Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрдэс баялгийн салбарт баримтлах төрийн бодлогыг хэлэлцэж эхэллээ
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг  парламентаар хэлэлцэж эхэллээ. Ажлын хэсгийнхэн төсөл дээр ажиллаад УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд оруулж ирсэн юм. Уул уурхайн өнөөгийн нөхцөл байдалтай хэрхэн уялдуулж бодлогоо батлах ёстой вэ гэж ажлын хэсэг дээр нэлээд ярилцсан байна. Тунхаглал шинжтэй зарим нэг заалтыг тодорхой болгон залруулж. Татварын орчинг урт хугацаанд тогтвортой байлгахын тулд хууль эрхзүйн өөрчлөлтийг мэргэжлийнхэн, судлаачид, шинжээчдийг оролцуулан хийх ёстой гэж үзсэн байна. Ингэхийн тулд Эрдэс баял­гийн зөвлөлтэй болох хэрэг­тэйг ажлын хэсгийн гишүүд хэлжээ. Холбогдох хууль эрхзүйг улстөрчид биш мэргэж­лийнхэн боловс­руулдаг байх ёстой онцгой салбар учир бодлогын баримт бичигтээ тусгахаар болсон гэнэ. Төр бизнест хутгалддаг жишгийг эрдэс баялгийн салбараас гаргах нь зөв гэсэн байна. Зөвхөн бүртгэл, зөвшөөрөл, хяналт тавихад төр оролцож, ашигт малтмал эрэх, хайх, олборлоход хязгаарлахыг уг бодлогод тусгажээ.

Энэ салбарын мэргэшсэн шинжээч бэлтгэж, эргээд хариуцлага тооцдог байхаар оруулсан аж. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлоготой Эрдэс баялгийн бодлого уялдаж байгааг салбарын сайд Д.Ганхуяг тодотгон хэлэв. Нүүрс зэсийн баяжмалаа аль боомтоор экспортлох төсөөллөө Уул уурхайн яам 20 жилээр гаргасан гэлээ.

Ийнхүү хэлэлцэхээс хэ­дэн­­тээ хойшлуулж байсан Тө­­­рөөс эрдэс баялгийн сал­барт баримтлах бодлогын баримт бичгийг ажлын хэсэг хэлэлцээд Байнгын хор­оонд оруулж ирсэн нь энэ. Харин УИХ-ын гишүүн Я.Содбаатар 2014 оны төс­вийг баталсны дараа хэлэлцэх санал гар­галаа. Яаран санд­ран батлах биш нухацтай хэлэлцэх ёстой төрийн бодлогын баримт бичиг учир долоо хоногоор хойшлуулъя гэсэн юм. Эдийн засгийн байнгын хорооны хэд хэдэн гишүүн түүний гаргасан горимын саналыг дэмжиж буй гэв. Гэхдээ УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл өөр байр суурьтай байгаагаа хэллээ. Тэрээр ажлын хэсэг тогтоолын төслийг нэлээд чамбай боловсруулж гээд Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг 10 гаруй жилийн өмнөөс ярьж байгаа. Гэтэл өдий болтол батлаагүй байгаа нь буруу. Уул уурхайн салбарыг бусад сектор дагаж явах ёсгүй, хэрэв ингэж явбал Голланд өвчин тусна. Баялгийн санг эрдэс баялгийн бодлогоос тусад нь авч үзэх ёстой гэж хэлээд, тогтоолын төслийг хойшлуулахгүйгээр хэлэлцье гэв.

Ингээд саналыг хураал­гахад тус Байнгын хорооны ги­шүүдийн олонхи нь Төрөөс эр­дэс баялгийн салбарт ба­римтлах бодлогын баримт бичгийг хэлэлцэх шийдвэр гар­галаа. Төслийг УИХ-ын нэгд­сэн чуулганд оруулж, хойш тавилгүй хэлэлцэхээр боллоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан