Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

В.Удвал: даанч санаанд хүрсэнгүй

“Эмэгтэй удирдагч сан” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга В.Удвалтай ярилцлаа.

-Саяхан болсон МАН-ын XXVII Их хурлаас улбаалж ярилцлагаа эхлүүлье гэж бодлоо. Яагаад гэвэл та болон таны үеийн Ардын намын зарим эмэгтэй лидер энэ хуралд харагдсангүй ээ. Төлөөлөгчөөр сонгогдох боломж байсангүй юу, эсвэл та энэ удаагийн Их хуралд оролцохгүй гэж шийдэв үү?
-Манай намын XXVII Их хурал хуралдах товыг өнгөрсөн наймдугаар сард Бага хурлаараа  гаргасан. Их хуралд сонгогдох төлөөлөгчдийг хэрхэн сонгох вэ, ямар асуудал хэлэлцэх вэ гээд олон зүйл тэр Бага хурлаар хэлэлцсэн л дээ. Тухайн үед Их хуралд оролцъё гэж бодож байсан юм. Манай намын үүрийн гишүүд ч гэсэн таныг Их хурлын төлөөлөгчөөр сонгоё гэж саналаа хэлж байсан. Яг тухайн нөхцөл байдлаас болоод төлөөлөгч сонгох хуралд оролцож чадаагүй. Ер нь, илэрхий өөр хүн сонгогдох боломжтой болчихоор нь тэр хуралд оролцоогүй.

-Төлөөлөгч сонгох намын үүрийн хуралд орохоос та өөрөө татгалзчихаж байгаа юм уу. Б.Долгор, Г.Идэрмаа, та гээд хэдэн эмэгтэй энэ хуралд төлөөлөгчөөр оролцоогүй шүү дээ. Тэд ч гэсэн тань шиг бодолтой байсан юм биш биз дээ?
-Үгүй л байхаа даа. Тухайн нөхцөл нь нэг тиймэрхүү байсан юм аа. Яасан бэ гэхээр тэр хуралд оролцлоо ч гэсэн гарч ирэхгүй тохироо нь эрт бүрдчихсэн байсан. Тийм учраас бусдыг хэцүү байдалд оруулаад яахав гээд тухайн сонгуульд нь оролцоогүй л дээ.

-Аль дүүргийн үүр юм бэ?
-Хан-Уул дүүргийн 78 дугаар үүр.

-Хурал аль хэдийнэ ойлгомжтой шийдвэр гаргахаар байсан болж таарав уу?
-Яахав, товлосон өдрөө болоогүй. Урьд өдөр нь нэг арга хэмжээний дараа хурал болсон.

-Маш их хүлээлт дагуулсан Их хурал болсон. Гэхдээ та энэ Их хурлыг тэртээ тэргүй ойлгомжтой шийдвэр гаргах байсан гэдэг талаас нь харав уу. Эсвэл?
-Олон ялагдлын дараа нам өөртөө дүгнэлт хийх ёстой. Бодлого, удирдлагууд шинэчлэгдэх ёстой гэдэгт намын бүх гишүүн санал нэгтэй байсан гэж боддог.
Цаашдаа МАН Монгол Улсын тусгаар тогтнол, ирээдүйн хөгжлийн гол хөтөч нь байх ёстой гэдэг нэгдмэл байр суурьтай байдаг. Нам улам боловсронгуй болж, дараагийн сонгуулийн бэлтгэлийг сайн хийгээсэй гэж хүссэн. Тэр үүднээсээ Их хурал маш их хүлээлт үүсгэсэн шүү дээ. Их хурал яахав өөрийнхөө зорилгыг биелүүлсэн байх л гэж бодож байна. Шинэчлэгдээд залуучууд удирдлагад гарч ирлээ. Миний хувьд залуу байхдаа ажлыг бүр багаас нь эхэлж хийж,  дээш ахисан. Тиймээс бид юу хүнд хэцүү, бэрхшээлтэй, яаж зөв хийх, юунд алдаа гаргав гэж дэнсэлдэг байсан. Ийм бодол, санаа манай залуучуудад байна уу, үгүй юү гэдэгт үнэндээ эргэлздэг. Залуучууд гарч ирэх нь сайн. Гэхдээ настай мөртлөө залуучуудаас илүү сэтгээд ажиллаж байгаа олон хүнийг мэднэ. Алдаа гаргачих юм бол дахиад засч болохгүй шүү дээ. Залгамж холбоо гэж ярьдаг ч чухам ямар байх ёстой юм. Энэ шинэ гарсан залуучуудыг хийж чадна гэж бодож байна. Гэхдээ хамгийн гол нь ажил хийхийн төлөө л байх ёстой. Амбиц байгаад энэ хүртэл яваад ирсэн бол ажлаа хийх л хэрэгтэй. Ажил хийхэд нь дэмжлэг үзүүлэх л хэрэгтэй. Хэн нэгэн ажилд нь хаалт хийгээд суугаад байж болохгүй. Заавал дотор нь оролцох гээд энэ хүмүүсийн ажилд саад болохгүй байх юмсан л гэж бодсон. Тэр үүднээсээ зай барьсан тал бол надад бий. Намын ажил гэдэг хүнтэй тулж ажилладаг ажил. Орчин үеийн залуучдын нэг хэсэг нь аливааг худалдаад авчихна гэж ойлгоод байдаг. Уучлаарай, тийм юм байхгүй шүү. Намын ажлыг залуучууд хийгээд үзэг, ажиллаад нам маань сайхан сэргээд ирвэл сайн л байна.

-Удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн даргаар ажиллахаар болсон хоёр шинэ, залуу эмэгтэйг янз бүрээр хүлээж авч байна. Туршлагагүйгээс гадна нэг нь гэхэд Их хурлын индэр дээрээс үг хэлж чадахгүй, буруу зөрүү ярилаа. Нөгөө нь Ерөнхийлөгчийн сонгуулиар эсрэг намд ажилласан гээд л шүүмжлэл их гарлаа. Та хувьдаа яаж хүлээж авав?
-Нийгэмд янз бүрийн бодол санаа явж байна. Бид ч гэсэн залуу байсан. Биднийг гарч ирэхэд ч гэсэн тухайн үед хүмүүс ингэж харж байсан байж болох. Би ч гэсэн хорин хэдхэн настайдаа хэлтсийн дарга болж байлаа. Тэгэхээр гэнэт гараад ирж байгаа нь хүмүүсийг цочирдуулсан байж магадгүй. Энэ том, тулхтай намын ажил гэдэг чинь чухал зүйл гэдэг талаас нь боддог биз. Гуч гаруйхан настайдаа намын үүрийн ажил дунд буцалж, нарийн бичгийн даргад бэлтгэгдэж л явлаа. Гэтэл одоо бидний үеийнх шиг хүмүүс нь буцалсан ажилд орж өгөхгүй байгаа болохоор л өөрөөр хараад байгаа юм. Сэтгэлээ чилээж, ядарч, зүтгэж явж байж өдий зэрэгт хүрсэн хүмүүсийн хувьд тэгж буцалсан ажилдаа орж өгөхгүй байхаар сэтгэл дундуур яваа юм болов уу. Энэ их итгэл, найдварыг биелүүлэх л ёстой.

-Намын шинэ удирдлагын багт багтсан хоёр эмэгтэйтэй өмнө нь хамтарч ажиллаж байв уу. Хэр сайн мэдэх вэ?
-Хуралд оролцоогүй учраас мэдээллийг сайтаас ч юм уу, сонин хэвлэлээс л авлаа. Удирдах зөвлөлд орсон Анужин бол нэвтрүүлгээрээ нэлээн танигдсан. Намын ажлыг хоёргүй сэтгэлээр хийгээсэй гэж бодож байна. Нарийн бичгийн дарга болсон Булгантуяаг нэлээн өндөр боловсролтой гэдэг. Залуучуудын байгууллагаар ажлаад намын дүр төрх суусан байх гэж найдаж байгаа. Манай Хан-Уул дүүргийн НАМЭХ-ны дарга Оюунбилэг Удирдах зөвлөлд орсон байна билээ. Ер нь, эмэгтэй хүн улс төрд орно гэдэг хүнд ачаа. Гэр бүлийн асуудлууд, өөрийн мэргэжлийн ажил, намын ажил, улс төрийн олон үйл ажиллагаанд оролцоно гэдэг эмэгтэй хүнээс маш их хүч чадал, сэтгэлзүйн бэлтгэл шаарддаг. Энэ бүхнийг давж гарсан хүний хувьд залуучууд маань олон бэрхшээлээс битгий ухраасай гэж бодож байна. Намын ажлаа хаяад Удирдах зөвлөлийн гишүүн наймаа хийгээд явчихвал хэцүү шүү дээ.

-Наймаа хийх ээ?
-Сая надад нэг хүн ярьж байна. Удирдах зөвлөлийн чинь нэг гишүүн дараагийнхаа сонгуульд бэлтгээд наймаа хийгээд явж байна гэлээ. Мэдэхгүй, юу болох юм. Бидэнд бол зав чөлөө гэж байгаагүй. Бид чинь амьдрал ахуйгаа хаяад л улс төрд явсан.

-Ажил хийхээсээ илүү өөрийгөө л харуулах гэж нам руу хошуурцгааж байна ч гэдэг?
-Хүмүүст харин тийм ойлголт байх шиг байгаа юм. Залуучуудыг маань тэр өнцгөөс нь битгий хараасай. Тэгж явах юм бол л буруудна шүү дээ. Өөрийнхөө араас олон хүнийг дагуулж чадах нь чухал. Мөнгөтэй байна уу, мөнгөгүй байна уу хамаагүй шүү дээ. Буруу үйл хийж болохгүй, сайхнаар харуулж чадахгүй л юм бол хэнд ч хүндлэгдэхгүй.

-XXVII Их хурлаар бүрдсэн МАН-ын шинэ удирдлагын багт та сэтгэл хангалуун байж чадах уу?
-Үнэнээ хэлэхэд миний бодол, төсөөлөл өөр байсан. Жинхэнэ намыг авч явах хүмүүс гарч ирээсэй гэж мөрөөдөж байсан юм. Даанч санаанд хүрсэнгүй. Нэгэнт баг бүрдсэн л бол сайн ажиллах хэрэгтэй дээ. Тулхтай нам гэдэг нэр томъёонд нь дүйцүүлж ажиллаасай гэж бодож байна.

-Шинэчлэл гэдгийг нэг өнцгөөс залуу хүмүүс удирдлагадаа олноор нь оруулж ирэх гэж ойлгоод байх шиг. Тийм нүд хуурсан шинэчлэл болчихоогүй байгаа даа?
-Амбиц хөөсөн туршлагагүй, мэдлэггүй хүмүүс аваачвал нам хүнд байдалд орно. Итгэл хүлээлгээд хийх ёстой, чадна гээд зүтгэвэл залуучууд хийх байх. Энэ нам бол хөрснөөс арчигдах ёстой биш харин ч Монголын ард түмний туслагч, хөтлөгч нь байх юм бол нэлээн хол явна даа. Намын явах зам нь битгий богинохон байгаасай гэж бодож санаа бодлоо чилээж явна даа. Манай ерөнхий нарийн бичгийн дарга айхтар үг хэлсэн байсан шүү. “Намыг хаяад явсан хүмүүс” гэж. Ямар хүмүүс нь хаяж явж байгаа харагддаг юм бол. Ямар нь шахагдаж байгаа юм гэдгийг зөв өнцгөөс нь хараасай. Үнэхээр л шахаж байна шүү дээ.

-Шахаж байгааг та өөр дээрээ мэдэрсэн хэрэг үү?
-Миний хийж байсан ажлууд, хуримтлуулсан туршлага, ажиллах боломж бүхнийг тооцоолоод үзэхээр улс төрийн амьдралаас тийм эрт холдох ёсгүй гэж боддог. Улс төрийн амьдралд оролцох үүрэгтэй гэж боддог шүү. Яахав, нам дээр хааяа очдог юм. Тэгэхээр таних хүн нэг ч байхгүй. Таньдаг нь танихгүй юм шиг хараад л, ажилд нь оролцъё гэхээр юу хийж байгаа нь мэдэгдэхгүй. Уг нь, улс төрийн амьдралд оролцогчийнхоо хувьд хаана юу болж байна гээд л явж байдаг юм. Монгол Улс өөрийнхөө хөрөнгөөр намайг бэлтгэсэн. Монгол Улсын хөрөнгөөр боловсрол эзэмшиж, энэ хэмжээнд хүрсэн. Надад байгаа бүхнийг эх орныхоо хөгжилд зориулахад яагаад саад хийх ёстой гэж. Одоо бол төрийн бус байгууллагын шугамаар төрийн ажил хийгээд явж байгаадаа баяртай байна.

-Улс төрийн карьер дуусах болоогүй гэлээ. Дараагийн сонгуулиар бодсон юм байна уу?
-Өмнө нь танай сонинд ярилцлага өгөхдөө сонгуульд нэр дэвшье гээд хэлчихсэн чинь дараа нь намайг няцаах бодлого тууштай явчихсан. Тийм болохоор нэр дэвшье гэж бодохгүй байна. Нийгэмд бол өөрийнхөө оролцож чадах бүх салбарт төрийн бус байгууллагынхаа, иргэний нийгмийн шугамаараа хийх ёстойгоо гүйцэтгээд явж чадна.

-МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбоо дотроо нэг л эв түнжин муутай юм шиг харагддаг. Миний бодлоор шүү дээ. НАМЭХ ер нь ямархуу ажиллаж байна вэ?
-Ер нь эмэгтэйчүүдийн байгууллага хүмүүстээ хүрч, дунд нь орж ажиллах ёстой. Хувь хүнийхээ хувьд Удвал хэн бэ гэхээр Монголын шинэхэн үеийн түүхэнд жендерийн асуудлаар өөрийн гэсэн мөртэй, хувь нэмэр оруулсан, өөрийн гэсэн замтай. Тийм болохоор эмэгтэйчүүдийн байгууллагыг битгий муу байгаасай, шүүмжлэлд бага өртөөсэй гэж хүсдэг юм. Гэтэл хүмүүс янз бүрээр ойлгож, ярьж байна л даа. Би ер нь хурц зөрчилд орох дургүй. Эмэгтэйчүүдийн байгууллага гэдэг нэг хэсгийн төлөө биш, намын дэмжигчид, гишүүд гээд олон хүнд хүрэх ёстой юм. Ажилд нь оролцох юмсан, дэмжих юмсан гэж бодоод л явж байна.

-Танд тэр ажилд нь оролцох боломж байх юм уу?
-Байлгүй яахав.

-МАН-ын Их хуралд эмэгтэйчүүдийн оролцоо үнэхээр бага байлаа гэж харамсч байсан хэд хэдэн хүнтэй уулзсан л даа. Эрчүүдээр хөтлүүлээд л Их хуралд оролцлоо гэж байна. Тэгэхээр л нөгөө жендерийн асуудал яригдах нь. Дүрмэндээ тусгасан тогтоож өгсөн квот, оролцоог энэ удаагийн хуралд хангаж өгсөнгүй юу даа?
-Намын дүрмэнд 25 хувийн квотыг анх хийхэд гар бие оролцсон. Тэр үед Алтай дарга байсан л даа. Нэг өнгийн алчуур зангидаад санаа бодлоо намын хамт олондоо хэлж байж намын дүрмэнд оруулж байсан юм. Хэрвээ хүмүүс санаж байгаа бол намын XXV Их хурал дээр дүрмийн шинэчлэлээр эмэгтэйчүүдийн квотгүй орж ирсэн. Тэгэхэд Их хурлын тэргүүлэгч байсан болохоороо намын даргад эмэгтэйчүүдийн 25 хувийн квот заавал тусах ёстой гэж хэлж байж оруулсан. Шат шатандаа энэ 25 хувийг барих ёстой. XXVII Их хуралд эмэгтэйчүүдийн оролцоо бага байсан юм болов уу. Сая бол квотдоо хүрэхгүй таван эмэгтэйг дэвшүүлсэн ч тэд орж чадаагүй гэж сонссон. Бид тухайн үед эмэгтэйчүүдийн нэрийг тод хараар бичээд хасч болохгүй, квотоор орсон хүмүүс гээд хасуулаагүй авч үлдэж байлаа. Гол нь яаж ч хэрэгжүүлж болно. Харин энэ удаагийн Их хурлаар энэ нь алдагдсан юм болов уу гэж хараад харамсч л байлаа.

-Эмэгтэйчүүдийн нэгдэл гэхээс гадна шахах бодлого цаагуураа хүчтэй байдаг юм шиг. Д.Арвин гишүүнийг бол шахагдаад МАН-аас гарлаа гэж ойлгосон. Магадгүй таны үеийнхэн, эмэгтэй лидерүүдээ шахаад бүүр нөгөө тал руу нь түлхчих юм биш байгаа?
-Шахагдаж байна гэж бас битгий ойлгоорой /инээв/. Ер нь, зориудаар ингээд хэлчихлээ. Тийм юм бол байдаг. Хүчирхийлэл гэж ярьдаг даа. Гэтэл энэ хүчирхийлэл чинь улс төр дотор байна аа. Эмэгтэйчүүдийг улс төрд хүчирхийлж байна шүү гэж байнга хэлдэг юм. Эрчүүдэд ингэж хэлэхээр дандаа уурладаг. Тэгэхээр тэр хүчирхийлэл гэдэг нь эмэгтэй хүмүүсийг улс төрөөс зайлуулах бодлого байхгүй юу. Манай эрчүүд ямагт эмэгтэйчүүдийг улс төрөөс холдуулах бодлого барьж ирсэн. Энэ бүхнийг даван туулах гэж өнөөдрийг хүртэл би улс төрийн тогооноос салахгүй зууралдаж байна. Миний дараагийн үеийн эмэгтэйчүүд тэр 25 хувийн квоттойгоо үлдээсэй. Зөвхөн би УИХ-ын гишүүн байх гэж бусад эмэгтэйчүүдийн замыг хааж болохгүй шүү дээ. Тэр талаас нь эмэгтэйчүүдийнхээ төлөө тэмцэлд босч чадна.

-Жендерийн бодлогыг яаж барих ёстой юм бол. Яриад л байдаг мөртлөө жендерийн асуудал байсан хэвээрээ?
-Жендерийн эрх тэгш байдлын тухай хуулийг УИХ-аар батлагдах үед ажлын хэсэгт дэд сайдын хувьд орж ажилласан. Долгор дарга ЗГХЭГ-ын дарга байхдаа өргөн бариад явсаар байгаад ямар ч байсан батлуулсан нь сайн хэрэг. Олон парламент дамжсан хууль биднийг ажиллаж байх үед батлагдсанд баярлаж явдаг. Бидний зорьж байсан зүйлийн нэг нь энэ Жендерийн эрх тэгш байдлын тухай хууль. Зөвхөн эмэгтэйчүүдийн тухай хууль биш хүйсийн тэгш эрхийн тухай юм шүү дээ. Тэр үүднээс харьцааг зөв болгох бодлогыг барьж, боловсруулсан. Улс төрийн дээд төвшиндөө жендерийн харьцаа алдагдсан. Бусад салбарт гэвэл нэг үеэ бодвол харьцангуй гайгүй болсон л доо. Хууль гарснаас хойш дэд сайд нар, Төрийн нарийн бичгийн дарга нарын 15 хувь нь ч гэдэг юм уу харьцаануудаа бариад л яваа. Алгуураар харьцаагаа бүх салбарт барих ёстой. Орон нутагт байдал харьцангуй боломжийн байгаа. Ер нь төрд ажиллаж байгаа эмэгтэйчүүд хүнд ачаа үүрдэг юм. Их хурлын өмнө 20 хувийн квотын хувьд манай нам ямар бодлого барьсан бэ гэдэг улс төрийн дүгнэлтийг илтгэлд оруулж өгөөч гэж удирдлагуудад хандсан. Дэвшүүлсэн мөртлөө нэр хэмээдгээ болих хэрэгтэй гэсэн утгатайгаар хэлсэн юм. Жишээлбэл, УИХ-ын сонгуулиар би намын жагсаалтын 20-т бичигдсэн. Эмэгтэйчүүдийг  жагсаалтын хойноос эхлэн урагш дугаарлана гэдэг эрчүүдийн хувьд ичгэвтэр байхгүй юу. Манай эрчүүдийн бодлоор л энэ шүү дээ.

-Танай нам сонгуулийн жагсаалтдаа харин эмэгтэйчүүдээ хамгийн хойно жагсаасан байсныг санаж байна
-Намын жагсаалтын 11-ээс хойш эмэгтэйчүүдээ жагсаасан шүү дээ. Хэрвээ нэр дэвшүүлье гэвэл эхний 10 дотроо гурван эмэгтэй багтаах ёстой. Тэгж багтааж чадсан намууд эмэгтэйчүүдээ УИХ-д оруулж чадсан. Тулхтай намын хувьд бид ичгэвтэр л байгаа юм. Парламентад нэг л эмэгтэй хүн орсон. Сүүлд нэг нь гарч байж дараагийн эмэгтэй нь орж байх жишээтэй. Хүмүүс нөгөө бодлого чинь хаана явна аа гээд асууж байна шүү дээ. Тэгэхээр нэр хэмээдэг байдлаа болиоч ээ гэж байгаа юм. Дүр эсгэсэн ардчилал гээд яриад байгаа шиг нэр хэмээсэн жендерийн бодлого манай намд хэрэггүй ээ. Эрчүүдийн давамгай байдал чинь эрхзүйн хувьд өөр болчихоод байна. Гол нь амьдрал дээр хэрэгжүүлэх ёстой. Дэлхийн бусад квоттой орнуудад цахилгаан товчны зарчим үйлчилдэг. Нэг эмэгтэй, нэг эрэгтэй, эсвэл хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй гээд сөөлждөг. Энэ болгоны хажуугаар олон дахин өнгөрч болохгүй ээ л гэж хэлмээр байна.

-Ямар нэг улс төрийн хүчин, нам хамаарахгүй эмэгтэй улстөрчид нэг хэсэг нэгдэж байсан ингэхэд юу болсон бэ?
-Алтай дарга, Дэлгэрмаа дарга гээд ямар нэг нам хамаарахгүй манай эмэгтэйчүүд нэгдэж “Их тэнгэрийн тунхаг” гэж гаргасан шүү дээ. Өнгөрсөн хавар Ерөнхийлөгч УИХ-ын эмэгтэй гишүүд, төрийн бус байгууллагын эмэгтэйчүүдтэй  өглөөний цай ууж уулзаж, ярилцсан. Манай “Эмэгтэй удирдагч сан”  УИХ-ын гишүүдийн эхнэрүүдтэй хамтарч уулзалт зохион байгуулдаг уламжлалт ажлаа энэ жил хийсэн л дээ. Уг нь нам намын эмэгтэйчүүдийн маань хооронд маш сайхан харилцаа бий. Олон жил эмэгтэйчүүдийн хөдөлгөөнд оролцож, эмэгтэйчүүдийнхээ эрхийн төлөө ажиллаж байна. Миний хувьд тэдэнтэйгээ уулзаад ойлголцоод ажилладаг. Төрийн бус байгууллагынхаа шугамаар хийж байгаа ажилд ч гэсэн намын ялгаа хамаарахгүй хамтарч чаддаг.

-Парламентад эмэгтэй гишүүдийн тоо харьцангуй олон болж, оролцоо нь нэмэгдсэн ч гэсэн хангалттай ажиллаж чадахгүй байна гэсэн шүүмжлэл бий. Эмэгтэй гишүүдийн санаачилж, хийх ёстой ажлууд эрчүүдээс гарч байна гэдэг?
-Өнөөдөр УИХ-ын гишүүн болсон эмэгтэйчүүдийн анхаарах ёстой зүйл бол нийгмийн чиглэлийн асуудал. Гэр бүл хүүхэд, эмэгтэйчүүд, нийгмийн хамгаалал, ажил хөдөлмөр эрхлэлт, тэтгэвэр тэтгэмж гээд маш олон асуудал нийгэмд шийдлээ хүлээж байна. Хүүхдүүд цэцэрлэггүй байна гэдэг. Тэгвэл энэ олон хэрэггүй баар савыг цэцэрлэг болгон ашиглах боломж байгаа шүү дээ. Эргэн тойронд олон асуудал байгаа учраас зүгээр суугаад байж чадахгүй нь. Үнэндээ надад хамаагүй гээд ачаа хараад гэртээ сууж болох ч би хувьдаа тэгж чадахгүй. Сайн бодлогын үр дүнд шийдчих асуудлууд олон байна. Муу бодлого явуулаад байна шүү дээ. Санаачлаад хамтраад хийе гэж аль аль талаасаа л яриад байгаа юм. Дараагийн УИХ-д хэдэн эмэгтэй гишүүнтэй байх вэ гэдэг одоогийн парламентын эмэгтэйчүүд хэрхэн ажиллахаас хамаарна. Тэд ч гэсэн нийгэмд чиглэсэн зүйлд анхаарч ажиллах байх гэж найдаж байна.   
0 Сэтгэгдэл
ийм чадвартай хүүхнүүд Оюунхоролыг байхад хэзээ ч өөдлөхгүй. МАН Оюунхоролоос салж байж Их хуралд олон эмэгтэйтэй болно
Хамгийн их уншсан