Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын анхны мянгат тэмээчин Ц.Шинэн Ардчилсан намд элслээ
Монгол Улсын анхны мянгат тэмээчин, тэмээний алдарт уяач Ц.Шинэн өнөөдөр Ардчилсан намд элсэж, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундариас намын батлахаа гардаж авлаа.
Ц.Шинэн гуайн хувьд Баянхонгор аймгийн Баянлиг сумын дөрөвдүгээр багийн малчин бөгөөд өнгөрсөн жилийн мал тооллогоор 1014 тэмээ тоолуулж, Монгол Улсад анхны мянгат тэмээчин болсон аж. Мөн тэмээний алдарт уяач цолыг монголдоо анх удаа хүртсэн юм байна.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, тэмээчин Ц.Шинэнд намын батлах гардуулж өгөхдөө, “Туршлагатай, мал аж ахуйн шилдэг төлөөлөгчид намынхаа батлахыг гардуулж байгаадаа баяртай байна. Ардчилсан нам нэгдлийн аж ахуйгаас Ардын аж ахуйтан хөдөлгөөнийг эхлүүлж, малыг малчдад нь өгч, ард иргэдээ өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй болгох бодлогыг хэрэгжүүлж байсан. Үүний үр дүнд Монгол Улсад анхны мянгат тэмээчин төржээ. Мөн ардын аж ахуйтан хөдөлгөөн өрнөж, малыг малчдад нь өгснөөр хотон дахь мал нь мянгаар тоологдох малчин олон төрсөн байна. Энэ АН-ын эхлүүлсэн ардын аж ахуйтан хөдөлгөөний үр шим юм” хэмээв. Мөн түүнд АН-ын бодлого шийдвэрийг хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байгаагаа энэ үеэр илэрхийлж байлаа.
Тэмээчин Ц.Шинэн, “Хэдийгээр сурч, боловсроогүй ч гэсэн зорилготой амьдаръя гэж боддог юм. Түүний үндсэн дээр тэмээ өсгөх зорилго тавьж 1000 тэмээ тоолууллаа. Ардчилсан нам төр засаг барьснаас хойш малчдын урьд өмнө дуулдаж байгаагүй бодлого шийдвэрийг сонсч эхэлсэн. Энэ нь төр засгийн үйл хэрэг ил тод байгаагийн илрэл болов уу” гэж өгүүлсэн юм.

Ц.Шинэн: Тэмээнээс ноос биш, ноолуур авдаг болохоор зорьж байна

Намын батлахаа гардаж авсны дараа Тэмээчин Ц.Шинэн гуайтай цөөн хором хөөрөлдлөө.


-Сайн явж ирэв үү. Баянлиг суманд сайхан өвөл болж байна уу?

-Манай нутагт сайхан өвөл болж байна. Цас ороогүй, дулаахан байна. Өнгөрсөн зун газрын гарц тийм ч сайнгүй байсан ч намар нь сөл багавтар, дулаахан урт намар болсон.
-Мянга гаруй тэмээ гэж төсөөлсөн чинь их сонин байна л даа. Гурав дөрвөн зуун адуу хараад л сүрддэг юм чинь, мянган тэмээ бүр ч илүү сүртэй байна байх?
-Тэгэлгүй яахав. Тэмээ чинь өөрөө ямар сүртэй, сүрлэг амьтан билээ дээ. Тэгээд мянга гаруй тэмээ гэхээр их л сүртэй байдаг юм.
-Та хэдэн оноос мал маллав. Малын үр шимийг чамгүй л хүртэж яваа байх?
-Би 1975 оноос мал маллаж эхэлсэн. Тэр үед илгээлтээр мал дээр гарч байлаа. Хоёр жил орчим мал маллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс ирээд Худалдаа бэлтгэлийн ангид хэдэн жил ажилласан. Энэ хугацаагаа тооцвол 10 гаруй жил завсарласан гэж бодохоор 1990-ээд оноос л тасралтгүй мал маллаж байна. Ер нь, бүх насаараа мал маллаж байгаа гээд хэлчихэд буруудахгүй дээ. Хүүхэд ахуй нас маань ч мал дагаж өнгөрсөн.
-Тэмээг мянга гаруй болтол нь өсгөнө гэдэг маш их хөдөлмөр байх. Хоёр жилд нэг удаа ботголдог гэхээр олон жилийн хөдөлмөрийн үр шим биз?
-Жил өнжиж төлөлдөг болохоор тэмээ өсгөхөд бусад малтай адилгүй.
-Өнөөдрийн байдлаар хэчнээн тэмээ тоолуулаад байна вэ. Жилд хэчнээн ботго авч байна вэ?
-Өнгөрсөн оны эцэст 1014 тэмээ тоолуулсан. Энэ жил 200-аад ингэ ботголж 1200 орчим тэмээтэй болоод байна. Ер нь, жилдээ 100 гаруй ингэ төллөдөг байсан. Сүүлийн хоёр жилд 200 орчим ингэ ботголдог болоод байна. Тоо олшроод ирэхээр жил ирэх тусам л олон ингэ ботголдог болж дээ. Тэмээний маань тоо толгой өдий хэртэй өссөн ч миний залуу халуун нас ч өнгөрч байх шиг байна.
-Тэмээнийхээ үүлдэр, угсааг сайжруулах тал дээр хэрхэн анхаарч байна вэ. Мянга гаруй тэмээ тоолуулахад олон төрлийн үүлдэрийн тэмээгээр цус сэлбэсэн байж таарах байх?
-Би тэмээг тоонд нь болж өсгөхгүй байгаа. Тэмээг үүлдэр, омог, нутгийн шилмэлээр нь өсгөж байгаа. Ингэхийн тулд Ханын хэцээс гурван буур, Галбын говиос хоёр буур, Говь-Алтай аймгийн Дөхөм тунгалагийн хос зогдортой буурнаас хоёр, нутгийн шилмэл буур, хавтгайн эрлийз буур тавьж цусыг нь холдуулж байна. Ингэснээр бие бялдар нь томорч, тэсвэр тэвчээр нь ч нэмэгдсэн. Цас, салхи шуурганд бээрч, осгох нь ч багассан шүү.
-Цус сэлбээд ирэхээр үр шим нь ч нэмэгдэж байгаа байх. Ер нь, тэмээнээс гарах ашиг шим их биз?
-Үр шим нь нэмэгдэлгүй яахав. Би үр шимийг нь бодож шар, цагаан, ухаа зүсмийн тэмээ түлхүү өсгөж байлаа. Харин ханын хэцийн хүрэн, галбын говийн улаан буур тавиад ирэхээр миний өсгөж байсан зүс алдагдаж байна. Гэхдээ ноолуурлаг чанар нь өсч байна. Тэмээнээс ноос биш, ноолуур авдаг байвал үр тэмээ маань хаданд гартлаа өснө гэж би боддог. Тиймээс ноолуурлаг чанартай тэмээ өсгөхөөр зорьж байна. Эрлийз, цагаан, ухаа шар зүсмийн тэмээний ноос нь нарийн ширхэгтэй, ноолуурлаг байдаг юм. Бүтээгдэхүүн хийсэн ч тэр будаг авч, хөрвөх чанар сайтай байдаг юм билээ.
Тэмээнээс ноос биш ноолуур яагаад авч болохгүй гэж. Нэг үе тоо толгой нь эрс багассан тэмээ маань илүү олон болох болов уу л гэж боддог юм.
-Таныг бас тэмээний алдарт уяач гэсэн. Хэзээнээс эхэлж тэмээний сойлго, уяа таарлав?
-Тэмээчин болсноосоо хойш л аймаг, сумандаа уралдуулдаг байсан. Сүүлийн үед тэмээн поло гэж хөгжсөнөөс хойш бүсийн, улсын чанартай тэмцээнүүд зохиогддог болсон. Үүнд гаргасан амжилтаараа л тэмээний алдарт уяач гэдэг цолыг анх хүртсэн хүн. Миний тэмээ сайн давхидаг. Тийм болоод ч тэрүү тэмээгээр наадах их дуртай. Хурдны чиглэлийн тэмээ ч өсгөж байна.
-Таны тэмээний онцлог нь юу байна вэ?
-Манай Баянхонгор аймгийн тэмээний хувьд Ламын гэгээний жижиг улаан тэмээ гэж ачлага, уналгад сайн. Ийм суурь сайтай тэмээг, бусад төрлийн үүлдэр угсаатай хослуулж байгаа. Монголд тэмээтэй аймаг олон ч гуравхан төрлийн үүлдэр бий. Түүнийг би бүгдийг нь өсгөж байна. Харин саяхан тэмээ судалдаг хүмүүс манай Ламын гэгээний жижиг улаан тэмээг бие даасан үүлдэр бий болгох талаар ажиллаж байна. Тэр судлаачид манай тэмээг үзчихээд, “Таны тэмээ жин сайтай байна. Бусад тэмээтэй харьцуулахад гойд юм. Ботго жигнээд үзэхэд 250 кг хүрсэн нь сонирхлыг ихэд татаж байна” гэсэн. Хэрэв үүнийг бие даасан үүлдэр гэж бүртгэвэл Монголын тэмээний дөрөвдэх үүлдэр угсаа нь Баянхонгор аймгийн Баянлиг сумаас төрөх бүрэн боломжтой.
-Төр засгийн бодлого шийдвэр малчдад хэр нийцтэй байна. Малчны хотод төрийн бодлого хүрч чадаж байна уу?
-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш ард түмний, малчдын сонсч байгаагүй зүйлүүд ил тод болж байна. Малчны хотонд ч бодлого шийдвэр нь хүрэх нь ч хүрч л байна. Тухайлбал, малчдад мэргэжлийн үнэмлэх, энгэрийн тэмдэг гардууллаа.
Энэ мэтээр малчдад хүрч байгаа зүйл байгаа ч хүрэхгүй зүйл бас бий. Гэхдээ өмнөх жилүүдтэй харьцуулахад арай өөр болж байна. Сайн, сайхан зүйл бий болоход цаг хугацаа шаардагдах биз.
0 Сэтгэгдэл
Намд элсүүлж дүнхүүрүүлээд л, энэ хүнийг мөн ч сүйдэлж байна даа. Намаар юу хийнэ ээ, тэмээнээс нь цохиж хандив авах гэж улайрч байна.
namd elsdeg chini byryy bna daa?naadyyl chini tanii tarhiig ergyyleh byzar argatai ludnuud dee!heden temeen deeree salhi tatyylaad l yabsan bol enyynees iluu aldariig ayandaa olno doo?tand ene nam yamarch hereggyi ee!
Хамгийн их уншсан