Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Элбэгдорж: Цөмийн хаягдал булшлахгүй гэсэн Монгол Улсын байр суурь хэвээр

Үе үе Монголд цөмийн хаягдал булшлах гэж байна гэсэн мэдээлэл түгдэг. Ээлжит сенсаац энэ долоо хоногт гарч, үүнд нь албаны хүмүүс няцаалт өгч, мэдэгдэл хийгээд байна. Цөмийн хаягдлын талаар хэн юу гэж байр сууриа илэрхийлснийг хүргэе.

Дэлхийн цөмийн хаягдлын тухай Японы нэгэн нэвтрүүлэгт Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат нэгэн ярилцлага өгсөн байна. Тэрээр “Монголын хувьд улс төр, эдийн засгийн хувьд ч ашигтай бизнес болно гэж ойлгож байгаа. Цөмийн хаягдал гэж хэлмээргүй байна. Ашиглагдсан цөмийн түлшийг дахин боловсруулдаг үйлдвэртэй болчих юм бол энэ шат руу ороход Монгол Улс ерөөсөө дургүйцээд байх зүйлгүй” гэжээ. Үүнээс үүдэж олон нийтийн дунд Монголд цөмийн хаягдал булшлах, боловсруулах нууц гэрээ хэлцэл хийсэн байж болзошгүй гэсэн хардлага үүссэн.
 Мөн нэр бүхий хүмүүсийг цөмийн хаягдал булшлах гэрээ хийсэн, Францын “Арева“-тай тохиролцсон зэргээр мэдээлэл цацаад байгаа билээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өмнө нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурал дээр Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмийн хаягдал булшлах асуудал байхгүй гэж мэдэгдэж байсан билээ. Тиймээс ч тэрээр тэр талаар яригдаж эхэлсэнд твиттер хуудсаараа хариулт өгсөн юм. Ерөнхийлөгч "Цөмийн хаягдал булшлахгүй гэсэн Монгол Улсын байр суурь хэвээр байгаа. Ийм яриа цуурхал Монгол Улсын бодлого биш гэдгийг дахин нотолж байна" гэж бичсэн.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Япон улсад хийсэн айлчлалтай уг асуудлыг холбон тайлбарлаж, буруу мэдээлэл түгээж байна гэлээ. Засгийн газар цөмийн хаягдлын талаар яригдсан эсэхэд ийм тайлбар хийсэн. "Японоос цөмийн хаягдал оруулж ирж булах гэж байна гэж зарим улс төрийн нам, олон нийтийн байгууллагаас мэдэгдэл хийлээ. Энэ мэдэгдлээрээ Ерөнхий сайд Япон улсад айлчлахдаа тус улсын цөмийн хаягдлыг Монголд булшлахаар тохиролцсон, Гадаад харилцааны сайд уран олборлох гэрээг Франц улстай хийсэн гэхчлэн ярьжээ. Монгол Улс бол цөмийн энерги, уран олборлолтын талаар бодлогоо тодорхойлсон орон. Японоос цөмийн хаягдал оруулж ирж булах ямар ч үйл ажиллагаа хийгдээгүй, цаашдаа ч хийхгүй гэдгээ Шинэчлэлийн Засгийн газар хариуцлагатайгаар мэдэгдэж байна" хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Харин өчигдөр Гадаад харилцааны сайд Л.Болд энэ мэдээллийн талаар тайлбар өгсөн байна. Тэрээр Францын талтай дипломат паспорт эзэмшигчдийн визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хоёр талын хэлэлцээрт гарын үсэг зурсан аж. Мөн цемийн эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс Францын "Арева" компанитай Монголын төрийн емчийн "МонАтом" хамтарсан компани байгуулах тухай гэрээг тус компаниудын хооронд байгуулсан юм байна. Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлоготой уг хамтын ажиллагааг нийцэх ёстой гэж манай тал мэдэгдсэн хэмээн Л.Болд сайдын зөвлөх мэдээлэл өгөв.

Тэгвэл дэд сайд О.Чулуунбатын Японы нэвтрүүлэгт хэлсэн үг яриа нь бүтнээрээ биш дундаасаа тасарч орж ирсэн учраас яг үнэхээр манай улсад цөмийн хаягдал булшлах талаар байв уу гэдэг нь эргэлзээтэй болж байгаа юм. Хэд хэдэн албан тушаалтан албан ёсоор үүнийг үгүйсгэсэн учир гэрээ үнэхээр хийсэн үү гэдэг баримт гаргаж ирэхгүй л бол дахин батлагдаж чадахгүй сенсаац хэвээрээ үлдэх нь.
0 Сэтгэгдэл
gehdee l Mongol ulsad chin hun amidarch bgaa shuu dee yu yriad bgaa humuus we eswel il garch ireed heleech bugdiig ni uran olborloj ehellee gazriin hors ruu uranii haygdiig shalhaa ene ter geed Amid amidarhad ymar ih daramt we
Хамгийн их уншсан