Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол улс хоёр тэрбум ам.долларын өртэй

Монголын эдийн засаг таагүй байгааг амтай болгон ярьж байна. Энэ байдлаас гарахын тулд төв банк чадлынхаа хэрээр ажиллаж буй ч нэгэнт хүнд хэлбэрт шилжсэн хатгаа хор урхагаа дагуулж мэдэхээр болсон нь оны сүүлч ойртох тусам илүүтэй мэдрэгдэх боллоо. Бид оны өмнө дэлхийн зах зээлээс эзэн Чингис хаанаараа овоглосон 1.5 тэрбум ам.долларын үнэт цаас босгоогүй бол Монгол Улсын эдийн засаг одоогийнхоос дордох байсан хэмээн холбогдох албаны хүмүүс ярьж, тайлбарласаар байгаа. “Чингис” бондын өрийг төлөөд дуусахад манай улсад ямар бүтээн байгуулалт үлдэх талаар эрх баригчид эерэгээр тайлбарлах болсон. Тухайлбал, “Монгол Улсын 18 аймаг нийслэлтэйгээ засмал замаар холбогдоно. Ингэснээр хот хөдөөгийн хөгжлийн ялгаа эрс багасна. Хоёрдугаарт Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнээ дэлхий дахинд гаргахад саадгүй хүргэх төмөр замын сүлжээтэй болж, далайд гарах шинэ гарцтай болно. Эрчим хүчээр өөрийнхөө хэрэгцээг бүрэн хангаж чадахуйц хүчин чадалтай болно. Оюу толгой, Тавантолгойн ордыг ашиглах дэд бүтцийн сүлжээг бий болгох, Монгол Улсын эдийн засгийн хурд эрс нэмэгдэх зэрэг олон давуу талтай. Түүнчлэн жижиг дунд үйлдвэрлэлээс манай улс дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах чадвартай болох юм” хэмээн ярьсаар жилийн нүүрийг үзэх гэж байгаа ч хийсэн бүтээсэн зүйлд нь ахиц дэвшил бага, дутуу дулимаг ажил захаас аваад олон байх жишээтэй.

Энэ байдалд эгдүүцсэн УИХ дахь сөрөг хүчнийхэн “МАН-ын бүлэг эдийн засгийн өсөлтийг хурдасгах, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх нэг арга нь бонд, өрийн бичиг гаргах гэдгийг зарчмын хувьд буруу гээгүй. Гагцхүү тоон судалгаатай, аль болох богино хугацаанд үр ашиг өгөх төслүүдийг шалгаруулан зарцуулах нь хамгийн чухал юм. Мөн энэ зээлд хэтдээ эдийн засгийг урт хугацаандаа эрсдэлд оруулахгүй, улс орныг өрийн дарамтаас хол байлгах зарчим үйлчлэх ёстой. Энэхүү алтан зарчим “Чингис” бондын хувьд алдагдсан. “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар нь улс орны санхүү, эдийн засгийн байдалд зарим талаар шууд бусаар эерэг нөлөө үзүүлсэн боловч ашигтай тал нь хор хөнөөлтэй талаасаа хэд дахин бага байна. Хугацааг тооцоогүй, бэлэн төсөлгүй зээл авснаар улс орныг асар их хүүгийн дарамтад оруулж эхэлсэн. 1.5 тэрбум ам.доллараас өдгөө дөнгөж 837 тэрбум төгрөгийг ашигласан боловч үүнийхээ 10 гаруй хувьтай тэнцэх 110 гаруй тэрбум төгрөгийг зөвхөн хүүнд төлөхөөр болоод байна. Энэ бол 30 дунд сургууль, 50 цэцэрлэг барих мөнгө салхинд хийсч байна гэсэн үг. Монгол Улсын зөвхөн гадаад зээлийн өр 2013 оны хүлээгдэж буй ДНБ-ий 17 орчим хувьтай тэнцэж байна. Үүн дээр "Чингис" бондын өр, дотоодын өр, болзошгүй өрийг нэмбэл ДНБ-ий 50 хувийг давахаар байна. Гэтэл Олон улсын валютын сангийн жишгээр хөгжиж буй оронд энэ үзүүлэлт 40 хувьтай байхад хэвийн, төсөвт дарамтгүй гэж үздэг. Манай улс уг босгыг аль хэдийнэ давжээ. Засгийн газраас энэ тоог 60 хувь хүргэхээр зүтгэж байна. Энэ нь Монгол Улсын 70-80 жил хуримтлуулсан өртэй бараг дүйх нь” хэмээн УИХ-ын чуулганы хуралдаанаар танилцуулав.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Чингис бонд”-ын зарцуулалт, Монгол Улсын гадаад, дотоод өрийн талаар мэдээлэл хийв. Монгол Улс  1990-2013 онд буюу сүүлийн 14 жилд 2.8 тэрбум ам.долларын зээл авснаас өнөөдрийн байдлаар 800 сая ам.долларыг нь эргүүлэн төлжээ. Одоо хоёр тэрбум  ам.долларын гадаад, дотоод өр үлдээд буй аж. Дээрх зээлийн ихэнхийг Азийн  хөгжлийн банк, Дэлхийн банкнаас авсан байна. Гадаадаас авч буй зээлийн 77 хувийг эдийн засаг, 20 хувийг нийгмийн салбарт зарцуулахаар авчээ. Нийгмийн салбарт орон сууц, нийгмийн халамжийн чиглэлээр, эдийн  засгийн салбарт  зам тээвэр, эрчим хүч, санхүү, үйлдвэр, барилгын чиглэлээр зээл авсан аж. Дээрх өр төлбөрийг төлөх графикийг үе үеийн Засгийн газар гаргасан бөгөөд энэ онд 90, 2020 онд 140 сая ам.доллар гээд 2050 он гэхэд нэмж зээл авахгүй бол төлж дуусах боломжтойг Засгийн газрын тэргүүн онцоллоо. Харин “Чингис бонд”-ын мөнгийг бөөнд нь буюу 2018, 2022 онд төлөх ёстой аж. Бондын хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн олонхийг арилжааны банкуудаар дамжуулан компаниудад олгосон тул  2-3 дахин өсөх боломжтой учир эргэн төлөлтөд санаа зовохгүй байж болох тухай Ерөнхий сайд мэдээлэлдээ дурдлаа. Өрийн талаархи шалгуур үзүүлэлтийг ДНБ-д өрийн эзлэх хувиар тооцдог бөгөөд хэдэн  төгрөгийн зээл авснаар тооцдоггүй аж. Монгол Улсын өр 2012 онд ДНБ-ний  53.3 хувь, 2013 онд 49.8 хувьтай тэнцэж байгаа гэнэ. Ирэх жил буюу 2014 онд 50 хувьтай  байна гэж төсөөлж буй бөгөөд дахин 2.1 тэрбум ам.долларын зээл авбал энэ хэмжээнд хүрэх юм байна.

“Чингис” бондоос 930 тэрбум төгрөгийг зарцуулжээ

Эзэн Чингис хааныхаа нэрээр дэлхийн зах зээлээс бонд босгож чадсан нь манай улсын нэр хүнд олон улсад ямар байгааг илтгэж байна хэмээн судлаачид дүгнэх болсон. Тэгвэл энэ мөнгийг бид ямар ажилд зарцуулахаар төлөвлөснийг Ерөнхий сайд танилцууллаа. “Чингис” бондын хөрөнгөөр нийтдээ 204 төсөлд хоёр их наяд төгрөгийн санхүүжилт, дэмжлэг  үзүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, авто зам, дэд бүтэц, эрчим хүч, төмөр зам, барилгын материал зэрэг салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаагаас  аравдугаар сарын 29-ний байдлаар 930 тэрбум төгрөгийг зарцуулаад байгаа аж. Улсын хэмжээнд 1800 км авто зам барихад нийтдээ 570 тэрбум  төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээс өнөөдрийн байдлаар 855 км зам, 260 км далангийн ажилд 300 орчим тэрбум төгрөг зарцуулжээ. Харин “Гудамж” төслийн хүрээнд нийслэлийн авто замын 33 уулзварыг шинэчлэхэд 200 орчим сая ам.доллар зарцуулахаас 18 уулзварыг ашиглалтад оруулахад 34 тэрбум төгрөг зарцуулаад байгаа гэсэн. Түүнчлэн дэд бүтцийн салбарт бондын хөрөнгөнөөс 416 тэрбум төгрөг төлөвлөснөөс нийслэлийн 12 байршилд дахин төлөвлөлт хийх, орон сууцыг шугам сүлжээнд холбох ажилд 120 тэрбум төгрөг төсөвлөснөөс одоогоор 70 гаруй тэрбум төгрөгийг зарцуулаад буй аж. Мөн үйлдвэр хөдөө аж ахуйн салбарт ноос, сүү, арьс, оёдлын үйлдвэрийг дэмжих чиглэлээр 270 тэрбум төгрөгийн зээлийг  арилжааны  банкуудаар дамжуулан  олгохоос 44 тэрбум  төгрөг эзэддээ хүрчээ. Тавантолгой-Гашуун сухайтын чиглэлд тавигдах төмөр замын далан барих ажилд одоогоор 216 тэрбум төгрөг гаргасан байна. Энэ ажилд нийт 400 орчим сая ам.доллар шаардлагатай аж. Тавантолгой төсөлд Монголын талаас 50 сая ам.доллар гаргахаас одоогоор 1.6 сая ам.долларыг ашигласан байна. Мөн байшин үйлдвэрлэх комбинатын төслөөр /БҮК/ Үйлдвэр байгуулахад нийт 24 сая ам.доллар шаардлагатайгаас гуравны нэг хувь буюу долоон сая ам.долларын зээл олгожээ. Үйлдвэр ирэх жилийн өдийд ашиглалтад орох нь. Үүний зэрэгцээ орон сууцны барилгыг дэмжихэд 100 сая ам.доллар төлөвлөснөөс 64 тэрбум төгрөгийг Буянт-Ухаа хороолол барихад зарцуулаад байна. Төмөрлөгийн үйлдвэрлэлээ дэмжих чиглэлээр “Бэрэн”, “Мон-Лаа” зэрэг дөрвөн компанийн төслийг  тус тус санхүүжүүлэхэд тодорхой хөрөнгө зарцуулсан буй гэсэн.

Түүний мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь сөрөг хүчний гишүүд асуулт, тодруулга авсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Тлейхан “Монгол Улсыг хөгжүүлэх зорилготой бонд гаргасан. Гэтэл өнөөдөр зээлийн хүү нь 111 тэрбум болчихож. Энэ мөнгөөр өчнөөн цэцэрлэг барина. Төмөр зам, цахилгаан станц барихыг сайшааж байна. Та бүхний хийж байгаа зүйлийг харлуулах зорилго алга. Бондын мөнгийг үр ашигтай зүйлд зарцуулсан гэдгийг яаж нотлох вэ. Дэд бүтцийн төслүүдийг гүйцэтгэгчийг хэрхэн шалгаруулсан бэ. Төсөл авсан компаниуд ямар хэмжээний мөнгө авч, хэрхэн ажилласан гэдгийг ил тод зарлах хэрэгтэй” гэхэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Ойлголтоо нэг болгомоор байна. Есөн чиглэлээр “Чингис” бондын мөнгийг зарцуулж байгааг тодорхой хэллээ. Үр ашиг гэдэг өөр ойлголт. Үеийн үед хэрэглэхээр бүтээн байгуулалт гэдэг нь үр ашиг шүү дээ. Энд танилцуулагдсан есөн төсөл дотор үр ашиггүй нэг ч төсөл байхгүй. Гүйцэтгэлийн хувьд манай шинэчлэлийн Засгийн газар бүх зүйлийг ил тод болгосон. Ямар ч нууц зүйл байхгүй. Хийж байгаа ажил, явц гээд бүх мэдээллийг ил болгосон. Зам хийж байгаа компанийн захирлынх нь утсыг хүртэл илээр бичүүлж байгаа шүү дээ” гэв. Харин УИХ-ын гишүүн Н.Энхболд “Эдийн засгийг тэлэх хоёр зам бий. Эхнийх нь мөнгө хэвлэх, эсвэл бонд гаргах. Гол аюул нь бид ардаа баталгаагүйгээр мөнгө хэвлэж байна. Мөн дээрээс нь бонд гаргаж байна. Ийм нөхцөл байдал биднийг улам хямрааж байна шүү дээ.  Хоёр осолтой зүйлийг зэрэг хийгээд байна шүү дээ. Бонд авахыг бид буруутгаагүй. Бонд аюул биш гээд, алтны нөөц нэмэгдээгүй байхад төгрөг нэмж хэвлээд байгааг чинь юу гэж ойлгох вэ” хэмээхэд Н.Алтанхуяг “Өөрийнхөө бодсоныг өрөөлийг бодсон гэж бүү бод” гэж нэг ухаантны үг бий. Та нарын хэлж байгаа шиг Засгийн газар мөнгө хэвлээд байгаа зүйл байхгүй. Энгийн хүн сонсвол мөнгө хэвлэдэг юм байна гэж ойлгож мэднэ шүү. Бондыг шүүмжлээд байна. Гэтэл таван тэрбумын бонд гарга гэж УИХ баталчихсан шүү дээ. Түүнээс 1.5 тэрбумыг нь гаргалаа. Засгийн газар 3.5 тэрбум арай ихдэнэ гээд ирэх онд 2.1 тэрбумын бонд гаргана гэж төлөвлөсөн” гэв.
0 Сэтгэгдэл
Orgui uls oron gej delhii deer baihgui shuu dee? uls torchood baihaar uragshaa harj alhaachee?
Хамгийн их уншсан