол шүүхийн шинэчлэлд орж байгаа чухал асуудал. Юуны түрүүнд шүүгчид тавигдах болзол шаардлагыг тодорхой болгож өгсөн. Энэ нь шүүгч болох хүн бие даасан шийдвэр гаргах чадвартай байх асуудлыг хангасан эсэхэд хуульд заасан болзол шаардлагын хэмжээнд үнэлэх үнэлэмж бол шүүгчийн мэргэжлийн түвшин тогтоож байгаа нь  шүүгчээр ажилласны дараа түүний хийж буй ажилд нь  дүн тавьж буй асуудал юм. Өөрөөр хэлбэл шүүгч  гэдэг албыг хаших явцад түүний мэргэжлийн үйл ажиллагааны түвшингээр тухайн албан тушаалын шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянадаг хариуцлагын тогтолцоотой болсон гэж үзэж болно.
 
-Шүүгчийн сахилга хариуцлагын асуудлыг эрх бүхий Сахилгын  хороо шийдвэрлэж байсныг өөрчилсөн гэсэн. Энэ талаар?
-Өмнөх Шүүхийн тухай хуулиар Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнд олон нийтийн төлөөллөөс гадна бүх шатны шүүхээс хоёр шүүгч орж байлаа. Олон нийтийн дунд шүүгч бие биедээ хариуцлага тооцож байгаа нь шударга бус гэсэн яриа гарч байсан. Үүнийг шинэ хуулиар өөрчилж, шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэх эрх бүхий Шүүхийн ёсзүйн хороо ажиллаж, бүрэлдэхүүнд нь  нь нэр хүндтэй хуульч, эрдэмтэн, судлаач зэрэг есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар заасан.
Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцээд олонхийн санал авсан  тус бүр нэг, Хуульчдын холбооноос гурав, Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гурван хүний нэрийг дэвшүүлэхээр өөрчилсөн. Ёс зүйн хорооны бүрэлдэхүүнд шүүгч Ерөнхий зөвлөлийн болон шүүхийн захиргааны байгууллагын ажилтан, өмгөөлөгч, прокурор орохыг хориглолоо. Ёс зүйн хорооны бүрэлдэхүүн, Ёс зүйн дүрмийг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.
Өмнөх хуулиар шүүхийн сахилгын хорооны гишүүнд хэргийн мэтгэлцээний нэг тал болох өмгөөлөгч орчихсон шүүгчийн ёс зүйн асуудлыг хянадаг байсан нь мөн чанартаа шүүгчийн хараат бус байдалд халддаг нэг хэлбэр байлаа. Одоо энэ асуудал байхгүй болсон.
0 Сэтгэгдэл
shuugchee
Хамгийн их уншсан